Мэргэжлийн сүмогийн Нацү башё Токио хотноо эхэлсэн. Өчигдөр/2025.05.14/ башёгийн дөрөв дэх өдрийн барилдаанууд болов. Өнгөрсөн башёг бэртлийн улмаас эрт өндөрлүүлсэн ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн энэ удаагийн башёд барилдаж буй. Харамсалтай нь хүлээлтэд хүрсэн барилдааныг үзүүлж чадахгүй л байна. Түүний хувьд өчигдөр Абитай барилдаж, өвдөг шорооджээ. Ингэснээр хоёр даваа, хоёр унаатай болсон аж.
Аби, Хошорюү хоёрын сүүлийн дөрвөн барилдаанд Аби бүрэн илүүрхэж, бүх учраандаа давжээ. Ёкозүнаг давсан талаараа Аби "Башёгийн эхний өдрөөс л би сайн байсан. Би энэ удаагийн башёд маш сайн төвлөрч байгаа. Үүнийгээ ч үргэлжлүүлмээр байна" гэжээ. Аби башёгийн дөрөв дэх өдөр л анхны даваагаа авчээ.
Хошорюү С.Бямбасүрэн баруун тохойны бэртлийн улмаас гуравдугаар сарын башёг 5-5 гэсэн амжилттай дундаас нь орхисон билээ.
Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн башёгийн эхний хоёр өдөр дараалан ялсан боловч сүүлийн хоёр өдөр дараалан ялагдлаа. Түүнийг шүүмжлэх хүмүүс ч олон байна.
Өмнөх башёгийн түрүү бөх озэки Оносато өчигдөр Охог давсанаар дөрвөн даваа болж, башёг тэргүүлсэн хэвээр үлдлээ. Түүнийг дараагийн ёкозүна цолтон гэж сүмо сонирхогчид харж байгаа. Хэрэв тэрбээр энэ удаагийн башёд түрүүлвэл ёкозүна болох болзолтой.
Бусад монгол бөхчүүдийн тухайд сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн өчигдөр Хирадоүмиг давж, гурван даваа, нэг унаатай болжээ. Түүний хувьд энэ удаагийн башёд түрүүлвэл озэки цолоо эргүүлэн авах боломжтой. Мөн Тамаваши Б.Мөнх-Оргил, Ошома П.Дэлгэрбаяр нар ээлжит даваагаа авсан аж. Харин Чиёошома Г.Мөнхсайхан, Тамашохо Э.Энхманлай нар өвдөг шорооджээ.