Аравдугаар сард баривчлагдсан 800 орчим хятад иргэдийн хэргийг хуулийн байгууллагууд үргэлжлүүлэн шалгаж байна. Гол зохион байгуулагч гэж үзсэн БНХАУ-ын 14 иргэн, Монгол Улсын хоёр иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байгаа.
Хууль бус үйл ажиллагаа явуулж байсан 800 орчим хятад иргэдийг саатуулсан зочид буудлуудын нэг Амар” зочид буудлын эзнийг шалгаж мөн Эрүүгийн хэрэгт татсан байна. Энэ зочид буудлын эзэн Н.Амаржаргалыг залилан хийсэн, мөнгө угаасан байж болзошгүй гэж хуулийн байгууллагынхан үзсэн аж.
Н.Амаржаргал гэх эмэгтэй 2018 онд ам.долларыг хуурамчаар олшруулах зорилгоор тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж хятадуудаас худалдан авсан байна. Ингэснээр Н.Амаржаргал нь гаднын иргэдэд залилуулж их хэмжээний хөрөнгөөр хохирсон бөгөөд алдагдлаа нөхөх зорилгоор эдгээр хятадуудыг өөрийн эзэмшлийн зочид буудалд байршуулж, нуун далдлах тухай гэрээ хийсэн хэрэгт буруутгагдаж байгаа бололтой.
”Амар” зочид буудал нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрладаг. Зочид буудлын эзэн хятад түншээрээ дамжуулан гэрээ хийж, өрөөнүүдэд тусгай давхар ор байршуулж, нэг өрөөнд 12 хүн багтахаар тусгайлан тохижуулсан байна. Ингэхдээ … нэр бүхий компанид захиалга өгч гурван давхар орнуудыг захиалан авч, өрөөнүүдэд байрлуулсан байсан нь шалгалтын явцад тогтоогджээ.