Ээлжит бус сонгууль энгийн иргэдэд бус эрх баригчдад л хэрэгтэй

  • 0
  • 135
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

УИХ-ын гишүүдийн дунд тарах асуудал яригдаж байна. Тодруулбал, нэгэнт Үндсэн хууль оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг ард нийтээс асуухтай хамтад нь УИХ-ын ээлжит бус сонгуулийг товлон зарлахаар төлөвлөж байгаа аж. Энэ талаар хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр нэгэнтээ цацагдаад эхэлсэн. Мэдээж улстөрчид, тэр дундаа эрх баригчдын хувьд улсын төсөв, ард нийтээ бодсондоо дээрх хоёр үйл ажиллагааг хамтад нь хийх нь зөв гэсэн гарц, гаргалгааг олж, бас түнийгээ гүйцэлдүүлэхээр чармайна.

Үүний баталгаа нь УИХ-ын дарга Г.Занданшатар саяхан хэвлэлд “УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл болон гишүүдийн түвшинд ард нийтийн санал асуулгад зарцуулах зардалтайгаа адилхан хэмжээний санхүүжилт гаргаж сонгуулиа зохион байгуулна. Ойр ойрхон их зардал гаргаж байхаар УИХ тараад дараагийн сонгуулиа ард нийтийн санал асуулгатайгаа хамтад нь хийвэл зардал хэмнэх юм биш үү гэдэг асуудал яригдаж байгаа.

Энэ бол боломжит хувилбар. Ард нийтийн санал асуулгынхаа ирцийг хүргэх, ардчиллаа аврах, парламентын засаглалаа хамгаалж үлдэх үүднээс ийм санаачилга гаргая гэж ярьж байна. Гэхдээ улс төрийн үр дагаварын хувьд улс орныхоо тогтвортой байдлыг хангах, цаашдаа ийм асуудал байнга хөндөгддөг болох вий гэх мэт эрсдэлүүдийг тооцож байж шийдэх асуудал.Ард нийтийн санал асуулга явуулах зардлын хэмжээг бууруулахыг Сонгуулийн ерөнхий хорооноос шаардаж байгаа. Бүх зардал нь нийлээд 30 тэрбумд хүрэх тооцоо гарчихаад байна шүү дээ” гэдэг зүйл ярьсан.

Харин нөгөө талд нь УИХ-ын гишүүд болон МАН-ынхан ханцуй шамлан ажилдаа орчихсон тууж яваа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн албан бланк дээр ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ явуулах асуудлыг сөхөж, гарын үсэг цуглуулж эхэлжээ. Одоогоор тэрхүү бланк дээр Х.Нямбаатар, Л.Энхболд, М.Билэгт, Ж.Мөнхбат, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Ё.Баатарбилэг, Х.Баделхан тэргүүтэй 30 гаруй гишүүн гарын үсгээ зурсан байна.

Холбогдох хуулийн дагуу ээлжит бус сонгууль явуулах саналыг УИХ-ын нийт гишүүдийн гуравны хоёр буюу 51 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх боломж бүрдэх юм. Тиймээс МАН-ын генсек Д.Амарбаясгалан өрөөндөө гишүүдийг дуудаж УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зуруулж байгаа талаар мэдээлэл түгсэн. Д.Амарбаясгалан гишүүдийг дуудан “Хэрвээ гарын үсэг зурахгүй бол 13 гишүүний ЖДҮ-ийн асуудлыг сөхөж, бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар оруулж ирнэ. Мөн бусад гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн хэргийг сөхнө” хэмээн “атгасан хөзрөө” алгуурхнаар дэлгэнэ гэдгээ мэдэгджээ. Харин Д.Амарбаясгалангийн хувьд “УИХ-ын зарим гишүүнээс ийм санал гарч, хоорондоо ярьж байгаа. УИХ тарах эсэх нь гишүүдийн бүрэн эрхийн асуудал. УИХ-ын гишүүдийн 2/3 нь тарах нь зөв гэж үзвэл энэ асуудал намын Удирдах зөвлөл болон Бага хурал дээр яригдана” гэсэн мэдээллийг хэвлэлийнхэнд өгөөд байгаа юм.

Сонгуулийн тухай хуулийн 8.4-т Ээлжит бус сонгууль гэж ээлжит сонгуулийн хугацаанаас өмнө явагдах сонгуулийг хэлнэ.

8.5. Ээлжит бус сонгууль дараах тохиолдолд явагдана:

1. Улсын Их Хурлын бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусгавар болсон;

2. Ерөнхийлөгч огцорсон, нас барсан, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн;

3. Орон нутгийн хурлын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон.

хэмээн заасан байдаг. Тиймээс л УИХ-ын нийт гишүүдийн гуравны хоёр буюу 51хүнээр гарйн үсэг зуруулахын тулд МАН-ын генсек парламентын гишүүдийг үйлдсэн “нүглээр” нь далайлгаж буй хэрэг.

Тэд хэрэвзээ санасандаа хүрч хуулийн дагуу ээлжит бус сонгууль явуулах саналыг УИХ-д өргөн мэдүүлж, дэмжүүлвэл Сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн Ээлжит бус сонгууль товлон зарлах тухай заалтыг хэрэгжүүлнэ. Тодруулбал, эрх баригчид ээлжит бус сонгуулийг бүхий л хуульд нийцүүлэхээр зэхэж байна.

Энэ нь хөндлөнгөөс харахад хуулийн дагуу, мөн зардал, мөнгөө хэмнээд санал асуулга, ээлжит бус сонгууль хоёрыг хамтад зохион байгуулахад болохгүй зүйл үгүй. Гэвч хамгийн энгийндээ тэрхүү хэмнэсэн мөнгө иргэдийн амьдралд биш юмаа гэхэд нийгмийн сайн сайханд зарцуулагдана гэдэг юу л бол.

Б.Отгонзаяа

Эх сурвалж: erennews.mn

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх