Х.Баттулга, М.Нарантуяа нарын “толгойг илнэ”

  • 0
  • 598
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

УИХ-ын Ёс зүй дэгийн байнгын хороо энэ сарын 9-нд хуралдаж, УИХ-ын гишүүн Х.Баттулга, М.Нарантуяа нарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.

УИХ-ын гишүүн Х.Баттулга нь намрын чуулганы 32 удаагийн хуралдаанаас 26-д нь суугаагүй, М.Нарантуяа гишүүн бусдыг доромжилсон гэх асуудлаар хариуцлага тооцуулахаар болсон.

Гэхдээ УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох тухай зохицуулалтад сануулах, уучлалт гуйх, зургаан сар хүртэл цалингийн 20 хувь хасах гэсэн шийтгэл ногдуулахаар туссан. Тодруулж хэлбэл, шийтгэл гэж хэлэхэд бэрх зохицуулалтыг хуульд тусгасан нь УИХ-ын гишүүн нь иргэнээсээ илүү давуу эрх эдэлж байна гэж хэлж болно.

Хэрвээ жирийн иргэн ажлаа тасалбал халагддаг, бусдыг сошиалд доромжилсон үндэслэлээр саатуулагддаг.

Иймээс УИХ-ын гишүүнийн ёс зүйн зөрчилд ногдуулдаг хариуцлагыг чангатгахгүй бол толгойг нь илсэн шийтгэл болж буухаар байгаа юм.

Ер нь УИХ-д чуулган, байнгын хорооны хуралдаа суудаггүй, ажлын хэсгийн хуралдаанд оролцдоггүй, хуулийн төсөл санаачилдаггүй зэрэг гишүүд бий.  Дээр нь худлаа ярина, дэгсдүүлнэ, бусдыг загнах зандрах, гүтгэх зэргээр ёс зүйн зөрчил гаргах тохиолдлууд ч олон. Энэ бүрт хүлээлгэх хариуцлага чанга, наанадаж УИХ-ын гишүүнээс эргүүлэн татдаг байх зохицуулалт суулгахгүй бол парламентад ёс зүй өндөртэй гишүүд нэр дэвшин сонгогдох магадлал улам л бүрдгэрч байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх