Дөрөвдүгээр сарын 07-16-ныг хүртэлх ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Дөрөвдүгээр сарын 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, салхи шуургатай байж, сэрүүсэхийг анхаарууллаа.
Хур тунадас:
Дөрөвдүгээр сарын 07-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
Дөрөвдүгээр сарын 08-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо,
Дөрөвдүгээр сарын 09-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
Дөрөвдүгээр сарын 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
Дөрөвдүгээр сарын 11-нд нутгийн зүүн хагаст,
Дөрөвдүгээр сарын 12-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, 10-нд ихэнх нутгаар, 11, 12-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур:
Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан,
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +16...+21 градус дулаан,
бусад нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус дулаан байна.
Дөрөвдүгээр сарын 10-нд нутгийн хойд хэсгээр,
Дөрөвдүгээр сарын 11-нд нутгийн зүүн хасагт сэрүүснэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Дөрөвдүгээр сарын 10-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 10-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Буянт-Ухаа орчмоор шөнөдөө -4...-9 градус, бусад хэсгээр 0...-5 градус хүйтэн, өдөртөө бүх хэсгээр +10...+15 градус дулаан байна. 10, 11-нд сэрүүснэ.