МАН-ынхан ОУВС-гийн хөтөлбөрийг эсэргүүцэхээр санал нэгдэв үү

  • 0
  • 96
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Ерөнхийлөгч Х.Баттулга  Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Тэрбээр хориг тавьсан албан бичигтээ үндсэн гурван асуудлыг дурдсан. Тодруулбал, 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулахаар тухай зүйлд хэсэгчлэн, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг хоёр хувиар нэмэгдүүлснийг, Ирээдүйн өв сангийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөд тус тус хориг тавьсан.

Харин үүнийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Энэ хууль 2017 он буюу 2.7 сарын өмнө баталсан. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд  хэрэгжиж байгаа. ОУВС-гийн зүгээс тавьсан шаардлагын нэг байсан. Хориг тавьж байгаа нь ОУВС-гийн хөтөлбөрийг эсэргүүцэж байна гэсэн үг. Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихгүй” хэмээн мэдэгдсэн. Мөн зарим эдийн засагч, хуульчдын зүгээс НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлсэнд хориг тавих хууль зүйн үндэслэл байхгүй. 2017 онд батлагдсан хуулиар НДШ-ийг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа хэмээн мэдэгдээд байна. 

Хуваарийн дагуу МАН-ын бүлэг энэ асуудлаар хуралдав. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ерөнхийлөгч 2020 оны төсөвтэй холбогдуулж дөрвөн асуудлаар хориг тавьсан. Төсвийн тухай хуультай холбоотой хоёр асуудал бий. 2020 онд обьект нь эхлээд, 2021-2022 онд дамжин хэрэгжиж байгаа төслийг улсын төсвөөс хасах тухай хоёр санал ирүүлсэн. Бүлэг хэлэлцээд төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй. Цаашлаад Төсвийн тухай хуулийг дагалдаж гарсан Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан төсөлд бүхэлд нь хориг тавьсан. Энэ хоригийг бүлэг хэлэлцээд мөн хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Харин Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуульд тавьсан хоригийг хүлээж авах нь зөв гэдэгт санал нэгдлээ. Учир нь, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ өсч байгаатай холбоотой хориг учраас бүлгийн гишүүдийн олонх нь хүлээж авах нь зөв гэж үзсэн” гэв. Ийнхүү Ч.Хүрэлбаатар сайдын хэлсэнчлэн МАН-ын бүлгийнхэн ОУВС-гийн хөтөлбөрийг эсэргүүцэхээр санал нэгдлээ. Энэ нь ч шалтгаантай. Учир нь сонгуулийн өмнөх жил НДШ-ийг нэмэгдүүлэх нь МАН-ынханд эрсдэлтэй. Сонгогч түмний өмнө хийж буй уучлахгүй алдаа хэмээн тодотгох хэсэг байна. Иймээс тэд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч НДШ-ийг нэмэгдүүлэхгүй байхаар санал нэгджээ. Хоригийг хуваарийн дагуу холбогдох байнгын хороо, улмаар УИХ-ын чуулганаар хэлэлцсэнээр эцэслэх учиртай. Нэгэнт олонхын бүлэг хоригийг хүлээж авахаар шийдчихсэн учир эцсийн шийдвэр тодорхой. 

Гэвч энэ асуудал эргэлзээтэй хэвээр үлдэж байна. НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлэх хууль нь аль хэдийн батлагдчихсан. Тэр үед нь Ерөнхийлөгч хориг тавиагүй одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн зохицуулалт. Хэрэгжиж буй хуулийн зохицуулалтаар орж ирэх орлогыг тооцоолж төсөвт тусгасанд нь хориг тавьж байгаа нь ойлгомжгүй хэвээр байна. 

О.Онон

Эх сурвалж: Olloo.mn  

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх