Цахилгаан эрчим хүчний системийн хоногийн ачааллын талаар ЭХЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүчний хэмнэлтийн бодлогын газрын дарга Ц.Атаржаргалын мэдээлснээр өнгөрсөн хоногт хоногийн ачаалал 1202 МВт-д хүрчээ. Энэхүү үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үеийн 1116 МВт-тай харьцуулахад 8 хувиар өсжээ.
Цахилгаан эрчим хүчний оргил ачааллыг даахын тулд өнгөрсөн 24 цагт ОХУ-аас 155 МВт цахилгааныг импортоор авчээ. Энэ нь 3 хувиар буурсан үзүүлэлт юм. Үүгээр манай улсын эрчим хүчний хэрэглээ тодорхой хэмжээгээр буурч байна гэж үзэж болох аж.
Айл, өрх, албан байгууллага, ААН-үүдийн цахилгаан дулааныг хөнгөлж чөлөөлснөөр эрчим хүчний хэрэлгээ өсөж, хамгийн оргил ачаалал нь энэ сарын 15-нд 1303 МВт болсон. Үүнийг өчигдөр буюу 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар харьцуулан авч үзэхэд хэрэглээ буюу ачаалал 107 МВт-аар багасжээ. Импортоор авч буй цахилгаан эрчим хүчний хэрэглээний зөрүү мөн 97 МВт-аар буурчээ.
Ээлжит мэдээллийн үеэр ЭХЗХ-ны Эрчим хүчний хэмнэлтийн бодлогын газрын дарга Ц.Атаржаргал манай улсын эрчим хүчний салбарын нийт суурилагдсан хүчин чадлын талаар танилцууллаа. Тэрээр нийслэлд 3 дулааны цахилгаан станц, Дархан, Эрдэнэт тус бүр нэг, говийн бүсэд 2 станц ажиллаж буйг мэдээллээ.
Үүнээс нийслэл дэх ДЦС-2 нь 24 МВт-д суурилсан хүчин чадалтай бол ДЦС-3 186, мөн гол ачааллыг авдаг ДЦС-4 772 МВт-ын хүчин чадалтай аж. Нийтдээ нүүрсээр ажиллаж цахилгаан дулаанаа гаргадаг ДЦС-ууд нийт 1178.8 МВт-ын суурилсан хүчин чадалтай ажиллаж байна. Үүнээс гадна нийлбэр хүчин чадал нь 155 МВТт-ын хүчин чадал бүхий салхин цахилгаан станц 3, 90 МВт-ын хүчин чадалтай нарны 6 цахилгаан станц ажиллаж байна. Улсын хэмжээнд нийт суурилагдсан эрчим хүчний 83 хувийг нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцууд бүрдүүлж байна.