Ухаалаг утастай Монголчууд гадныханд жилд 48 тэрбум төгрөг төлдөг

  • 0
  • 103
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Ухаалаг утастай Монголчууд гадныханд жилд 48 тэрбум төгрөг төлдөг

 

Вьетнамд юу болсон бэ?
 
"Вьетнамд үйлдвэрлэв” хэмээх шошготой ухаалаг гар утасны тухай эхний өгүүлбэрийг хэлэхэд л тэр чигтээ эдийн засгийн үр өгөөж бодогдох байх. Үнэн хэрэгтээ энэ улс өнгөрсөн 30 жилийг электроникийн салбарын үнэ цэнийг бий болгохын төлөөх үйлдвэрлэлийн хүнд хүчир замыг туулж ирсэн юм. Үүний нэгэн жишээ нь, ухаалаг гар утасны хөгжүүлэгч "Samsung Electronics” компани Вьетнамд төвтэй ухаалаг үйлдвэрүүддээ 17.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Тэр бүү хэл дунд болон ахлах сургуулиуд шинжлэх ухаанд суурилсан суралцах хөтөлбөрийг түлхүү хэрэгжүүлж байна. Харин их, дээд сургууль төгсөгчид нь гадаадын технологийн компаниудад мэргэжил эзэмшиж, мэргэших учраас яах аргагүй энэ улс гар утас үйлдвэрлэлээ гэхэд хэн ч маргахааргүй нөхцөл үүсээд байгаа юм.
Тэгвэл "Форбес” агентлагийн мэдээлснээр Вьетнамын компаниудын хувьд дотооддоо ухаалаг гар утас үйлдвэрлэх нэн тэргүүний зорилготой бөгөөд Андройд хувилбаруудаас хавьгүй хямд байх тухай ч зарлаад буй. QPhone болон BPhone зэрэг ухаалаг гар утас нь энэхүү шинэлэг үйлдвэрлэлийн эхний нэрийн хуудас болоод байна. Бидний хэлж заншсанаар Сайгон хотод төвтэй Vingroup компанийн охин компани Vsmart хэмээх брэндээ гаргаад байгаа бөгөөд 100 орчим ам.долларын үнээр худалдаанд гаргажээ.
 
Гэвч тулгараад буй гол асуудал нь вьетнамчууд эх орондоо хөгжүүлсэн ухаалаг гар утас худалдан авахгүй хэвээр байна. Тэд дотоодын компаниудын санал болгож байгаа үнээр гадаад брэндийн ухаалаг утас авч дөнгөх учраас л шалтгаан үргэлжилсээр байгаа юм.
Тэгээд ч гадаадын брэндүүд дотоодын компаниудын амалж буй сэтгэл ханамжаас илүүг мэдрүүлж байгаа нь хэрэглэгчдээ татахад асуудал үүсгэж байгааг Сайгон /Хо Ши Мин/ хотод төвтэй "Dezan Shira & Associates” зөвлөх үйлчилгээний компанийн ахлах мэргэжилтэн Максфиелд Браун хэлжээ. 
 
 
"Вьетнам дахь хэрэглэгчдийн электроник бүтээгдэхүүний эрэлт олон улсад нэр хүндээ олсон брэндүүдэд суурилж буй нь харамсалтай байна. Үүнийгээ дагаад хэрэглэгчдийн хэрэглээ ч дагаад өсөх нь тодорхой байна” гэж тэрээр хэлжээ. Өнөөдрийн байдлаар тус улс дахь цалингийн хэмжээ харьцангуй бага буюу дунджаар 171 ам.доллараар хэмжигдэж байгаа юм.
 
Дэлхийн ухаалаг технологийн үйлдвэрлэлийн өрсөлдөөн
 
Дэлхийн статистик мэдээллийн лавлах үйлчилгээний Statista цахим хуудаст мэдээлснээр 2009 оны дөрөвдүгээр улирлаас энэ оны эхний улирал хүртэлх хугацаанд дэлхийн зах зээлийн 21.8 хувийг "Samsung” компани дангаараа бүрдүүлж байжээ. Тэгвэл Apple, Lenovo, Huawei компани сүүлийн гурван жил энэ салбарт хүчтэй өрсөлдөж байна. Apple-ийн хувьд энэ салбар дахь хоёр дахь томоохон өрсөлдөгч нь юм. Тус компанийн ухаалаг гар утасны тээвэрлэлт 2010 онд 2.4 сая байсан бол 2017 оны дөрөвдүгээр улиралд 74.1 саяд хүрчээ. 2017 онд тус компани 215.8 сая гар утас борлуулсан бөгөөд зах зээлийн 10.2 хувийг эзэлж байжээ.
 
 
Гар утасны хэрэглээнд жилд дунджаар 48 тэрбум төгрөг гадагш урсдаг
 
"Блүүмберг” агентлагийн мэдээлснээр "MMCG” компанийн судалгаагаар Монгол Улсын 15–60 насны хүн амын 99.6 хувь буюу 2.1 сая иргэн гар утас ашиглаж байна. 2017 оны байдлаар гар утас хэрэглэгчдийн 79 хувь нь буюу 1.7 сая хүн ухаалаг гар утас ашигладаг гэсэн тооцоо гарч байжээ. Энэ нь 2014 онтой харьцуулахад ойролцоогоор хоёр дахин өссөн дүн болж байгаа юм.
 
2014 онд Ерөнхий сайд Н.Алтанхуяг гар утасны программ хангамж, үйлдлийн системийн хөгжүүлэлт болон үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  дөрвөн компанийн  төлөөлөлтэй уулзсан байдаг. ITZone компани Android 4.1 үйлдлийн системтэй "Mogul” брэндийн ухаалаг утсаа 150 мянган төгрөгөөр борлуулна гэдгээ тэр үеэр мэдэгдэж байв. Тэгвэл "Эмондо” компани хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжтэй зохицон ажиллах, монгол хэлийг бүрэн дэмжсэн үйлдлийн системд суурилсан программын хөгжүүлэлт хийх боломжтой ухаалаг гар утас үйлдвэрлэх төслөө танилцуулсан. Мөн "Дархан жонон” компани гадаадад хэрэглэж байсан ухаалаг гар утсыг оруулж ирж  шинэчлээд, зах зээлийн үнээс 30 хувийн хямд үнээр худалдах төсөл боловсруулсан бол "Migma electronics” компанийн захирал Б.Анхбаяр дөрвөн төрлийн ухаалаг гар утас үйлдвэрлэхэд бэлэн болсноо зарлаж байлаа. Гэвч өнөөдөр монгол брэндийн ухаалаг гар утас зах зээлд хараахан нэвтрээгүй байна. Тухайн үеийн мэдээллээр зөвхөн гар утасны хэрэглээнд жилд дунджаар 48 тэрбум төгрөг гадагш урсдаг байжээ.
 
 
 
Ж.Цогзолмаа
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх