Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй

  • 0
  • 142
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй

 

Шүүх засаглал ялзарсан л гэдэг. Шүүхийн шинэчлэл биш ухралт болсон л гэдэг. Ер нь бол шүүх байгууллагыг чиглэсэн олон нийтийн болоод улс төрийн дайралт бишгүй л нэг өрнөдөг. Хамгийн гол нь энэ бүхний бай нь шүүгчид болоод өнгөрдөг. Уулын мод урттай богинотой гэдэг шиг болдоггүй шүүгч нар бас байгаа л даа. Бусдынхаа "эврийг доргиож”, чихийг халууцуулдаг, шүүхийг хувийн компани шиг, шүүгчийн ажлыг захирлын албан тушаал шиг хэрэглэдэг хүмүүс байдаг. Тэдний зарим эхнээсээ шүүлтүүрээр ороод эхэлсэн.
Харин эхэнд хэлсэн бүхний учиг нь хаанаа байдаг вэ гэдгийг саяхан олоод мэдэх шиг боллоо. Монгол Улс шүүхийн захиргааны байгууллагыг тусад нь гаргаж ШЕЗ-ийг байгуулсан. Гэтэл энд ажиллаж байсан, ажиллаж байгаа Гавьяат хуульч нар олон шүүгчийг хамруулсан томоохон хэргийн толгойд нь заларч явсныг хууль, хяналтын байгууллагынхан илрүүлжээ. Хэрэг үүсгээд шалгаж байна. "…Дэргэд минь байж шүү дээ” гэдэг зохиолын дуу шиг ШЕЗ-өөс толгойлогч маягийн, зохион байгуулагчийн үүрэгтэй Гавьяат хуульч гарч ирж баларсан.
 
 
Шүүхийн захиргааны асуудлыг зохицуулдаг энэ байгууллага ер нь яг юу хийгээд байна вэ гээд толгой сэгсэрчихсэн яваа шүүгчтэй цөөнгүй таарч байлаа. Хоёр, гурван жилийн өмнө дөө, шүүгч нарын хөрөнгө орлогын асуудал дэлгэгдсэн. Х.Нямбаатар гишүүн "…Дансандаа сая ам.доллартай шүүгч байсан шүү дээ” гэж зурагтаар ярьсан юм даг. Харин энэ дуулианы хариуд ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж "…Шүүгчийн дансанд яахаараа сая ам.доллар байж болдоггүй юм бэ” гэж бас л зурагтаар хэлсэн. Дараа нь шүүгч нар олон нийтийн зүгээс мөн ч хатуу шүүмжлэл хүртсэн дээ.
 
 
Энэ Н.Лүндэндорж гэдэг эрхэм өдгөө ШЕЗ-ийн дарга ажилтай. Ингэж хэлэхийн учир нь түүний албан ёсны бүрэн эрхийн хугацаа аль тавдугаар сард дууссан. Бүрэн эрхгүй болоод таван сар болж байна. Оронд нь хүн томилдоггүй. Ингээд л байж байдаг. Орны нь хүн ирвэл ШЕЗ-ийн даргын өрөөнөөс гараад явахад бэлэн, ачаа тээшээ бэлдчихээд сууж байгаа хүн л дээ. Гэхдээ мань эр зүгээр суусангүй. Бас л бужигнуулаад орхилоо. Тагнуулын дарга асан Б.Хурцыг шүүж байгаа энэ өдрүүдэд эрүүдэн шүүсэн хэргийн талаар иргэд яриад эхэлж байна. Хаанаас нь ч харсан эрүүдэн шүүнэ гэдэг байж боломгүй бөгөөд жигшин зэвүүцмээр ажиллагаа юм.
Үүнийг ярихын учир нь Н.Лүндэндоржийн эрүүдэн шүүлтийн талаар хичээл шиг ярьсан бичлэг цахим сүлжээнд таржээ. Сонслоо. Итгэсэнгүй. Дахиад сонслоо. Олон жил хуулийн сургуульд багшилсан Н.Лүндэндорж яалт ч үгүй эрүүдэн шүүлтийн талаар зурагтаар хичээл заагаад сууж байна. Сийрүүлье. "…Монгол Улсад хаваржингаа эрүүдэн шүүлтийн талаар ярилаа. Монголчууд айгаад ичээд сүйд майд боллоо. Гэтэл энэ эрүүдэн шүүлт бол 1921 оноос хойш ч байдаг юм уу, манжийн үеэс явсан, одоо ч үргэлжилж байгаа шүү дээ. Хүнийг таван см-ийн зузаантай банзаар хөдөлж чадахгүй болтол нүдээд, босч чадахгүй болохоор нь шалан дээр ус асгаад, нэг талд нь гүйдэл өгөөд тогонд цохиулаад, тэгээд одоо гялгар уут, шүдний сойзыг хайлуулж байгаад нүцгэн биен дээр нь дусаагаад, …ингэж байсан тухай 2006 оны тайланд бичсэн байна шүү дээ. …Шал долоолгоод, тархин дээр нь Б гэдэг мөрдөн байцаагч гишгээд гэж байгаа юм шүү. Баруун гарынх нь долоовор хурууг бахиар хавчсан гэж байгаа юм шүү дээ. Тэгээд төмрөөр ороолгож намайг зодсон. Ингэж надад хилс хэрэг хүлээлгэж байсан гэж байсан” гэж ярилаа шүү дээ. Н.Лүндэндоржийн энэ яриаг юу гэж ойлгох вэ. "…Эрүүдэн шүүлт гэдэг бол байсаар ирсэн, байх болно” гээд байгаа юм уу. ШЕЗ-ийн энэ яриаг сонссон шүүгч эрүүдэн шүүсэн хэргийг "…Байдаг л зүйл болжээ” гэж шийдэх ёстой юу. Ингэж хэрэг төвгийн процессын талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хичээл зааж  болдог юм уу.
 
Бүх юм номоороо байх үед цагдаагийн байгууллага сурвалжлагч бидэнд хүчингийн хэргийн тухай мэдээлэхийг түдгэлзэх, ямар нэг гэмт хэргийн процесс бичихээс зайлсхийхийг зөвлөдөг байв. Өөр бусад нь гэмт үйлдлийн санаа авахаас сэргийлж байгаа нь тэр. Харин цагдаа цаагуураа өдөр шөнөгүй ажилладаг байсныг сурвалжлагч бид мэддэг юм.
Гэтэл өнөөдөр ШЕЗ-ийн дарга ажилтай Н.Лүндэндорж эрүүдэн шүүх гэдэг гэмт хэргийг зурагтаар сурталчлаад сууж байх юм.
Эндээс нэг л зүйлийг ойлгож байна. Н.Лүндэндоржийн энэ үйлдлийг баргийн хуульч, шүүгч, ялоангуя ийм албан тушаалтай хүн хэзээ ч хийхгүй. Тэгэхээр Н.Лүндэндорж ингэж яриад хэн нэгэнд "галын дэмжлэг” үзүүлж байгаа бололтой юм.
Хэрвээ энэ нөхөр ШЕЗ-ийн даргын ажлыг дахиад хэдэн жил хийх байгаад, бүрэн эрх нь дуусаагүй байсан бол ингэж солиорохгүй л болов уу даа. Ам дамжиж ирсэн нэг л үг бодогдож байна. Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй ээ гэж…
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх