Монгол улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяаг хөнөөсөн хэрэгт цаазын ял сонссон Азила Хадри энэ хэргийг ерөнхий сайд асан Нажиб Разакийн даалгавраар үйлдсэн гэж мэдүүлсэн тухай straitstimes мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Малайзийн Ерөнхий сайд асан Нажиб Разак болон түүний ойрын хамсаатан Абдул Разак Багинда нар 2006 онд Ш.Алтантуяаг хөнөөхийг тушаасан гэж Азила Хадри мэдүүлсэн байна.
Аравдугаар сарын 17-нд өгч, өчигдөр Malaysiakini мэдээллийн сайтын нийтэлсэн Азилагийн албан ёсны мэдүүлэгт Азила болон түүний хамтрагч Сирул Азар Умар нар Монголын иргэнийг тушаал авсныхаа дараа хөнөөсөн гэж дурджээ.
Азила, Сирул нар нь цагдаагийн тусгай хэлтэст ажиллаж байсан бөгөөд энэ байгууллага нь ерөнхий сайдын хамгаалалтыг мөн хариуцдаг байсан гэнэ.
Хүний амь хөнөөсөн хэргээр 2009 онд буруутгагдан, Сирулын хамт дүүжлэн алах ял авсан Азила Ш.Алтантуяаг гадаадын тагнуул”, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн” тул баривчлан, хөнөөх” тушаалыг Нажиб өгсөн гэж өгүүлсэн байна.
Тушаал авсныхаа дараа тодруулан асуухад буудаж ал” гэж хэлээд хоолойг нь хэрчиж байгааг дүрслэн харуулсан гэж Азила өгүүлжээ.
Мөн бүх ул мөрийг устгахын тулд цогцосыг дэлбэлэхийг тушаасны дээр хохирогч эмэгтэй өөрийгөө жирэмсэн гэж хэлж болзошгүй тул тагнуултай харьцахдаа анхааралтай байхыг Нажиб сануулсан гэнэ.
Харин энэ мэдээлэл гарсны дараа ерөнхий сайд асан Нажиб мэдүүлгийг санаанаасаа зохиосон хэрэг”, олон нийтийн анхаарлыг татах гэсэн оролдлого хэмээсэн байна. Дүүжлүүрээс зайлсхийх гэсэн аргаа барсан хүний санаанаасаа зохиосон үг” хэмээн тэрбээр мэдэгджээ.
Энд дуулгахад, Монгол улсын иргэн Ш.Алтантуяаг 2006 оны 10 дугаар сарын 19-нд хөнөөсөн цагдаагийн офицерүүдэд 2009 онд цаазын ял оноож байлаа. Иргэн Ш.Алтантуяа хамгийн сүүлд 2006 оны 10 дугаар сарын 19-нд Абдул Разакийн гэрийн ойролцоо харагдсан бөгөөд түүнийг машинаар авч явжээ. Улмаар эмэгтэйг Селангорын ойд тэсрэх бодисоор дэлбэлэн хөнөөсөн нь тогтоогдсон юм.
Энэ хэрэгт Абдул Разакийг холбогдуулан шүүж байсан ч 2008 онд түүнийг Дээд шүүх цагаатгасан байна.