Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатаас тодрууллаа. Тэрбээр “Нийслэлээс энэ ондоо багтаан 15 байршилд явган зорчигчийн замыг шинээр хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар есөн байршилд ААН, байгууллагуудтай гэрээ байгуулж, ажлыг эхлүүлжээ. Үлдсэн зургаан байршил дээрх худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.
Улаанбаатар хотын томоохон гудамж болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө энэхүү төсөлд хамрагдах юм. Төслийн хүрээнд явган замыг явган зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэд, багачууд зорчиход хүндрэлгүй байхаар шийдсэн.
Тодруулбал, шинэ чулуун хавтангууд нь барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтиргахгүй бөгөөд алхахад саад болохгүй. Мөн явган замын хавтанг том хэмжээгээр буюу 30см x 60см болон 30см x 30см хэмжээгээр хийнэ. Ингэснээр дугуй болон скүтер зэрэг цахилгаан хэрэгсэлтэй зорчигчдод саадгүй болно” гэв.
Геологийн төв лабораториос Офицеруудын ордон хүртэлх явган замын ажил мөн эхлээд байна. Энэ талаар “Бадрах-Инженеринг” ХХК-ийн авто замын инженер Э.Энхтүшин “5 шарын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх явган замын ажил эхэлсэн. Явган замыг нийт 28 мянган ам.метр талбайд хийхээс 10 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Шинэчилж буй чулуун хавтанг стандартын дагуу, явган хүн зорчиход хүртээмжтэйгээр 4 метрийн өргөнтэй хийж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж хөтөч хавтанг 5 шарын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл хийнэ. Энэ хэсгийн ажлыг наймдугаар сарын 25-нд бүрэн дуусгана” гэв.