Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-ны ерөнхийлөгч болон Удирдах Зөвлөлийн нөхөн сонгууль энэ сарын 28-нд болно. Уг сонгуульд нэр дэвшигчдийн хүсэлтийг өнгөрсөн сарын 29-нд хүлээн авч, дүрмийн дагуу тав хоногийн дотор сонгуулийн хороо хариугаа өгсөн юм.
Ингэхдээ ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Г.Дашнямыг сонгууль болохоос өмнө сурталчилгаагаа эхлүүлсэн, Удирдах зөвлөлд нэр дэвшсэн Б.Тамир, Ч.Мөнхөө нарыг бичиг баримтын зөрчилтэй гэж үзэж хассан аж.
Энэ талаар "Ховд Вестерн" клубийн үүсгэн байгуулагч Б.Тамир "Холбооны ээлжит бус нөхөн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ өгсөн боловч Сонгуулийн хорооны ажиллах журмын 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалт буюу бичиг баримт дутуу эсхүл хуурамчаар бүрдүүлсэн гэж үзээд хассан бололтой.
Бид ямар учраас хассан тайлбарыг авахаар сонгуулийн хороонд бичиг явуулсан байгаа. Гэхдээ тэд ямар нэг хариу өгөхгүй байх. Анх удаа ийм явдал тохиолдож буй зүйл биш. Сүүлийн 20 жил ийм байдлаар сонгууль явуулж ирсэн.
Сонгуулийн хорооны дарга Н.Жамъян, гишүүн Б.Ариунболд, И.Чимэдбадам, Г.Ганбилэг, Ө.Одончимэг гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр хүмүүс бол хөлбөмбөгийн талбай дээр огт үзэгдэж байгаагүй. Энэ спортын талаар огт ойлголтгүй гэхэд болно.
Энэ хүмүүс бол УИХ-ын гишүүн, МХБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Азийн Хөлбөмбөгийн Холбооны Зүүн Азийг хариуцсан дэд ерөнхийлөгч А.Ганбаатартай холбоотой. Энэ хүн сонгуулиар өрсөлдөж гарч ирээгүй. Ардчилсан Нам (АН)-аас квот худалдаж аваад гарч байсан.
АН-аас сонгуульд нэр дэвшсэн боловч хөлбөмбөгийн холбоонд явуулж буй бодлогод нь ардчилсан шинж чанар байдаггүй.
Энэ хүн Ц.Элбэгдоржийн сонгуулийн менежер байсан хүн. Оролцсон сонгууль болгондоо ялдаг.
Өмнөх сонгуулиар ч бас сая ажлаа өгсөн хүмүүсийг гарах нь тодорхой гэж хөлбөмбөгийн хүрээнийхэн ярилцаж байсныг санаж байна. Тодруулбал сонгууль нэрийн дор жүжиг зохион байгуулдаг. Энэ жүжиг сүүлийн 20 гаруй жил үргэлжиллээ.
Одоо Ц.Анандбазар гэдэг хүнийг оруулж ирэхээр төлөвлөж байна. Энэ хүн бол хөлбөмбөгт нэг ч хувь нэмэр оруулж байгаагүй. Би сүүлийн 15 жил долоо хоногийн дөрвөн өдөрт нь тамирчин, дасгалжуулагчийнхаа ажлыг шалгаад явж байдаг хүн. Дээрх хугацаанд нэг ч удаа талбай дээр харагдаж байгаагүй.
Уг нь дүрмээр бол сүүлийн 4 жил үйл ажиллагаанд оролцсон хүнийг сонгуульд нэр дэвшигчээр бүртгэнэ гэж заасан байдаг ч энэ дүрмээ зөрчсөн.
Манай "Ховд Вестерн" клубийн эмэгтэй баг лигийн аварга болсон. Тун удахгүй эмэгтэй шигшээ баг гадаад руу тэмцээнд явна. Энэ үед холбооны тэргүүнээр Ц.Анандбазар сонгогдвол олон асуудал дагуулах байх.
Хоёрдугаарт Ц.Анандбазар орж ирвэл Монголын хөлбөмбөгөөс ивээн тэтгэгч нар бүр зайлсхийнэ. Энэ хүнийг оруулж иртлээ манай хөлбөмбөгийн холбоо шалдаа уначхаагүй байна.
"Миний эсрэг зохион байгуулалттайгаар хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзэж байна"
Намайг нөхөн сонгуульд өрсөлдөхийг дэмжсэн "Лионс" клубийн тамга нь хуучин, байгууллагын регистрийн дугаарын оронд утасны дугаар байсан. Тус клубээс бусад нэр дэвшигчдийг дэмжсэн бичгийг нь харахад манайд өгснөөс өөр тамгатай байсан. Үүнээс үзэхэд миний эсрэг зохион байгуулалттайгаар хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж харж байна.
Дүрмээр бол нэр дэвшигчийг дөрвөн клуб дэмжих ёстой. Бид таван клубийн бичиг өгсөн. Энэ хүний бичгийг тооцохгүй байлаа гэхэд өөр дөрвөн клубийн бичиг надад бий.
Надад одоо энэ сонгууль огт хамаагүй болсон. Нэр дэвшсэн ч дэвшээгүй ч миний ажил цаашаа явна. Гэхдээ ийм бусармаг зүйлийн эсрэг Монголын хөлбөмбөгчид нэгдээд тэмцээч ээ гэж уриалмаар байна. Монголын хөлбөмбөг улс төрчдөөс салах цаг нь болсон" гэв.