Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Шийдвэр танилцуулах хэвлэлийн хурлын үеэр Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Н.Учрал Төгрөг нуурын ордтой холбоотойгоор "Үндэстэн дамнуулсан, олон схем үүсгэсэн, хутгасан асуудлаа шийдэх долоо хоногийн хугацаа өнөөдөр дуусаж байна. Энэ хугацаанд УИХ-ын гишүүн Х.Баттулгаас надад ямар нэг бичиг ирээгүй. Ямар нэг үйлдэл хийгээгүй.
Өчигдөр ярилцлага өгөхдөө Төгрөг нуурын ордын талаар тодорхой хариу хэлээгүй гэж ойлгож байгаа. Хэвлэлээс авсан мэдээллээр намайг "Төгрөг нуурын ордыг минийх гэж нотолж чадвал 100 хувь аваарай" гэж УИХ-ын гишүүн Х.Баттулга хэлсэн байна.
Би хариуцлагатайгаар хэлье, Та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Та нотол гэсэн, би нотолчихъё. Надад нэгдүгээрт хөдөлшгүй нотлох баримтууд бий, хоёрдугаарт албан ёсны баталгаат эх сурвалжууд байна, гуравдугаарт санхүүгийн болон хуулийн мэргэжилтнүүдийн дүн шинжилгээ байна" хэмээв.
Мөн тэрбээр "Баримт өөрөө ярьдаг гэдэг үг бий. 2006 онд УИХ-ын гишүүн Х.Баттулга 90 хувь, Я.Батсүх гэдэг хүн 10 хувийг нь эзэмшиж байсан, анх хамтран үүсгэн байгуулсан Камекс ХХК нь Төгрөг нуур энержи компанийг 100 хувь эзэмшдэг болохыг нотолсон баримт энд байна. Үүний дараа Х.Баттулга нь өөрийн охин Б.Намуун, төрсөн эгч Х.Цэндбаяр нарт хувьцаагаа шилжүүлэн компаниас компани дамнасан, оффшороос оффшорт үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий үндэстэн дамнасан компаниудаар дамжуулан 250 сая ам.доллароор зарсныг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 00402 хувьцааны код бүхий компанийн 507 нүүр баримт энэ хайрцагт бий.
Албан ёсны энэхүү 507 нүүр материал дотор энэ хэлцлийн нөхцөл, үнэлгээ, төлбөрийн бүтэц, хувьцаа, өрийн бичиг, хөрвөх цаас, эзэмшигчдийн бүтцийн өөрчлөлт, Төгрөг нуурын ордын нөөцийн тооцоо, ТЭЗҮ зэргийг нарийвчлан агуулсан нотлох баримт гэж хэлж болно" гэлээ.