Ц.Нямдорж сайдын өргөн барьсан төсөл ба "Стандарт" банкны хэрэг

  • 0
  • 126
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтон УИХ-ын даргад нэгэн “сонирхолтой” хуулийн төсөл өргөн барьсныг уншигчид санаж буй байх. Хэд хэдэн хуулийн төслийг хамтатгаад “Эрүүгийн багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэж нэрлэсэн.

Тэдгээрийн нэг болох Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тооцох асуудлыг өөрчлөн тусгасан тухай өмнө мэдээлсэн. Хуулийг өргөн барьсны маргааш Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Н.Энхбаярын ярилцлага “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн билээ.

Тэнд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн “хөөн хэлэлцэх хугацаа” хэрхэн өөрчлөгдөж, хэн, ямар ашиг сонирхлоор дахин дахин өөрчилж ирсэн тухай түүхийг тун дэлгэрэнгүй өгүүлсэн байна лээ. Товчхондоо хөөн хэлэлцэх хугацаа, шүүхээс хэрэг буцах гэх мэт ойлголтууд хуульчдын бус, хууль тогтоогчид буюу улстөрчдийн ашиг сонирхлоор явж ирсэн байна. Баримтаар тайлбарлая л даа.

Саяхан, сар орчмын өмнө /2019 оны наймдугаар сарын 19/ Б.Хурц нарын есөн хүнд холбогдох /УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат болон гүйцэтгэх ажлын долоон хүн/ хэргийг Төв аймаг дах Эрүүгийн хэргийг анхан шатны шүүх тав хоног хэлэлцсэний эцэст нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Товчоор хэлбэл, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудалд эдгээр хүмүүс холбоотой гэх шууд нотлох баримт олдсонгүй ээ гэсэн үг. Тиймээс шүүх уг хэргийг нотлуулахаар хэргийг шалгасан газарт нь буцаасан байдаг.

2002 онд Ц.Нямдорж сайдын “өлгийдсөн” Эрүүгийн хуулийг УИХ-аар батлах үед УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх байсан Б.Энхбаяр “Шүүхээс хэрэг буцаах ёсгүй” гэдэг дүгнэлтийг үндэслэлийн хамт бичээд Хууль зүйн байнгын хороонд хүргүүлж байж. Тухайн үед байнгын хороон дарга байсан Ц.Шаравдорж энэ саналыг дэмжсэн хэдий ч хуулийн төсөл Ц.Нямдорж сайдын оруулж ирсэн анхны хувилбар буюу шүүхээс буцаадаг байхаар батлагдсан байна.

2014 онд Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихдаа шүүхээс хэрэг буцаадгийг нь хассан боловч мөн л тухайн үеийн УИХ-ын эсэргүүцэлтэй тулгарч хууль батлагдаагүй. Дараа нь Д.Дорлигжав сайд болоод хуулийн төслийг дахин өргөн барихдаа шүүхээс хэрэг буцаадаг заалтыг эргүүлж оруулж ирсэн байдаг.

Хууль батлагдсаны дараа 2016 онд МАН-ын Засгийн газар хуулийг дахин өөрчлөхөөр болж, Хууль зүйн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг түүн дээр нь ажиллаад “хэрэг буцаадаг” заалтыг дахиад хассан ч УИХ хуулийг батлахдаа бас л эргүүлээд оруулаад ирсэн. МАН-ын бүлгийн хаалттай хуралдаан дээр Ц.Нямдорж гуай “Энхбаярыг зайлуул, гишүүдэд лобби хийгээд буцаадаг заалтыг байхгүй болгох гээд яваад байна” гэж загнасан гэсэн. Тэгээд сайд болонгуутаа зайлуулсан даа.

Монгол Улсын Үндсэн хуульд “Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт буруутайд тооцож үл болно” гэдэг зарчим бий. Энэ зарчим шүүгч нарт ч гэсэн хамаатай. Шүүгч тухайн хүний гэмт буруу нотлох баримтаар тогтоогдох хүртэл хэнийг ч урьдчилж гэмт буруутайд тооцож болохгүй, хувийн итгэл үнэмшилтэй байж болохгүй гэсэн үг. Гэтэл шүүхээс хэрэг буцаана гэдэг нь “Энэ хүн гэм буруутай байна” гэж үзээд түүнийгээ  прокуророор, мөрдөн байцаалтаар нотлуулах гэж шахаж байгаа л хэрэг.

