Шангри-Ла зочид буудлын Их танхимд өрнө, дорны соёл зэрэгцэн орших нь сонин. Учир нь тэр аяараа европын соёлоор тансагласан олон улсын зэрэглэл бүхий энэхүү зочид буудлын Их танхимын дунд монгол гэрийн буйр хэлбэрээр дугуй тайз засч зочид түүн тийш нуруугаа бус нүүрээ харуулан зэрэглэж тойрон суусан байх ажээ.
Зочид цагтаа бараг бүрэн цугларчээ. Хаашаа л харнав гурван үеийнхэн. Улс төрийн хүрээнийхэн гэхэд л Цэ даргын үеэс эхлээд ная, ерээд оны нам, төрийн удирдагчид, эдүгээх УИХ-ын дарга хүртэлх үе үеийн төлөөлөл ирсэн байна. Урлаг соёлынхон бол тамтаггүй олуулаа, бараг бүх үеийн төлөөлөл хөгжмийн зохиолч, дуучид, соёлын зүтгэлтнүүд байх аж. Бас төрсөн ахаас нь эхлээд төрөл төрөгсөд, төрөлх аймаг сум, хамт ажиллаж байсан байгууллагын төлөөлөл, бизнесийн акулууд зэргээр сэргэг соргог хүмүүс цугларчээ. Зочидын бүрэлдэхүүнийг харахад л түүний амьдралын цар хүрээ ил тод харагдана. Тэр, төр нийгмийн зүтгэлтэн, соёл урлагийн бодлогын эх баригч, хөгжмийн урлагийн бүтээл туурвилч, соён гэгээрүүлэгч, сэтгэгч төдийгүй түмэн олондоо хүндлэгдсэн ардын элч, анд нөхөрлөлийн хүрээлэл дунд жарган яваа монгол сайхан эр хүн ажээ.
Монголын оюуны сорууд, сэтгэгчид, бүтээгчидийн цугларалт гэлтэй энэ цайллага нэртэй дайллага буюу найрын зохион байгуулалт бас сонин. Сүүлийн үед цол энэ тэрийн найр гэгч нэг бол магтаалын хурал, эсвэл чих дүлийрэм нүрэглэх концерт маягтай болчихоод байсныг тэр бас эвдэхийг хүсчээ. Тиймээс тухайлан урдчилан бэлтгэсэн хөтөлбөр, түүний дагуу хатуу дэглэсэн зүйл үгүй ажээ.
Н.Жанцанноров энэ тухай найрын эхэнд Би халуун зунаар Монгол Улсын их сайхан цол хэргэм хүртсээн. Та бүхэнтэйгээ аяга цай уух юмсан гэсээр намрын сэрүү оруулчихлаа. Та бүхэн ажигласан байх аа. Энд ямар ч сценаргүй юм явагдах нь гэдгийг. Хөтлөгчдийн хэн нь зохион байгуулсан юм, бүгдээрээ гарч ирээд сэтгэлийнхээ үгийг хэлчихлээ. Уртын дуучид Асрын өндөр” гэж Дорждагва гуайн шинэчилж хийсэн, дөчөөд оны үед хориотой байсан дууг дууллаа. Гэртээ байгаа юм шиг аяга цайгаа хуваагаад уучихъя” гэнэ билээ. Тэр ч ёсоор болов.
Найрыг Ц.Балхаажав гуай үг хэлж нээсэн нь хүртэл нэг их өнө мөнхийн юм шиг. Жанцанноров ямар ч ажлыг даалгасан ачаа даадаг залуу байсан” гэх үгийг нам, төрийн ахмад зүтгэлтэн хэлнэ гэдэг тэр үеийн үнэлэлт гэж бодогдов. Ачаа даах чадвар гэгч бараг л төрөлхийн шахуу юм байдаг байх.
УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын хөгжмийн ноён оргил Гончигсумлаа Жанцанноров хоёр хуучнаар бол нэг сумын нэг баригадын шахуу хоёр оо. Ламын гэгээний эртний өөрийн гэх ая дан аялгуутай, хөгжмийн ноттой байсан дорно дахины хөгжмийн сургуультай байсан тэр адис жанлавтай газраас агуу их хөгжмийн зохиолчид төрөн гарсан. Тийм учраас Жанцанноров бол дорно, өрнө дахины хөгжмийн урлагийг хослуулан судалж агуу их уран бүтээлийг туурвиж бурхан тэнгэр газар дэлхийгээсээ авъяасын ундарга авдаг хүн” гэж хэлнэ билээ.
Өвөрхангай аймгийн Засаг дарга, Өлзийт сумын засаг дарга нар уул ус нь уярч хүлээн авч байна, унаган нутгийн бид бүхэн бахархаж хүлээн авч байна, таниараа бахархаж байна, онгирч байна” гэж хэлнэ билээ. Тэд ингэж омогшихгүй бол хэн омогших билээ. Ер нь зочдын дунд хүндэтгэл, бахархлаар өвчлөөгүй” хүн нэгээхэн ч алга. Тэр дунд хөгжмийн зохиолчид шиг давилуун хүн бас алга. Тэгэхээс өөр яахав дээ. Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дарга Б.Бямбабаяр Мандухай цэцэн хатан” киноны хөгжим монгол түмэн, монгол туургатныг сэрээсэн” гэж хэлнэ билээ. Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлай Монголын бүх рок попынхон энэ хүнээс, тэр монгол тансаг аялгуунаас суралцаасай” гэж уриалж байна билээ. Монгол тулгатны зуун эрхэм” төслийн хөтлөгч, Олимпийн аварга Н.Түвшинбаяр Сүрэг цагаан зээр сүүдэр гишиглэн цахилаж” гээд л шүлэг уншиж, нийтлэлч Баабар Britannica” толийг орчуулахад Н.Жанцанноров хөгжмийн нэр томъёо, өгүүлэлд оролцсон мундаг хөгжим судлаач” гэж магтаж байна билээ.
Зочид бүхэн үг хэлэх боломжгүй. Түүнийг нь ч сайтар бодож. Тэд эрхэлсэн ажил, уран бүтээлийн төрөл, найз нөхдийн хүрээ гэхчилэн бөөн бөөнөөрөө багцлан гарч ирж үг хэлж байна. Тэр бүхэн нэгийг хэлж хоёрыг өгүүлнэ. Ээ дээ, мөн ч өргөн хүрээнд ажиллаж амьдарч ирсэн, мөн ч үндэсний хэмжээний олон ажлыг санаачлан эхлүүлж үр дүнд хүргэсэн, мөн ч олон найз нөхөдтэй, тэднийхээ итгэл сэтгэлийг хүлээсэн үнэнч анд нөхөр юм гэж өөрийн эрхгүй бодогдоно. Үнэхээр бахархмаар, үндэсний бахархал гэж хайрламаар.
Н.Жанцанноров Цай уулгах хүмүүсийн 700 гаруй хүний нэр гарсан. Энд 400 гаруй хүнд хүүхдүүд урилга хүргүүлсэн байна лээ. Би өөрөөрөө маш их бахархсан. Монголын нийгэмд малчинаас авахуулаад Ерөнхийлөгч хүртэлх өргөн хүрээнд хамтарч ажилласан байх юм. Би үнэхээр азтай хүн байна. Би хүн бүрийн тухай үлгэр домог шиг сайхан юмыг ярьж чадна. Бүгд холбоотой хүмүүс болчихоод байна” гэж цайллагынхаа эхэнд хэлж байсан нь үнэн байна.
Тэрбээр цолны мялаалгаа ийнхүү шинэ маягаар, чөлөөт байдлыг эрхэмлэн зохион байгуулжээ. Тэнд толгой ширээ гэж байхгүй. Өөрөө тэртээ тэнгэрт бурхан шиг залагдчихсангүй. Зочдынхоо дунд зочин шиг яваад л, жирийн зассан ширээндээ суун босоод л, сонгодог урлагийнхантай Хүний заяа”-гаа дуулж ч байх шиг, хэн ч юм хэлсэн шимтэн анхаарч толгой дохин талархаж ч байх шиг. Ер нь юм юманд хүрэх хүртэц гэж мундаг хүн юм байна. Юм бүхнийг шаглан боддог, бодсоноо хэрэгжүүлдэг сэтгэгчдийн л өдөр тутмын төрх байдал тэнд тод харагдаж байв. Тэр нь эрэл л юмдаа. Ер нь их уран бүтээлчдийн амьдрал, уран бүтээлийн замнал ямагт их бага гэлтгүй эцэж цуцашгүй эрлийн зам байдаг билээ.
Н.Жанцанноров бас ингэж нэг хэлсэн. Ер нь залуучуудад хэлэхэд, би төрийн шагналын найр хийхэд дөрвөн эмч урьсан. Одоо арваад болчилоо. Нас ахих тусам даргын тоо цөөрч эмчийн тоо ихдээд байна” гэж. Юм бодогдож байгаа биз. Тэр бас ингэж хэлсэн. Та бүхнийг гарахад Миний л харгуй” гэдэг ном өгнө. Зөвхөн та нарын тоогоор хийсэн байгаа. Найзууд юм чинь уншаад саналаа хэлээрэй. Аятайхан болбол ахиад хэвлэнэ” гэсэн. Ахиад дахиад олон хэвлэгдэх эх сурвалжит ном л доо.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч, хөгжим судлаач Нацагийн Жанцанноровын цолны цайллага үнэ цэнтэй, үнэлэмж дүгнэлттэй, үлгэртэй сайхан боллоо. Миний бие их зохиолч Д.Урианхай, Эрдэнэтийн үйлдвэрийн дарга нартай ханьсан Сэтгэл чивчрэхүй” хэмээх 26 дугаар ширээнд ийнхүү зочилж баатрын авшиг хишиг хүртэв. Шангри-Ла зочид буудлын Их танхим өрнө, дорны их соёлын уулзварт нэгэн үдэш ийнхүү доргин, долгилон байв аа. Баатар хүн баатраараа төрдөг ажээ.
Ү.ХҮРЭЛБААТАР
2019.10.12. 23 цаг 40 минут.