Шоргоолж залхуу

  • 0
  • 106
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Ажилсаг, хөдөлмөрч хүнийг шоргоолж, зөгийтэй зүйрлэдэг. Тэдгээр шавж үргэлж хөдөлмөрлөж, зогсолтгүй хөдөлж байдаг учраас ажилсаг гэсэн “гуншинтай” болсон. Тэгтэл шоргоолж үнэндээ ажил хийх дургүй, залхуу болохыг Америкийн Аризоны их сургуулийн эрдэмтэн Даниэль Шарбонно, Анна нар судалгаагаараа баталсан гэнэ. Тэд уг шавжны таван сүргийг лабораторийн нөхцөлд хэдэн сарын турш ажиглаж, хэрхэн хөдөлмөрлөдгийг нь дүрс бичлэгт буулгажээ. Ингэхэд сүргийн цөөнх буюу 2.6 хувь нь л өдөр тутам идэвхтэй ажилладаг. Харин дийлэнх буюу 70 хувь нь хугас өдөр ажиллаж, 25 хувь нь огт хөдөлмөрлөхгүй өдөржин дэмий тэнэж, цаг нөхцөөдөг байна. Үүнээс үүдэн шоргоолж ажлаа ээлжээр, харилцан сольж хийдэг, эсвэл зарим нь нүднээс далд үүрэг гүйцэтгэдэг гэж эрдэмтэд эхлээд дүгнэжээ. Гэхдээ алдаатай дүгнэлт болох нь олон сарын судалгааны явцад батлагдсан гэнэ.

Тэдний мэдээлснээр, шоргоолжны сүргийн гишүүдийн дийлэнх нь биеийн амрыг харагч байдаг. Хүнээр бол тэдгээр нь алдаг оног ажиллаж, ихэнх цагийг буйдан дээр суун, шар айраг шимж, зурагт үзэж өнгөрүүлдэг бөгөөд ажилчин хэсгийнхний хөдөлмөрийг шулж амьдардаг. Юу ч хийхгүй, өдөржин тэнэдэг зорилгогүй хэсгийнхэн зөвхөн хүн болон шоргоолжны нийгэмд байдаггүй. Нийгмийн зохион байгуулалттай, сүрэглэн амьдардаг бүх төрлийн амьтан, шавжинд ийм зүйл ажиглагддаг гэнэ.

Шоргоолжнуудын амьдралыг судалсан эрдэмтэд “Сүргээс ажилсаг хэсгийнхнийг тусгаарлаж туршихад залхуучууд эхэндээ эмх замбараагүй хөдөлгөөнд орж, эцэст нь ажил хийж эхэлдэг. Харин сүргээс залхуучуудыг тусгаарлахад ажилчид анзаарахгүй, амьдралаа үргэлжлүүлэн, тоо толгойгоо нөхөн өндөглөж байсан. Гэсэн хэдий ч сүрэгт залхуучуудын арми буурдаггүй, ажилчин хэсгийнхэнтэй харьцуулахад илүү өсөлттэй байдаг” гэжээ. Энэ судалгаанаасаа өмнө Аризоны эрдэмтэд хоёр жилийн турш төрөл бүрийн шоргоолжны 20 колонийн амьдралыг судалсан юм байна. Ингээд эхний болон сүүлийн судалгаанууддаа тулгуурлаад “Шоргоолж бидний ярьдаг шиг хичээнгүй, хөдөлмөрч биш. Сүргийн цөөнхөд тийм “гуншин” тохирно. Нийгмийн дийлэнх хэсэг залхуу учраас ажилсаг гэж тодотгох нь буруу” гэсэн байна.

ХӨНӨӨЛТЭЙ УЧРААС ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИХ ХЭРЭГТЭЙ

Шоргоолжтой холбоотой өөр нэг шинэ мэдээ байна. Галзуу шар буюу аnoplolepis gracilipes хэмээх латин нэршилтэй шоргоолж хамгийн түрэмгий, хөнөөлтэй гэдгээрээ алдартай аж. Австрали, Хавай, Сейшелийн арлуудад түгээмэл байдаг эл шавжнаас болж тухайн бүс нутгуудын эко системд ноцтой хохирол учраад буй гэнэ. Түүний хөнөөлийн талаар олон улсад хэдийн мэддэг болсон бөгөөд хэрхэн хамгаалах талаар дэлхийн судлаачид хамтран тархиа “нэрээд” багагүй хугацаа өнгөрчээ.

