Сонгууль 2020: Өдөр тутмын сониноор дамжуулан амлалт өгөхийн учир

  • 0
  • 115
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Ирэх сонгууль ямар “дүрэм”-ээр явах нь удахгүй хэлэлцэх Сонгуулийн тухай хууль яаж гарахаас шалтгаална. Том, жижиг тойргоор сонгуульдах эсэх нэг хэрэг. Өөрөөр хэлбэл, сонгуулийн систем гол асуудал гэж байгаа ч нийтлэг эрх ашгийг хангасан зарим нэг агуулга, заалтыг заавал оруулах хэрэгтэй.Эдгээрийн нэгийг Монголын өдөр тутмын сонинууд санал болгож буй юм.

Ямар ч сонгуулийн хамгийн гол шалгуур нь нэр дэвшигч юу хийх вэ, юуг чадах вэ гэдэг мөрийн хөтөлбөр буюу амлалт байдаг. Сонгогч ч хэн, юу амласныг уншиж, мэдэж байж сонголтоо хийх учиртай. Ерөөсөө л “…За гэвэл ёогүй” гэдэг зарчим сонгуульд үйлчлэх ёстой гэсэн үг.

Гэхдээ энэ зарчим сүүлийн үед алдагдах шинжтэй болоод байгаа. Энэ нууц биш. Амладаг. Ялдаг. Харин нэр дэвшигчийн амлалт биелсэн үү. Биелсэн бол хэдэн хувьтай амжсан бэ, аль эсвэл огт биелээгүй юу. Ийм хариулт заавал байх ёстой.

Одоогийн нөхцөл дээр ийм боломж бараг л байхгүй. Учир нь дөрвөн жилийн өмнө дэмжээд сонгосон улстөрч маань юу хийсэн бэ гэдгийг сонгогчдод сануулах тогтолцоо муу байна. Мэдээж хэрэг, сонгуулийн төв байгууллага, улс төрийн хүчнүүд, нэр дэвшиж буй улстөрчид хэвлэл мэдээллийн нэмж орж ирсэн урсгал, технологийг ашиглаж амлалтаа хүргэж, өөрийгөө сурталчилж ойлгуулдаг болсон. Энэ буруу биш. Цахим сүлжээ, мэдээллийн сайт өөрийн гэсэн орон зайтай.

Гэхдээ олны ярьдгаар “цаасан сонин” одоогоос 106 жилийн өмнө Монголын Нийслэл хүрээнээ “Шинэ толь” нэртэйгээр гарч эхэлсэн байдаг. Өдөр тутмын мэдээлэл хүргэж буй өнөөдрийн сонинуудын үүргээ гүйцэтгэж ирсэн хугацаа нь 100 жилээр тоологдож байна.

Хэдийгээр цахим мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээ хүч түрэн орж ирж байгаа ч өдөр тутмын сонинууд итгэлтэй мэдээлэл түгээдэг хэвээр л байна. Түр зуур зогсонги байдалд ороод байсан өдөр тутмын сонинуудын хэрэгцээ ч сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд дахин сэргэж байгааг томоохон агентлагуудын судалгааны дүн хэлдэг. Монголд ч адилхан.

Тиймээс Монголын сонгуульд өдөр тутмын сонинуудын оролцоо хэрэгтэй байгаа юм. Нийтийн эрхийн төлөө шүү.

Товчхондоо, сонгуулийн мөрийн хөтөлбөр буюу амлалтыг өдөр тутмын сонинд хэвлэх хуулийн шаардлага байна гэдгийг уламжилж байгаа юм.

Яагаад гэвэл төрийн сонгууль бол зүгээр нэг шоу биш. Хариуцлагатай, зарчимтай байх ёстой. 4-6 жилийн цикльд бүх зүйл арилдаггүй, мартагддаггүй байх учиртай.

Иймийн тул Сонгуулийн тухай хуулийн төслийн 40 дүгээр зүйл /Сонгуулийн сурталчилгаа/, 42 дугаар зүйл /Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал хэвлүүлэх, тараах, хүргэх/-д хамаарахгүйгээр уг хуульд “Мөрийн хөтөлбөрийг өдөр тутмын сонинд хэвлэх” заалтыг оруулж өгөх хэрэгтэй юм.

Өдөр тутмын сонинууд бол нийгмийн хариуцлага, гүйцэтгэж ирсэн үүргийнхээ хувиар сонгогчийг итгэлтэй мэдээллээр хангадаг тухай дээр дурдсан. Тэр утгаараа нэр дэвшигч нам, хувь хүний мөрийн хөтөлбөр, амлалтыг тэр л жаягаараа сонгогчдод хүргэнэ. Ингээд Сонгуулийн тухай хуулийн дагуу намууд, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө өдөр тутмын сонинуудад нийтэлдэг болчихвол сонгогчид мөрийн хөтөлбөрийг харж шинжилж сонголтоо хийх нөхцөл бүрдэж байгаа юм. Амлалтыг нь зэрэгцүүлж танилцаж байгаад л сонголтоо хийнэ гэсэн үг.

Нөгөө талаас нэр дэвшиж байгаа улс төрийн хүчнүүдэд ч дэвшил болно. Шинэ соёл бий болж, улс төрийн сонгуульд жинхэнэ утгаараа өрсөлдөхөд тодорхой нөлөөг үзүүлэх нь дамжиггүй. Энэ бол судалтгаатай үг гэдгийг сануулъя.

Чадахаа амлаж, амласнаа мартахгүй байхыг сонгогчид хүсч байна. Өдөр тутмын сонинууд үүнийг хэрэгжүүлье. Өдөр тутмын сонин бол хов биш мэдээ нийтэлдэг. Боломжийг улстөрчид олгоно уу.

Эцэст нь, “…Үг нисэн одож, цаас үлддэг” гэдэг билээ.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.6  БААСАН  №242  (6209)

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх