БНСУ-ын иргэн Ү Тэк Гуаны гомдлын дагуу хуулийн байгууллага шалгалт явуулж, тус улсад Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ж.Сүхээг цагдан хорьсон билээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг 30 хоногийн хугацаатай хорих шийдвэр гаргасан байдаг.
Ж.Сүхээг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын төрийн өндөр албан тушаалтнуудтай хамсан, БНСУ-ын иргэнийг залилан мэхэлж гурван сая ам.доллар авсан, түүнчлэн 2013 онд сонгуулийн сурталчилгаанд хандив болгож 700 сая вон нэхэж авсан гэх хэрэгт яллагдагчаар татсан байдаг. Энэ хэрэг нэлээд эртнээс яригдаж эхэлсэн ч залилуулсан гэх солонгос иргэн өнгөрсөн есдүгээр сарын 11-нд Монгол Улсад ирж, хууль хяналтын байгууллагад гомдол, мэдүүлэг өгснөөр дахин сөхөгдөж байгаа юм.
Улмаар БНСУ-ын иргэн Ү Тэк Гуан Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын төрийн өндөр албан тушаалтнууд, хуулийн байгууллагын удирдлагуудад хандаж гомдол гаргасан юм. Тэгвэл солонгос иргэний ирүүлсэн гомдолд Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээтэй холбоотой ямар баримт дурдсаныг хүргэе. Захидалд “…Монгол Улсын Ерөнхийлөгч оролцоогүй л бол энэ хэмжээнд зохион байгуулалттайгаар үйлдэх боломжгүй, ямар ч өө сэвгүй залилан мэхлэх ажиллагаанд хохирогч миний бие итгэхгүй байх аргагүй байсан учир 2012 оны гуравдугаар сард БНСУ-ын иргэн И Жун Му-гаар дамжуулж “Өрмөгтэй” гэх Х9909 тоот ашигт малтмалын лицензийг 5.0 сая ам.доллараар худалдахаар тохирч, үүнээс 3.7 саяыг шилжүүлсэн.
Мөн ингэхдээ Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээ нарын нэхсэн, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгуульд зарцуулах улс төрийн мөнгө гэх 700 сая воныг шилжүүлсэн. Энэ мөнгөний араас шалгахад Солонгосын иргэн И Жун Му нь хохирогчоос авсан чекийг бэлэн мөнгөөр сольж, Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээгээр дамжуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын эрх бүхий иргэнд шилжүүлсэн байдаг…” гэжээ.
Улс төрийн мөнгийг дамжуулсан Ж.Сүхээгийн найз гэх И Жун Му-гийн БНСУ-ын цагдаагийн газраас баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулах үед мэдүүлэг өгсөн бөгөөд энэ нь баримтаар нотлогдсон байна. Улмаар энэхүү улс төрийн мөнгөний ажиллагаанд оролцсон И Жун Му-нд Солонгосын прокурорын газраас зургаан жилийн хорих ялаар шийтгэсэн байдаг. Харин Ж.Сүхээг татан шалгах байсан ч Дипломат албаны эрхийн дагуу хэрэг үүсгэж, шалгаагүй тухай БНСУ-ын иргэн, хохирогч Ү Тэк Гуаны гомдолд дурьдсан байна. Харин энэ удаа Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээг баривчлан хорьсон нь улс төрийн мөнгийг залилан мэхлэх аргаар босгосон энэ хэрэгт шинэ нөхцөл байдал үүссэн болохыг харуулж буй юм.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин