ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Зүүнбаянгийн төмөр зам дээр ажилласан цэргүүдэд ширхэг талхаа 25 мянгаар үнэлэн нийлүүлж, энэ хомхой үйлдлээ улсын нууцад оруулсан л гэнэ. Энэ хүний хамгийн өрөвдмөөр, хамгийн ичмээр луйвар энэ хүрээд парламентийн төвшинд, Бат-Эрдэнэ аваргын амаар яригддаг байжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөсөө өмнө 2017 онд АТГ-аар шалгуулж байсан энэ хүн эдүгээ эргээд эл байр суурин дээрээ унаж байна. Унахдаа зүгээр унахгүй, зүлгэж, зүүгдэж, зүүн баруунгүй гуядана гэнэ дээ.
Түүний шууд хамааралд ажиллаж байсан өмгөөлөгч Баасанцогт нарын нэр дээр бүртгэлтэй буу зэвсэг илэрсэн талаар өнөөдөр мэргэжлийн байгууллага нь мэдэгдлээ. Хуульч Энхбаяр ч бас энэ талаар эвгүй үг дуугарлаа. АН-аас араа харж, урдахаа зарласан мэдэгдэл хийлээ. За тийм ээ, өргөн хэрэглээний барааны үнэ өссөн нь үнэн. Гэхдээ долларын тэрбумтан Женко үүний төлөө, үнийн өсөлтөнд дарлуулсан ард түмний төлөө үймээн дэгдээх үү? Үгүй. Энэ хүнд шорон уу, шор уу гэсэн ганц сонголт цаг хугацааны эрхээр тулж ирлээ. Идсээр идсээр идээний сав хальж, уусаар уусаар уушийн сав цуурч байгаа нь энэ ажээ.
Ерөнхийлөгч байхдаа ч тухайн үеийн Засгийн газрын ар нуруунд хэд хэдэн удаа цохилт өгч байсан энэ хүн Тавантолгойн нүүрснээс чадахаараа зөөж, ядахаараа мөнгө хүүлсэн. Одоо түүний ганц аврал бол АН-ын хууль ёсны дарга болж, парламент дахь суудлаар нь барьцаалан Засгийн газар болон эрх баригч намтай наймаа тохирч, хуурсан, хулгайлсан, хулхидсан гэмт хэргүүдээсээ алд бие мэнд мултрах явдал байлаа. Харамсалтай нь тэр амжсангүй, Дээд шүүх С.Эрдэнийн АН-ыг ёсорхлоо. Тэгээд одоо яах вэ? Хулгайлж тоносон эх орноо хуваана л гэнэ дээ. Хамгийн адгийн адууны хулгайч ч хилийн дээс алхахгүйгээ мэддэг, төрийн соёмбот баганаа хараад төрсөн нутагтаа эргэдэг орчлон юм даа.
Хамгийн хатуу дээрэмчин ч эх орон, ээж хоёртоо сөгдөж амьдардаг хорвоо шүү. Гэтэл энэ хүн яав? Эх орон руугаа эргэж дайрна, эгэл түмнийхээ эв нэгдлийг хагална гэнэ дээ. Хулгайгаа нуухын тулд улсаа хуваана гэдэг чинь хударгагүй хүний араншин. Тэгэхдээ үүндээ нөгөө л үнийн өсөлт, ажилгүйдэл, ядуурлыг ашиглана гэнэ. Учир мэдэхгүй ард түмнээ улдуулна гэнэ, улс төр хийж уулгална гэнэ. Энэ үгийг би хэлээгүй, нэг намынхан нь, нэмэр нэгтнүүд нь, нэгэн цагийн хамсаатнууд нь хэлж байна, илчилж байна. Ганц л асуулт байна. Түүний ил, далд оролцсон гэх энэ үйлдлийг Женког зөвлөхөөрөө авч, авран хамгаалсан Оюун-Эрдэнэ нь, Ерөнхийлөгч байхад нь Тавантолгойн сахиул хийж, хэтэвч хавсарсан Сумъяабазар нь мэдэж байгаа болов уу?
Талбай дээр үнийн өсөлтийг эсэргүүцэн тайван жагсаал хийж байгаа залуус танхай балмад шуналын золиос болох вий дээ. Монголчууд өнөөдөр тарчиг ядарсан байж болно, тарж бутрахдаа, талцаж буудалцахдаа тулаагүй байна. Ялангуяа хөршийн асуудал ээдрээтэй, хөх дэлхийн агаар тайван бус байхад буу зэвсэг, буцаж ноцдог экс л дутаж гэнэ дээ.