“Рио Тинто”-д “зам”, өөрсөддөө занга тавьсан сөрөг нэхэмжлэл

  • 0
  • 115
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Оюутолгойн гэрээг байгуулаад 12 жил өнгөрлөө. Монголчууд хувь эзэмшигч биш гэдгээ саяхнаас олноороо ойлгосон. Харин "хөрөнгө оруулалт” нэртэй өрийн 34 хувийг төлөгч гэдгээ мэдэж авсан.
Энэ гэрээнд "Рио Тинто”-тай хамт ашиг сонирхол нь хэсэг бүлэг улстөрчид бий гэж бид харддаг. Тийм зүйл байгаа ч биз. Хардсаар 12 жилийг үдсэн л дээ.
 
 
 
Олноороо "...Энэ гэрээ болохгүй юм байна” гэж ойлгосон үедээ төрийн шийдвэр гаргацгаасан. Гэрээний арван жилийн ой дээр УИХ-аас 92 тоот тогтоол гаргав. "Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” энэ тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой.
 
 
 
 
Жил гаруй гэдийсэн "Рио Тинто” саяхнаас хэлэлцээрийн ширээний ард суулаа. Монголын иргэн Б.Болдыг Зэсийн групп хариуцсан захирлаар томилоод нааш нь илгээв. Манай тал ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсгээ тэдэнтэй уулзуулж эхлэв. Мэдээж хэрэг, одоогоор тодорхой үр дүн гараагүй. Тийм боломж ч байхгүй. Хоёр, гурван удаа уулзаж, "...Та нар дотоод дахь хэрүүлээ цэгцэл” гэсэн санал, сануулга хоёрын нэгийг авав. Шоглуулж л байгаа юм л даа.
Ингээд явж байтал 2021 оны дөрөвдүгээр сарын 21-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Оюутолгой” ХХК-ийн Лондоны Арбитрын шүүхэд гаргасан нэхэмжлэлд сөрөг нэхэмжлэл гаргах шийдвэрийг гаргав. Татварын ерөнхий газраас "Оюутолгой” ХХК-д 2018 онд 359 тэрбум төгрөг, 2020 онд 649 тэрбум төгрөгийн татварын акт ногдуулсан. Энэ татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй гээд Лондоны Арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ийм учиртай юм.
Гэтэл Засгийн газрын өнгөрсөн сарын 21-ний хуралдаанд Х.Нямбаатар сөрөг нэхэмжлэх гаргах төслийг барьж оржээ. Өмнөх өдөр нь нөгөөх ажлын хэсэг хуралдсан байгаа юм.
Ингээд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанд "...Арбитрын маргаанд Монгол Улсын Засгийн газрын байр суурийг хамгаалж, Монгол Улсын эрх ашгийг хангуулах зорилгоор дараах агуулгатай сөрөг нэхэмжлэл гаргах зааварчилгааг "Кинг энд Спалдинг” хуулийн фирмд өгөхийг Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд чиглэл болгох.
 
..."Рио Тинто”, "Туркойс Хиллс Ресурс” компаниудыг маргааны оролцогч талаар нэмэх хүсэлтийг гаргах
...."Рио Тинто”, "Туркойс Хиллс Ресурс” компаниуд "Оюутолгой” төслийн менежментийг хэрэгжүүлэх явцдаа төслийн менежмент, худалдан авалтын алдаа гаргаж, холбогдох гэрээний үүрэг зөрчсөн байж болзошгүй асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах
....Ерөнхий прокурорын 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 1/2300 тоот албан бичигт дурдсаны дагуу нийтийн албан тушаалтнууд "Оюутолгой” ордыг ашиглах гэрээ, далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг боловсруулж батлах явцад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргүүдийн талаар "Кинг энд Спалдинг” хуулийн фирмд мэдээлэл өгч, хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн төсөлд тусгах
...НПГ-аас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж, гаргасан нэхэмжлэлийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болон гадаад улсын шүүхүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн үйл баримтад үндэслэн "Кинг энд Спалдинг” хуулийн фирмээс төлөвлөж буй асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах” гэсэн зүйлүүдийг танилцуулж, Засгийн газар үүнийг нь дэмжжээ. Үүнээс гадна маш ноцтой нэг мэдээлэл бол сөрөг нэхэмжлэлд "...Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах” заалт орсон гэж байгаа юм. Ингээд Лондоны Арбитрын шүүх дээрх маргаанд оролцох сүүлийн өдөр болох 2021 оны дөрөвдүгээр сарын 30-нд сөрөг нэхэмжлэлээ гаргав.
Энэ сөрөг нэхэмжлэлийн сөрөг үр дагавар маш их ажээ. Үүнийг бичигч нь 20 мянган хувьсагч бүхий эдийн засгийн тооцоолуур ярихгүй. Тэгж ч чадахгүй. Гэхдээ Засгийн газрын энэ сөрөг нэхэмжлэлийн дүнд Монгол Улсад занга, харин "Рио Тинто”-д "зам” тавигдана. Үүнийг л хэлэх гэж байна.
 
Нэг. "Оюутолгой” ХХК бол Монгол Улсад бүртгэлтэй, Засгийн газар, "Рио Тинто” хоёрын дундын компани юм. 34 хувь нь манайх гэсэн үг л дээ. Энэ компани "...Татвар ингэж тавьж болохгүй” гэж гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар өөрөө оролцоотой компанид сөрөг зарга үүсгэж байгаа юм.
Хоёр. Х.Нямбаатарын ахалсан ажлын хэсэг, "Рио Тинто”-г төлөөлж ирсэн нөхдүүдийн ярих сэдэв нь дээрх "Оюутолгой” ХХК-ийн заргаас хамаагүй том. Энэ ажлын хэсэг УИХ-ын 92 дугаар тогтоолынэ дагуу Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах, Дубайн гэрээг цуцлах зэрэг Оюутолгойн өгөөж, Монголын эдийн засгийн маргааштай холбоотой маш том сэдвээр ярьж байна.
Гурав. Сөрөг нэхэмжлэлд байгаа утгагүй бөгөөд инээдтэй заалт бол "Рио Тинто”, "Туркойс Хиллс Ресурс” компаниудыг маргааны оролцогчоор татуулъя гэсэн, бас 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болгоё гэх нэхэмжлэл юм. Үүн дээр Арбитраас гарах шийдвэр маш аюултай. Хоёр том аюул бий.
Хэрвээ Лондоны Арбиртыг шүүх манай хүсэлтээр Хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болголоо гэж бодъё. Мэдээж хэрэг, "Рио Тинто” гарна. Манайх өнгөрсөн хугацаанд гаргасан зардлын өрөнд унана. Цаана нь барууны хөрөнгө оруулалтын үүдээ Монгол Улс хаах болно. Бид Оюутолгой дээр өөр хөрөнгө оруулагч хайна. Ерөөс энэ сөрөг нэхэмжлэлийн цаана Оюутолгойн дараагийн эзэн болох хүчний нөлөөлөл ч байж болох юм. 
Нөгөө талаас Арбитр Хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзье. Ийм нөхцөлд манай УИХ-ын 92 дугаар тогтоол, Х.Нямбаатарын ажлын хэсэг бүгд хэрэггүзй болно. Хэлэлцээр зогсоно. С.Баяр нар баатар болно. Яах юм бэ, Арбитрын шүүх Хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болгох шаардлагагүй, сайн гэрээ байна гэчихнэ шүү дээ. Ингээд инээд маань ханиадаар солигдох эмгэнэлтэй үр дүн хүлээгдлээ.
 
Дөрөв. "Рио Тинто”, "Туркойс Хиллс Ресурс” компаниудад "Оюутолгой” төслийн менежментийг хэрэгжүүлэх явцдаа төслийн менежмент, худалдан авалтын алдаа гаргаж, холбогдох гэрээний үүрэг зөрчсөн байж болзошгүй, С.Баяр, С.Баярцогт, Ч.Давааням, Ч.Сайханбилэг нарын албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргүүд, Сү.Батболдтой холбоотой Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болон гадаад улсын шүүхүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн үйл баримтын талаар нэхэмжлэлд багтсан байна. Угтаа энэ бол монголчуудын л асуудал. Жишээ нь, С.Баяр, С.Баярцогт, Ч.Давааням нарыг шийтгэсэн шүүхийн тогтоолд "Рио Тинто”-гоос авлига авсан гэх нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Сү.Батболд ч одоогоор шүүхээр ороогүй. Тэгэхээр эдгээр нь хол явахгүй. Харин энэ Засгийн газар хэзээ нэгэн цагт Монгол Улсынхаа иргэдийн мэдээллийг Арбитрын шүүхэд гаргасан нэхэмжлэлд оруулах замаар эрхэнд нь халдсан хэрэгт унах магадлал өндөр шүү. Лондоны Арбитрын шүүхэд гаргасан Засгийн газрын сөрөг нэхэмжлэл дээр дурдсан байдлаар л дуусна.
Ингэхэд Засгийн газрыг ийм нэхэмжлэлд хэн хөтөлчихөв өө. Хэний захиалга заавраар тэд ийм нэхэмжлэл гаргачихсан бэ. Үүнийг сонирхохгүй орхиж болохгүй.
Ер нь бол "Оюутолгой” ХХК-ийн татварын асуудлаар Арбитрт гаргасан нэхэмжлэлийг улстөржүүлэн, олон нийтийн анхаарлыг ийш нь татаж, улмаар сөрөг нэхэмжлэл гаргахад тасралтгүй уриалан шаардаж байсан хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга гэцгээдэг. Үүний зэрэгцээ зарим улстөрч Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж, 2009 онд Оюутолгойн гэрээг дэмжээд кноп дарж байсан популизмаараа алдартай нэгэн гишүүн өдөр бүр хэвлэлээр ярьж байв.
 
 
 
Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны хоёрдугаар сарын 10-нд Оюутолгойн ордын талаар УИХ-ын хаалттай хуралдаан зохион байгуулах шаардлагатай гэсэн албан бичгийг УИХ-ын гишүүдэд албан бичиг хүргүүлсэн.
 
 
 
Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны дөрөвдүгээр сарын 9-нд Лондоны  Арбитрын шүүхэд "Оюутолгой” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд сөрөг нэхэмжлэл гаргах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төсөл хүргүүлсэн.  Энд бас хэд хэдэн марзан холбоос гарч ирнэ.
Энэ хаваржин хэвлэлээр Английн "Кинг энд Спалдинг” хуулийн фирмийн нэр манай улсын хэрүүлд дурдагдсан даа. Шулуухан хэлэхэд Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой хүмүүс энэ фирмтэй шууд холбогдож и-майл бичилцдэг, прокурорын байгууллагаас ч энэ фирмийн хүмүүстэй холбоотой ажиллаж байсан гэх мэдээллүүд хэвлэлээр нийтлэгдсэн. Манай "Зууны мэдээ” ч нэгэн дугаартаа Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат 2020 оны арваннэгдүгээр сарын 6-нд Английн "Кинг энд спалдинг интернейшнл” өмгөөллийн фирмийн Сара Я Уокерт Мэдээлэл хүргүүлэх тухай МН-123 тоот албан бичиг илгээсэн талаар мэдээлж байв. Тэгж Сү.Батболдыг захиалсан гээд эх сурвалжууд мэдээлж, Сү.Батболд бараг л шууд нэрлэж хэлсэн дээ.
Харин одоо Английн "Кинг энд Спалдинг” хуулийн фирмийн Монгол дахь захиалагч нь Засгийн газар болж таараад гараад ирлээ. Засгийн газар тэдний зөвлөгөөгөөр "Оюутолгой” ХХК-ийн нэхэмжлэлийг ашиглаад маш аюултай, том сэдвээр сөрөг нэхэмжлэл үйлдээд явуулчихжээ.
Дахиад хэлэхэд, үр дүнд нь УИХ-ын 2019 оны 92 тогтоолоор "...Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруул” гэсэн байтал энэ гэрээг хүчингүй болгож, "Рио Тинто”-тай хийх хэлэлцээртээ цэг хатгачих шиг боллоо. Эсвэл "Рио Тинто” нь бүр гарч, дараагийн тоглогч гарч ирэх нөхцөл үүсгэлээ.
 
 
 
Адаглаад л энэ сөрөг нэхэмжлэл тааруухан үр дүн үзүүлбэл "Кинг энд Спалдинг” хуулийн фирмийн хуульч бүрт цагаар төлж буй хөлс, "Оюутолгой” ХХК-ийн эсрэг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамж гээд манай ядруухан эдийн засагтай харьцуулахаар мөн ч том тоо гарч ирнэ дээ. Тэр бүхнийг хохирол хэмээнэ.
 
 
 
Эцэст нь, 12 жилийн тэртээ Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан С.Баяр, С.Баярцогт нар өнөөдөр шоронд сууж, зургаан жилийн өмнө Дубайн гэрээг байгуулсан Ч.Сайханбилэг өдгөө эх орондоо ирж чадахгүй байгаа тавилан хэдэн жилийн дараа эдгээр нөхдөд ирж мэдэх юм шүү.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх