Х.Баттулга түр амсхийж, У.Хүрэлсүх “Хаан” болоход ДӨРӨВ ХОНОГ үлдлээ

  • 0
  • 123
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх энэ долоо хоногийн баасан гарагт, морин цагаар тангараг өргөнө. Ингэж Х.Баттулга явж, У.Хүрэлсүх ирнэ.

ҮАБЗ, УИХ, ЗАСГИЙН ГАЗАР БҮГДИЙНХ НЬ ДЭЭР ГАРАХ У.ХҮРЭЛСҮХ

“Баялагтаа эзэн Монгол” уриатай сонгуульд өрсөлдсөн У.Хүрэлсүх энэ зургаан жилд уул уурхайн салбарт илүү эх оронч ажиллана гэсэн концепцтой. Тийм ч учраас “Рио Тинтотой л чөмгөө дундартал ажиллаарай” гэж манай редакц сонгуулийн маргааш бичиж байв.

Харин Ерөнхийлөгчөөр сонгогдов уу үгүй юу, “Хүүхдийн мөнгө”-ний 100 мянгыг үргэлжлүүлж олгох эсэх асуудлаар ҮАБЗ-ийг хуралдуулна гэдэг асуудал яригдсан. Долдугаар сарын 1-нээс дуусах ковидын үеийн зарим халамжийг үргэлжлүүлэх, энэ тулд төсөв тодотгох боломжтой эсэхийг тэнд хэлэлцэнэ гэх.

Эдгээр халамжуудын автор нь У.Хүрэлсүхийн Засгийн газар байсан. Иймдээ бодлогын залгамж халаа ингэж харагдаж байгаа ч хуучин поп зангаа үл тавьж, нөгөө л халамжиндаа туйлж, эдийн засагт дэндүү дүлий хандсан бодлогыг үргэлжлүүлбэл харамсалтай. Түүнчлэн яг л хаан шиг авирлаж эхэлбэл ард түмэн зүгээр хараад суухгүй.

Жишээ нь ҮАБЗ-ийн гурван гишүүн одоо яг У.Хүрэлсүхээр базагдана. Засгийн газар, Улсын их хурал ч хөшигний ил, далд У.Хүрэлсүхийн зөвлөмжөөр хөдлөх нөхцөл үүсэж буй. Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан цэргийн парадыг цуцал гэж У.Хүрэлсүх чиглэл өгсөн гэх. Мөртлөө өөрийнхөө тангараг өргөх өдөр 3,200 орчим цэргээр ёслолын жагсаал үйлдүүлэхээр бэлтгүүлж буй.

У.Хүрэлсүхийг тангараг өргөхийн өмнөх өдөр МАН-ын их хурал болж, даргаа солино. Л.Оюун-Эрдэнэ болох магадлал хамгийн өндөр байгаа. Ингээд цаашид МАН дотор У.Хүрэлсүхийн фракц нэг хэсэг л жимбий урагшлах дүр зурагтай.

ТҮР БЯСАЛГАЖ ХОЛДООД, ТОМ БОГЦТОЙ ЭРГЭЖ ИРЭХ Х.БАТТУЛГА

Буух дөхөхдөө шагнал гардуулж, зангирал бачуурлаа тайлсан Х.Баттулга одоо ковидын халдвар нэмэгдэхэд голчлон нөлөөлсөн нэг хүнээр нэрлэгдээд сууж байна. Тэр түр “явах”-ад дөрөв хоног үлджээ. Дөрвөн жилийн турш Монголын улс төрд бас л үзэгдэл болтлоо гүрийж, тэрсэлж ажиллаж чадсан тэрбээр ингээд түр зур амсхийх гэж байна.

Бид өмнө нь түүний дөрвөн жилийг тоймлож бичсэн. Төмөр замтай, ял зэмүүдтэй, алсуур зангарагтай ч албан тушаал, эрх мэдэлд тогтож үлдэх гэсэн асар их чичрээтэй дөрвөн жил. Сүүлийн үес, Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихийн тулд олон процессыг “өрнүүлсэн”. Ерөнхийдөө Ардчилсан нам доторх том эвдлэгч хүч нь тэр байсан.

Мөн У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас огцроход нь жагсаал цуглаан зохион байгуулж турхирагч, хамгийн аюултай хүн гэж цоллосон. Бүр МАН-ыг хаалгая гэж захирамж гарган, Төрийн ордон дотроос ч, төв талбай дээр ард олны нүдэн дээр ч хоёр удаа уншиж, “дөвчигнөж” байлаа. Тэгээд, тэгээд барсангүй ээ. Одоо эргээд улс төрөөс түр холдсон хойно сүүлнээс нь чангааж мэдэх төмөр замын асуудал зэргээ бодолцож, У.Хүрэлсүхийг налсан агуулгаар ярьж эхэлсэн гэмээр.

“Яах вэ дээ, У.Хүрэлсүх бол гэнэн амьтан. Сайхан зан чанар олонтой. Ардах С.Батболд тэргүүтэнгүүд нь л толгойг нь эргүүлж, залж чиглүүлээд байгаа юм” гэсэн утгатай өгүүлбэрүүдийг сүүлд ярилцлага өгөхдөө хэлсэн. Энэ нь дараагийн алхмаа хэдий нь бодож эхэлснийг нь гэрчилсэн.

Намар Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль болно. Түүнийг үүнээс өмнө Ардчилсан намаа өөрийн талд цэгцэлж, Ерөнхийлөгчийн сонгуульд түүхэн ялагдал авчирсан С.Эрдэнэ, М.Тулгат нарыг хариуцлага хүлээлгэн хөөж байгаад, нэр дэвшинэ гэсэн прогноз гарч буй. Хэрэв дэвшээд гарч ирвэл УИХ дахь АН-ын бүлгээ удирдан, үлдсэн жилүүдэд супер сөрөг хүчин байх. Цаашлаад дараагийн УИХ-ын сонгуульд намдаа ялалт авчирч, Засгийн газраа бүрдүүлэх зэргээр дахин өгсөх боломж харагдаж буй.

Тэр бясалгангаа  түр зуур л холдох юм. Харин энэ хооронд У.Хүрэлсүх багахан даналзаж, эдийн засагт хор хүргээсэй л гэж олон нийт залбирч байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх