С.Ганбаяр: Зээл нь нэг удаагийн зөрчилтэй, бүрэн төлөгдсөн бол Зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд тусгахгүй

  • 0
  • 115
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Монголбанк Зээлийн мэдээллийн сантай холбоотой цаг үеийн асуудлаар Монголбанкны Зээлийн мэдээллийн албаны дарга С.Ганбаяр мэдээлэл өглөө. 

Монголбанкны Зээлийн мэдээллийн сан 25 жил үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд ойролцоогоор 600 гаруй банк, санхүүгийн байгууллага мэдээллээ нийлүүлдэг. Тус санд одоогийн байдлаар Монгол Улсын 1.7 сая иргэн, 40 мянган ААН-ийн мэдээлэл нийлүүлэгджээ. Үүний 10 орчим хувь нь хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхтэй байна.

Тэрбээр “2021 оны зургаадугаар сарын 2-ны өдөр зөвхөн нэг удаагийн зээлийн зөрчилтэй, тухайн зээл нь бүрэн төлөгдсөн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байх арга хэмжээг авсан. Тус арга хэмжээнд бүх иргэн, ААН хамрагдах боломжтой бөгөөд хугацаа болон зээлийн дүн хамаарахгүй юм. Энэ нь дэлхий нийтээр тархаад буй цар тахлын үед нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх, банкны салбарт хуримтлагдсан эрсдлийг бууруулах ач холбогдолтой.

Энэхүү арга хэмжээ нь 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ. Иймд иргэн, ААН-үүд хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө 2021 оны зургаадугаар сард багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд тус арга хэмжээнд хамрагдах боломжтой.

Урьдчилсан байдлаарх статистик үзүүлэлтийг дурдвал 65,100 орчим иргэн, 2,428 ААН энэхүү арга хэмжээнд хамрагдах боломжтой гэж гарсан. Гэхдээ энэ тоо өсөн нэмэгдэх боломжтой. Долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсний дараа энэ тоог эргэн мэдэгдэх болно" хэмээв.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх