Б.Ганхуяг: "Тавантолгой түлш" ХХК-ийг 2022 оны өвлөөс бизнесийн зарчмаар нь ажиллуулна

  • 0
  • 144
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Тавантолгой түлш" ХХК-ын эзэмшлийн асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар "Эрдэнэс-Тавантолгой" компанийн захирал Б.Ганхуяг, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар мэдээлэл хийлээ.

Б.ГАНХУЯГ: -"Эрдэнэс-Тавантолгой" ХК 2018 оноос хойш нийгмийн хариуцлагын хүрээнд "Тавантолгой түлш" ХХК-ийг санхүүжүүлж ирсэн. Харин өнөөдрийг хүртэл хувь эзэмшил тодорхойгүй байсан. Манай компани нийтдээ 372 тэрбум төгрөгийн санхүүжилтийг "Тавантолгой түлш" ХХК-д зарцуулчихаад байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Тавантолгой түлш" ХХК-ийн 51 хувийг "Эрдэнэс-Тавантолгой" ХК, 39 хувийг нь Эрчим хүчний яам, 10 хувийг нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хариуцахаар болсон. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах, иргэдийг дулаан орчинд амьдруулах нийгмийн хариуцлагын хүрээнд ажилласан. Цаашдаа бид бизнесийн зарчимаа барьж ажиллана. Бид 14 хоногийн хугацаанд "Тавантолгой түлш" ХХК-ийн бизнес төлөвлөгөөг боловсруулж танилцуулах үүрэг хүлээлээ. Сайжруулсан түлшний бодит өртөг нэг тонн 215 мянган төгрөг. Харин Засгийн газар 150 мянган төгрөгөөр тогтоосон. Цар тахалтай холбоотойгоор 75 мянга болгож бууруулсан. Нэгэнт Засгийн газраас шийдвэр гаргасан учраас ирэх дөрөвдүгээр сарын хүртэл 50 хувийн хөнгөлөлттэй үнээрээ худалдаална. Ямар нэгэн үнэ нэмэх ойлголт байхгүй. Харин 2022 оны өвлөөс эхлээд бизнесийн зарчим руугаа шилжинэ. 215 мянга гэдэг бол 2018 онд тогтоосон үнэ.

НИТХ-ын дарга Ж.БАТБАЯСГАЛАН: -Сайжруулсан түлшний түүхий эдийн нөөцийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар Төв аймгийн нутаг дах дундын бүсэд 131 мянган тонн түүхий эдийг нөөцөлсөн. Мөн зүүн, баруун хоёр үйлдвэрт 75 мянган тонн түүхий эд нөөцлөгдсөн. Энэ нь нийтдээ 80 гаруй хоногийн нөөц гэсэн үг. Барьцалдуулагчийн нөөц 65 мянган тонн түлш үйлдвэрлэхэд хүрэлцэхээр байна. Энэ бол сарын хэрэглээ гэсэн үг. Барьцалдуулагчийг хилээр оруулж ирэх ажилд Ц.Нямдорж сайдаар ахлуулсан ажлын хэсэг онцгойлон анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. 

Сайжруулсан түлш худалдаалах 500 цэг ажиллаж байгаа. Энэ цэгүүдэд өнөөдрийн байдлаар 2200 тонн нөөцлөгдсөн байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх