Нийгмийн байдал ороо бусгаа, хүмүүсийн амьдрал шалдар булдар өдөр хоног өнгөрсөөр л... амьд хүн алтан аягнаас ус ууна гэж ярьдаг байсан өвгөдийн сургааль цагийн эрхэнд өөрчлөгдөж, амьд явахад их юм үзэх нь ээ болж хувирах нь холгүй байна.
Хүний амь насанд санамсаргүй байдлаар халдах гэмт хэрэг энэ сарын 12-нд цагдаагийн байгууллагад бүртгэгдэн олон нийтэд мэдээлэгдсэн. Гэхдээ энэхүү асуудал нь зогсоолын маргаанаас болсон байгаа юм. Жижигхэн зогсоод нэгнийхээ аминд хүрэх нэг шалтгаан болсон байна гэхээр харамсаад барахгүй.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 25-р хороо “Натур” худалдааны төвийн хажууд байрлах “Хүслийн өргөө” хотхоны ойролцоо хэргийн холбогдогч 38 настай залуу автомашинаа буруу байрлуулснаас болж маргаан үүсч, шаардлага тавьсан хохирогчийг боож унаган хэд хэд цохисон байна. Хэргийн газарт цагдаагийн байгууллага, түргэний эмч ирэхэд хохирогч амьсгал хураасан байж.
Энэ үйл явдал бидэнд харилцаа, хандлага, харилцааны ёс зүйн асуудал дээрээ өөртөө анхаарал хандуулах цаг болсон шүү гэдгийг санууллаа. Цагдаагийн байгууллага аливаа төрлийн гэмт хэрэг нэг хоромын уур бухимдлаа барьж дийлээгүйгээс болдог талаар сүүлийн хэдэн жил ярьж, арга хэмжээ хүртэл зохион байгуулж байсан.
Гэхдээ бид үүнийг ухаарч, ухамсарлахгүй байгааг зогсоолын маргаанаас болж нэгнийхээ аминд хүрсэн хоёр залуугийн үйл явдал гэрчилж байна. Тиймээс хүн бүр өөр өөртөө дүгнэлт хийж, өрөөл бусдыг хүндэлж, оюун ухаант хүн гэдгээ ухамсарлан харилцаа, хандлагаа өөрчилмөөр байна.
Хоромын төдий уур, бухимдлаа дарж, хүлээцтэй байхад залуус суралцах хэрэгтэй байна. Хоромын төдий уур уцаараасаа болж, ид хийж бүтээх насны залуу торны цаана, үр ачаа тойруулан жаргах насан дээрээ яваа хөгшин тэнгэрт дэвшлээ даанч харамсалтай.
Нийгмийн стресс, гэр бүл салалт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, архидалт, ажилгүйдэл, ядуурал нийгмийн стресс, бухимдалд асар их нөлөөлж байгаа хэдий ч хүн та өөрөө өөрийгөө удирдах, өөрийн сэтгэл зүйгээ удирдах чадварт суралцах ёстой.
Техник технологийн хөгжлөө дагаад хүн тасралтгүйгээр суралцаж, өөрийгөө хөгжүүлэх боломж улам бүр нэмэгдэж байна. Тиймээс өөрийн нөөц боломжоо ашиглан хувь хүний хөгжилдөө анхаарах нь соёлт нийгмийн иргэн болж төлөвшихөд дөхөм болох биз дээ.
Судалгаанаас харахад нийгмийн сэтгэл зүй, хүмүүсийн амьдралын чанар, аз жаргалын индекс өдрөөс өдөрт буурсан байна. Энэ нь хүмүүс маш догшин авиртай болж, уур бухимдал ихтэй, биеэ барих чадвар алдагдах зэргээр илэрч байна гэж судлаачид дүгнэжээ.
Ц.МӨНГӨН