Амьгүй донороос эд, эрхтнийг нь хууль бусаар авсан хэрэг буруутгагдан шүүхээс хорих ял сонсоод буй П.Батчулуун эмч ялаас чөлөөлөгдөх боломжтой болжээ.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Хорих ялаас чөлөөлөх өвчний жагсаалт гэж байдаг. Хорих байгууллагын эмнэлгийн комисс хуралдаад ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад орсон өвчтэй хүн байна гэж үзвэл хорих ялаас чөлөөлөх саналыг гаргадаг. Энэ саналаа прокурорын байгууллагад хүргүүлээд, прокурорын байгууллага шүүх шинжилгээний байгууллагаас дүгнэлт гаргуулаад шүүх рүү ханддаг.
П.Батчулуун эмчийн өвчин хорих ялаас чөлөөлөгдөх өвчний жагсаалтад багтсан байна. Тиймээс ШШГЕГ-ын зүгээс энэ хүнийг ялаас чөлөөлөх нь зүйтэй гэдэг саналаа прокурорын байгууллага руу хүргүүлсэн. Уг санал прокурорын шатанд хянагдаж байгаа.
Прокурор дүгнэлтээ гаргаад шүүх шинжилгээний байгууллага руу дүгнэлт гаргуулахаар хандана. Уг дүгнэлтийг үндэслэж шүүх шийдвэрээ гаргана. Ойролцоогоор энэ асуудал 30 хоногийн дотор шийдэгдэх болов уу гэж таамаглаж байна" гэлээ.