Тэгвэл эл шавж идшиндээ зориулан ажилчин шоргоолжнуудын өндгүүдийг хураадаг болохыг “Frontiers in zoology” сэтгүүлд нийтэлсэн байна. Галзуу шарын сүрэг дэх ажилчид “хүн” болоогүй өндөгнүүдээ нэг газарт овоолдог үүрэгтэй бөгөөд тэдгээрийг хатан иддэг аж. Ийнхүү идшинд явсан өндөгнүүдийг нөхөх үүрэг хатан шоргоолжийг хамгаалдаг хүчирхэг “эрчүүдэд” ногдоно. Ингэхдээ хэрэв хатан үхээгүй тохиолдолд дураар нөхөн үржихүйд орохгүй. Харин хатан нь нүд аньсан тохиолдолд ажилчин эмэгчингүүдийг хамгаалалтын цэргүүд албадан үржилд оруулдаг гэнэ. Судлаачдын тайлбарласнаар, ямар учраас ийнхүү өндөгнүүдээр хооллодог нь тодорхойгүй аж.

Ташрамд өгүүлэхэд, эл шоргоолжны сүрэг үймж, түгшүүр авсан үедээ ер бусын хурдан хөдөлгөөнтэй болохоос гадна эмх замбараагүй байдал үүсгэдэг учраас “галзуу” хэмээн тодотгодог болжээ. 76-84 өдөр амьдардаг, дунджаар дөрвөн мм урт, нэг үүрэнд хэд хэдэн сүргээр амьдардаг галзуу шарууд газар тариаланд хамгийн хөнөөлтэй. Бэрсүүт жимснүүд болон кофе, кокосын тариалангийн ойролцоо үүрлэсэн галзуу шарууд үндсийг нь гэмтээх, хөрсийг хүчлээрээ түлж, шим тэжээлгүй болгох зэргээр “хорлон сүйтгэдэг” гэнэ. 2004 онд Австралийн хойд хэсэгт Арнемланд хойгийн байгаль хамгаалагч Балупалу Юнупингинг “Энэ төрөл зүйл шоргоолж нь бидний газар нутаг, амьдралыг сүйтгэх болно. Тиймээс яг одоо устгах ёстой” гэж галзуу шарын үүр бүхий бүс нутагт нисдэг тэргээр хор цацаж кампанит ажил өрнүүлсэн байдаг.

Эл шоргоолж зөвхөн тариаланд халтай бус, хурц хэлбэрийн харшил үүсгэдэг учраас ийнхүү “уулгалан” устгахаас аргагүй гэж үздэг судлаач олон аж. Африк, Энэтхэг, Хятадаас гаралтай бөгөөд хөрс, мод, сав, баглаа, боодол, кокос, кофе, какао гээд юуг ч хамаагүй иддэг, дасан зохицох чадвар гойд сайн учраас өдгөө ийнхүү дэлхийгээр тархсан гэдэг. Эл шоргоолжны хор хөнөөлийн хамгийн тод жишээ бол Энэтхэгийн далай дахь Зул сар гэдэг арал юм. 1989 онд тэндхийн 20 сая гаруй улаан хавч галзуу шарын улмаас бөөнөөр үхсэн байна. Ингэснээр арлын экосистемд томоохон өөрчлөлт орж, ургамал, амьтны нэн ховордсон төрөл зүйлд аюул учруулсан гэнэ. Өдгөө үүнтэй ижил зүйл Австрали, Хавай, Сейшелийн арлуудад болж байгаа юм. Өнөөдрийг хүртэл “түрэмгийлэгчид” 25 мянган хавтгай дөрвөлжин км газрыг “эзэлжээ”.

Эл шоргоолжноос болж нэгэн зүйл ховор эрвээхэйгээс эхлээд имж хүртэл аюулд өртөөд буй учраас дэлхийн хөрснөөс арчих цаг нь болсон гэж олон судлаач санал нэгдсэн байна.

Э.Хана

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх