Трампийг Ромын эзэн хаантай зүйрлээд АНУ-ын визээ цуцлуулав

  • 0
  • 1075
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Коста Рикагийн ерөнхийлөгч асан, Нобелийн энх тайвны шагналт Оскар Ариас АНУ-ын ерөнхийлөгчийг шүүмжилснийхээ төлөө тус улсад нэвтрэх эрхгүй болов. Өдгөө 84 настай Ариас сүүлийн долоо хоногт цахим сүлжээнд Трамп болон түүний бодлогыг хэд хэдэн удаа шүүмжилжээ. Тухайлбал, нэгэн нийтлэлдээ тэр Трампийг “Бусад үндэстэнд юу хийхийг нь заадаг Ромын эзэн хаан”-тай зүйрлэсэн байна. Мөн хоёрдугаар сарын 28-нд Цагаан ордонд болсон дуулиант уулзалтыг шүүмжилж, Трамп, Ж.Д.Вэнс нарыг Зеленскийг доромжилсон, заналхийлсэн гэж буруутгажээ.

Тэрбээр Мягмар гаригт хэвлэлийн бага хурал хийхдээ “АНУ миний визийг яагаад цуцалсныг мэдэхгүй. Гэхдээ тэдэнд ийм шийдвэр гаргах эрх байгааг хүлээн зөвшөөрч байна. Миний визийг цуцалсан нь ямар нэг хариу арга хэмжээ байж магадгүй. Учир нь би бодсоноо хэлдэг, хэлснээ бичдэг. Намайг чимээгүй болгохын тулд хориг ашигласан ч чимээгүй болгож чадахгүй” гэжээ.

Дашрамд дурдахад, Оскар Ариас 1986-1990, 2006-2010 онуудад тус тус Коста Рикагийн ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Мөн 1980-аад оны Төв Америкийн мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээнд оролцсоныхоо төлөө 1987 онд Нобелийн энх тайвны шагнал хүртжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх