-Төрийн аудитын тухай хуульд зааснаар УИХ-ын дарга Ерөнхий аудиторыг санал болгон зургаан жилийн хугацаатай томилуулах заалттай.
Тэгвэл тус хуулийн дагуу УИХ-ын дарга Д.Амарбаясгалан С.Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитораар томилуулах санал гаргажээ. Саналын дагуу нэр дэвшигчийн сонсголыг тавдугаар сарын 7-нд хийхээр товложээ.
Одоогийн Ерөнхий аудитор Д.Загджавыг тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатар 2024 оны тавдугаар сарын 30-ны өдөр санал болгон томилуулж байсан юм. Д.Загджавын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй ч ийнхүү шинэ хүн томилуулахаар болжээ.
Ерөнхий аудиторт нэр дэвшүүлээд буй С.Магнайсүрэн нь хэд хэдэн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
Тэрээр:
-1997-1999 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч
-1999-2000 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах
-2000-2005 онд УИХ-ын тамгын газарт зөвлөх
-2005-2006 онд СБД-ийн ЗДТГ-т Тамгын газрын дарга
-2006-2007 онд ХХААЯ-нд Сайдын зөвлөх
-2007-2008 онд Сангийн яаманд Газрын дарга
-2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт Нарийн бичгийн дарга
-2015 оны хоёрдугаар сараас Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
-2015 оны аравдугаар сараас Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга
-2023 оны есдүгээр сараас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2024 оны есдүгээр сарын 25-нд Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан юм.