Эдийн засгаа сайжруулахад “Эрдэнэс Тавантолгой” компанийн оролцоог өсгөнө гэв

  • 0
  • 126
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг өнгөрсөн баасан гарагт цахимаар зохион байгуулжээ. Уг хурлаар компанийн үйл ажиллагааны талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт, ногдол ашиг хуваарилахгүй талаарх шийдвэр болон компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцжээ. Тус компани 2020 онд 15.5 сая тонн нүүрс борлуулж, олборлолтын төлөвлөгөөгөө 100, борлуулалтынхыг 111 хувиар биелүүлсэн. Нийт 1.67 их наяд төгрөгийн орлого олж, 149.4 тэрбумын цэвэр ашигтай ажилласан бөгөөд төсөвт 490.1 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн байна.

Түүнчлэн Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төсөлд болон Нийслэлийн утааг бууруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг "Тавантолгой түлш” компанид үе шаттайгаар шилжүүлснийг хурлын үеэр тэмдэглэв. Цаашид компанийг хөгжүүлэх дунд хугацааны бизнес төлөвлөгөөг боловсруулан батлуулсан бөгөөд иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг үнэ цэнтэй болгох, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч, олон улсын нүүрсний зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулахад нөлөө үзүүлэхүйц дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг эрчимжүүлж, Засгийн газраас баталсан "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд компанийн оролцоог өсгөнө гэлээ. Үүний тулд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татан, томоохон төслүүдийг санхүүжүүлэх нөөц бүрдүүлэх төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлж эхэлснээ дурдав.

Эх сурвалж : Unuudur.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх