Цагдаагаас "төрсөн” өмгөөлөгч нарын үйлдсэн хэргийн баримт
Өмгөөлөгчдийн гэмт хэрэг үйлдэх нь хэрээс хэтрээд байна. Олон хүн "Өмгөөлөгч танил талаа ашиглаж, бусдыг гэмт хэргээс мулталж, ял завшуулах боломж олгодог. Түүнийхээ оронд их хэмжээний мөнгө авдаг” гэдгийг мэднэ. Тэгвэл бүр сүүлдээ тэд мөрдөн байцаагч, хэргийг хянаж байгаа прокурор, шүүгч нарт авлига зөөдөг дамжуулагчид болон хувираад олон жилийн нүүр үзэж байна гэнэ. Мөн бусдад гүйцэтгэх ажиллагаа явуулж, дуу яриа, бичлэг хийж өрсөлдөгч нарт нь зардаг. Тэр битгий хэл үйлчлүүлэгчийгээ хорих ангид хоригдож байх хооронд эхнэр, охиныг нь айлган сүрдүүлж, дарамталж байгаад бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг ч үйлдэх болжээ.
Хэн нэгэнтэй үгсэн тохиролцож хэдэн сая ам.долларын эд хөрөнгөтэй компанийг бичиг цаасны аргаар дээрэмдэх, гадаадын компаниудын захиралд гүйцэтгэх ажиллагаа явуулж, улсын хилээр хар тамга даруулж гаргаад эд хөрөнгөнд нь эзэн суусан тохиолдол хүртэл байна. Арай л бага насны охин хүчирхийлсэн, хар тамхи тээвэрлэсэн, бусдын амь насыг хөнөөсөн захиалгат аллагад гар бие оролцсон гэж дуулдахгүй юм. Бусад бүх төрлийн гэмт хэрэгт өмгөөлөгчдийн нэр сонсогддог болж.
Өмгөөлөгч хэмээх мэргэжил амар хялбар аргаар их хэмжээний ашиг олох болсон учир Монголын цагдаагийн генералаас эхлээд гавьяат шүүгч, Хууль цаазын тэргүүн буюу УЕПГ-ын дарга хүртэл өмгөөлөгч болчихсон энд тэнд явж байна. Тэд хууль зүйн фермтэй, бүр хэд хэдэн төрийн бус байгууллага байгуулчихсан байх нь жирийн үзэгдэл мэт болжээ. Үүний цаана хэнд ч дийлдэхгүй гэмт хэргийн томоохон бүлэглэл бий болж, хууль журмыг улан доороо гишгэж байна. Энэ талаарх ноцтой мэдээллийг уншигч та бүхэнд баримттайгаар хүргэж байна.
2014 онд батлагдсан хууль буюу цагдаа, прокурор, шүүхийнхэн өмгөөлөгчийн салбарт орсон түүх
Өөрсдийгөө өмгөөлөгч хэмээн өргөмжилсөн гэмт хэргийн бүлэглэл хэрхэн бий болсон, тэд юунаас болж хуульгүй оронд амьдарч байгаа юм шиг эрх дураараа авирлах болов, тэдний үйлдсэн гэмт хэрэг яагаад хууль хяналтын байгууллагад шалгагдахгүй үлддэг вэ.
Энэ талаар бичихээсээ өмнө өмгөөлөгч хэмээх мэргэжлийн талаар цухас ойлголт өгөх нь зүйтэй болов уу. Хуульч нарын хэлж буйгаар ямар нэгэн гэмт хэргийн улмаас хохирсон болон холбогдсон гэм буруутнуудад хууль зүйн хувьд туслалцаа үзүүлэх хүн нь өмгөөлөгч юм. Гэмт хэрэг үйлдсэн хүнд ч гэсэн өөрийгөө өмгөөлөх ямар нэгэн зүйл байдаг. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч хууль хяналтын байгууллагынхантай хуулийн хүрээнд ажилладаг хүний эрхийн манаач гэсэн үг юм. 2014 он хүртэл өмгөөлөгч хэмээх мэргэжил Монголд хүний анхаарлын төвд ордоггүй байв. Хэн хуулиа сайн мэдэж байна. Тэр хүн сайн өмгөөлөгч байсан гэсэн үг юм. Гэтэл 2014 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль гарсан. Өмнө нь мөрдөгдөж байсан Өмгөөлөгчийн тухай хуулийг хүчингүй болгосон хэрэг. Энэ хуулийн үйлчилгээг дотор нь нэг бүлэг, арван зүйлээр оруулчихсан гэнэ. Үүнээс болж өмгөөлөгчийн эрх зүйн байдал дордчихсон гэж хуульчид ярьж байна. Өмнө нь Өмгөөллийн тухай хуультай байхад өмгөөлөгч эхлээд хуульчийн, дараа нь өмгөөлөгчийн шалгалт өгөөд, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах анхан шатны ажлуудын талаар хичээл заалгадаг. Үүний дараа дадлага хийж байж өмгөөлөгч болдог байжээ. Гэтэл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль гарснаар хуульчийн сонгон шалгаруулалтад орсон л бол бүх хүн өмгөөлөгч болох эрхтэй гээд заагаад өгчихсөн байна. Өмнө нь өмгөөлөгч болоход даван туулдаг байсан бүх шалгуур, шат дамжлага байхгүй болгочихжээ. Өөрөөр хэлбэл, цагдаа, прокурор, шүүгч хийж байсан хүмүүс өмгөөлөгч болох эрх нь нээгдчихсэн. Энэ хууль батлагдахаас өмнө цагдаа, прокур ажиллаж байсан хүмүүс албан тушаалаа өгсний дараа хоёр жилийн хугацаанд өмгөөлөгчөөр ажиллах эрхгүй байсан. Ажил мэргэжлийн хувьд ашиг сонирхлын зөрчил байна гэж хуулиар хориглоод өгчихсөн байжээ. Гэтэл тэр бүгд ор мөргүй алга болж, шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн цаг үеэс өмгөөлөлийн салбарт цагдаа, прокурор, шүүгч нарын баг тэр чигтээ ороод ирсэн байна. Бүгд л өмгөөлөгч гэсэн үнэмлэхтэй болоод энд тэндэхийн хэрэг болгоныг хуу хамж, өөрсдийнхөө дур зоргоор аашлах болжээ.
Цагдаагаас "төрсөн” өмгөөлөгч
2014 оноос эхлэн авлигад шалгагдаж байсан хэргүүд прокурорын шатанд хэрэгсэхгүй болж эхэлсэн байна. Бүр гэм буруутай нь баримтаар тогтоогдсон үйлдэлтэй олон арван хэрэг шат шатандаа хэрэгсэхгүй болох нь тэр. Энэ цаг үеэс гэмт хэрэгтнүүд дөрвөн өмгөөлөгч авдаг жишигтэй болцгоосон байдаг. Дөрвөн өмгөөлөгчийн хамгийн анхны хэрэг болох хүн нь цагдаагийн байгууллагад олон жил удирдах албан тушаалд ажиллаж байсан хошууч, хурандаа, генералууд юм. Танхайн гэмт хэргээс эхлээд хүн амины болон байгаль орчин, эдийн засгийн эсрэг гэмт хэрэгт тэд ур ухаан, өөрийн гэсэн танил тал нөлөөгөөрөө ажиллана. Тэр тусмаа уул уурхай, байгаль орчин дагасан гэмт хэрэг цагдаагаас "төрсөн” өмгөөлөгчдийн гараар орж байна. Хошууч цолтой чөлөөндөө гарсан цагдаагийн гэх тодотголтой өмгөөлөгч нарын нөлөөлөл тийм ч их биш. Гэхдээ тэд нийслэлийн дүүрэг, аймгийн цагдаагийн хэлтсийн ойр орчимд "үүрээ” засаад суучихсан байдаг. Тэд ихэвчлэн хулгай, дээрэм, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг хэргийг замхруулдаг. Хэнтий аймагт малын хулгайгаар шалгагдаж байсан гурван этгээд танил талынхаа хүчээр ял завшсан байдаг. Энэ мэт хошууч нарын аварсан олон хэрэг бий. Энэ удаад хошууч цолтой өмгөөлөгч нарын үйлдлүүдийг цухас дурдаад өнгөрлөө.
Чөлөөндөө гарсан хурандаа нарын түүх
Орхон голын эхийг алтны арав гаруй компани ухаж сэндийчиж улаанаар нь эргэлдүүлсэн. Мөрдөн байцаах газрын зургадугаар тасгийнхан компаниудын удирдлагуудад байгаль орчны эсрэг үйлдсэн гэмт хэрэгт нь эрүү үүсгэсэн. Улмаар байгаль орчны үнэлгээ гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байдаг. Гэвч дээрх хэрэгт өмгөөлөгч нэртэй нэр бүхий хурандаа нар ажиллаж, холбогдсон бүх хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Мөн Ерөө голын эхэнд хууль бусаар алт олборлож байгаа хэргийг цагдаа нар шалгаж байх үед хэлтсийн дарга нь авлига авсан гэх асуудал үүссэн. Үүнээс үүдэлтэйгээр тэр хэлтсийг тэр чигт нь тараасан билээ. Гэвч авлигын гэмт хэрэг байж болох асуудал хурандаа өмгөөлөгч нарын нөлөөгөөр огт шалгагдахгүй өнгөрсөн байдаг. Хурандаа өмгөөлөгч нарын нөлөөллийн талаар албаны нэгэн эх сурвалжаас авсан мэдээллээр "Чөлөөндөө гарсан хурандаа нар мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж хийгдээд эхлэхээр үйлчлүүлэгчээ дагуулаад мөрдөн байцаагчийн өрөөний үүдэнд хүлээгээд суучихдаг. Өмнө нь удирдах албан тушаал хашиж байсан дарга нь өмгөөлөгч болчихоод хүрээд ирдэг. Түүний найз нөхөд, ойр дотны хүмүүс нь цагдаагийн байгууллагыг удирдаж байгаа. Хэрэв шударга үнэн зүйл өмнөөс нь ярих юм бол ажилтай байх уу, үгүй юү гэдэг асуудал яригдах учир "Дарга аа та яамаар байна” гэж байцаагч өөрөө асуудаг. Нөгөөх нь "Хавтаст хэрэгт ийм мөрдөх ажиллагаа хиймээр байна. Манай хүнд ашигтай нөхцөл байдал бий болгоно шүү, нөхөр минь. Чиний ач тусыг мэдэж байгаа. Чи манай багт элсээрэй” гэж хэлчихээд гараад явчихдаг. Эндээс эхлэн мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд биш танил талд ашигтай байдлаар шийдэгдэх эхлэл тавигддаг. Энэ бүгд олонд ил болчихсон зүйл. Үнэндээ цагдаад ажиллаж байгаад өмгөөлөгч болсон хүмүүс ажил хийлгэхгүй үнэхээр хүнд байдаг” хэмээн онцлон ярьж байв.
Хурандаа, өмгөөлөгч нарын талаар өөр нэгэн ноцтой баримт бий. Эх сурвалж "БНХАУ-ын нэгэн иргэн Монгол Улсад барилга, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан гэнэ. Орчуулагчаар ажиллаж байсан эмэгтэйг компанийнхаа дэд захирлаар тавьж, үйл ажиллагаа явуулж байжээ. Монголын хууль хяналтын байгууллагынхны дарамт шахалт бусад зүйлээс болж, орчуулагч эмэгтэйн нэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх компанийнхаа нэрийг шилжүүлсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, бичиг баримтууд нь бүгд өнөөх эмэгтэйн нэр дээр болж Тэгтэл орчуулагч эмэгтэй мөнгөтэй болохын хэрээр компанийн үйл ажиллагаанд хэт оролцох болсон байна. Үүнээс үүдэн үл ойлголцол бий болжээ. Орчуулагч эмэгтэйн нэр дээрээс компаниудаа авахаар БНХАУ-ын иргэд ярилцаж, тодорхой ажил хийж эхэлж. Мэдээж монгол эмэгтэй тэднээс их хэмжээний мөнгө нэхэж, компанийн гэрчилгээ, банкны дансны гүйлгээ зэргийг хаажээ. Түүний хүссэн мөнгийг өгөх боломжгүй учир хятадууд Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байна. Шүүх хэргийг хянаж үзээд компанийн эзэн гээд байгаа эмэгтэй хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хэрхэн хийсэн гэдгийг шалгаж үзнэ. Энэ нь гомдол шийдвэрлэх гол хүчин зүйл болно. Ингээд эмэгтэй өмгөөлөгч нарт хандсан байна. Өмгөөлөгчтэйгээ шүүхийн шийдвэрийг өөрт ашигтайгаар гаргаж чадах юм бол компанийн эд хөрөнгийг хувааж авахаар тохиролцжээ. Тэд шүүгчид нөлөөлж чадахгүй юм бол компанийн эзэн болж чадахгүй гэдгээ ухамсарлаж байсан. Тиймээс компанийн цаад эзнийг гэмт хэрэгт холбогдуулах ажиллагааг эхлүүлсэн байна. Хятад эр эмэгтэйчүүдтэй наргиж цэнгэх дуртай нэгэн байсан аж. Энэ сул талыг нь ашиглан ресторанд дуудаж, монгол охидтой наргиж цэнгүүлжээ. Архиар нэлээн шахуулсан хятад эрийг хамт ууж суусан эмэгтэй гэнэт алгадаад авсан байна. Ингээд хоорондоо барьцалдаж аваад бужигналдаж эхэлжээ. Бөөн бужигнаан дундуур түүний алгадаж авсан эмэгтэй нүүр, толгой нь хагарч, өөр хэд хэдэн эмэгтэй хүнд хөнгөн гэмтсэн байсан гэнэ. Дуудлагаар ирсэн цагдаа ч нөгөөх хятад эрийг баривчилсан байна. Маргааш нь тэнд байсан бүх эмэгтэй хятад эрийн танхай балмад үйлдлийн талаар цагдаад өргөдөл гаргаж өгсөн байжээ. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч энэ талаарх мэдээлэл гарсан гэнэ. "Би зодоогүй” гэж өөрийгөө өмөөрөөд ямар ч нэмэргүй, нөгөө охидтой тохиролцоонд хүрч чадалгүй байсаар шүүхээр хэрэг нь орж, торгуулах шийтгэл ногдуулсан байна. Үүний дараа түүнийг Гадаадын иргэн харьяатын газраас "Монгол Улсын хилээр арван жилийн хугацаанд оруулахгүй” гээд хар тамга дараад нутаг буцаасан байна. Тэрбээр компанийнхаа эд хөрөнгийг орчуулагчаар ажиллаж байсан эмэгтэйгээс авахын тулд хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан шүүхэд дахин хандсан боловч Хан-Уул дүүрэгт байх хотхоноо өөрийнх нь гомдлын эсрэг ажиллаж байсан өмгөөлөгчдийн багт алдсан байжээ. Энэ бүгдийн цаана өмгөөлөгч хэмээх үнэмлэхтэй, цагдаагийн байгууллагад хурандаа цол автлаа дэвшин ажиллаж байсан хүмүүс байсан гэнэ. Дээрх асуудал хууль хяналтын байгууллагад огт шалгагдаагүй. Ийм зүйл болсон гэдгийг эх сурвалж сүүлд мэдсэн гэдгээ бидэнд хэлсэн юм.
Монголын цагдааг атгасан өмгөөлөгч генерал
Цагдаа нар түүнийг өндөр генерал хэмээн ихэд хүндэлнэ. Тэрбээр цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа үедээ өөрийнхөө шавь, нөлөөлж болох хүмүүсээр цагдаагийн байгууллагыг дүүргэсэн нэгэн гэдгээрээ алдартай. Цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалуудад түүний ойрын хүмүүс ажиллаж байгаа. Тиймдээ ч генералын нэр нөлөө цагдаад байсаар байгаа юм. Хэдэн жилийн өмнөөс тэрбээр хууль зүйн ферм байгуулсан. Генералын ферм одоохондоо хамгийн хүчтэй нь гэдгийг учир мэдэх хүмүүс онцлон хэлэх аж. Учир нь түүний багт, гавьяат хуульч, УЕПГ-ын даргаар олон жил ажиллаж байсан хүмүүс багтаж байгаа ажээ. Тэр ч утгаараа хамгийн мөнгөтэй гэсэн хэрэг болгоны ард тэр генерал бат бөх зогсож байдаг юм билээ.
Монголын нэгэн нэртэй группийн авто зам засварын маргаантай асуудал олон жил хэл ам дагуулж буй. Дээрх хэргийн нэг талд генерал ажиллаж байгаа. Цагдаад гомдол өгөхөөр огт шалгахгүй цаг хугацаа алддаг. Гэсэн ч уг маргаан нэг тийшээ шийдэгдэж чадахгүй олон жилийн нүүр үзэж байгаа. Хууль бус аргаар компанийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан хүнийг генерал хамгаалах болсон цаад шалтгаан нь хэдэн сарын дараа компанийн дансанд хурдны зам барих тендерт шалгарсан хэдэн сая ам.доллар орохтой холбоотой гэх мэдээлэл байна. Компанийн дансанд орсон мөнгийг хувааж авахын тулд генерал өөрийнхөө нэр нөлөөг ийн ашиглаж байгаа гэх. Дээрх генералын хариуцаж буй дараагийн хэрэг нь БНХАУ-ын иргэд Салхитын мөнгөний орд газрыг булаацалдаж байгаа маргаантай холбоотой асуудал юм. Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл Монголын нэр бүхий генерал хууль бус үйлдэл хийгээд байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан. Мөнгөтэй хоёр хятад Монголын орд газар булаацалдаж байгаа хэрэгт зөвхөн нэг талынхан хоригдож, авлига өгсөн олон асуудал олны өмнө ил болоод байгаа. Тэгвэл генералын өмгөөлж буй тал огт хууль хяналтын байгууллагад шалгагдахгүй байгаа ажээ. Учир нь, Эрүүгийн цагдаа, АТГ-т түүний удирдлага дор ажиллаж байсан цагдаа нар байгаа учраас өмгөөлөгч генералын өмгөөлж байгаа хүмүүс нь хуулийн бүрэн хамгаалалтад байгаа гэсэн үг юм.
Үргэлжлэл бий
http://www.npost.mn/a/164856