Саяны тохиолдлоос /Б.Хурц нарын хэрэг дээр/ илүү ойлгомжтой харагдана л даа. Эрүүдэн шүүсэн асуудалд эдгээр хүмүүс холбоотой нь тогтоогдохгүй байна гэсэн мөртлөө хэргийг хэрэгсэхгүй болгохын оронд нэмэлт мөрдөн байцаалтад буцаана гэдэг нь “Та нар нотолгоо олоод ир, би яллаад өгье” л гэсэн санаа. Дээрээс өгсөн даалгавар уу, эсвэл олон нийтийн сэтгэлзүйг тандсан тандалт уу, мэдэхгүй.

Уг нь бол шүүх хоёр л төрлийн шийдвэр гаргах үүрэгтэй. Гэм буруутай гэж үзвэл ял хариуцлагыг нь оноох, гэм буруутай гэдэг нь тогтоогдохгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох. Хэргийг нотлох нь прокурорын үүрэг болохоос шүүхийн үүрэг биш.

Бас нэг жишээ...

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан “Жаст”-ын Ш.Батхүү нэрт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа энэ сард дуусч байна.

2015 онд баталсан Эрүүгийн хуулиар хэргийг шалгаж эхэлснээр хөөн хэлэлцэх хугацааг зогсоодог байсныг МАН 2017 онд өөрчилж, хэргийг шалгаж байх явцад буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор болсон байна. Ингээд 2013 онд нээсэн хэргийг хуулийн байгууллага зургаан жил орчим шалгасны эцэст хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгох гэж байна. Үүний тулд энэ хэргийг маш олон удаа шүүхээс буцаасан. Хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сард Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс уг хэрэг буцжээ. Энэ сард хөөн хэлэлцэх хугацаа нь дуусна.

Харин үүнтэй зэрэгцүүлээд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх буюу 2015 оных руу нь эргүүлж оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан байна. Гэмт хэрэг илрэнгүүт буюу хэргийг шалгаж эхэлснээр хөөн хэлэлцэх хугацааг зогсоодог болчихвол хөөн хэлэлцэх хугацаагаар шалтаглаж ял завшдаг одоогийн нөхцөл байдал үгүй болно гэсэн үг.

Гэвч харамсалтай нь хуулийн энэ өөрчлөлт хууль батлагдсанаас хойш үйлдэгдсэн гэмт хэргүүд дээр л үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, хууль хэдий хурдан батлагдлаа ч гэсэн Жаст-ын Г.Батхүү, Ч.Ганзориг нарын хэрэг дээр тухайлбал хуулийн шинэ заалтыг хэрэглэх боломжгүй.

Дахин сануулахад, 2017 оны долдугаар сарын 1-нээс нь Эрүүгийн шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн. Есдүгээр сард нь С.Бямбацогт сайд хуулийн хэрэгжилт дээр мониторинг хийх, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулжээ. Уг ажлын хэсгээс хамгийн түрүүнд хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх санал боловсруулж, 2018 оны хавар хуульчдын зөвлөгөөнөөр оруулаад Хууль зүйн сайдад өгсөн ч өргөн барилгүй өдийг хүрсэн юм байна. Бүтэн нэг жил хагас хав дарсан гэсэн үг.

Гэтэл өнөөдөр “Стандарт” банкны, Ш.Батхүү нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах мөчид Ц.Нямдорж сайд сая хуулийн төсөл өргөн барж байгаа нь ямар ашиг сонирхол байж таарах вэ? Хариулт нь ойлгомжтой.

Чингис хаан “Өмнө зүгт Тангуд улс бий гэдгийг өглөө бүр надад сануулж бай” гэсэн гэдэг. Түүн шиг Ц.Нямдорж сайдын үг болоод үйлдлийг өдөр бүр сануулж байх хэрэгтэй юм даа.

Б.Сэмүүн

Эх сурвалж: inews.mn

 

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх