ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
АНУ-ын Хойд Каролина мужид амьдардаг 12 настай хүү цар тахлыг боломж гэж харан ахлах сургуулийн хичээлүүдээ шахаж үзэж, коллежийн хөтөлбөрөө дуусгаж чаджээ. Нэг жилийн хугацаанд Майк Виммер хүү ахлах сургууль болон коллежийн дөрвөн жилийн хөтөлбөрийг шахаж үзэж, нэг долоо хоногт хоёр төгсөлтийн баяр хийсэн аж. Тэрбээр тавдугаар сарын 21-ний өдөр Рован-Кабаррус коммунити коллежийг, тавдугаар сарын 28-ны өдөр Конкорд академи ахлах сургуулийг тус тус төгсчээ. Түүний коллежийн голч оноо 4.0 бол ахлах сургуулийн голч дүн нь 5.45 гэнэ.
Виммер багаасаа л робот болон технологид сонирхолтой байжээ. Тэрбээр 18 сартайдаа анхны "iPad"-аа авч, хэрхэн ажиллахыг нь хараад гайхаж байсан аж. Тэрбээр одоо программ зохиох, робот бүтээх зэрэг бүхий л мэдлэгийг онлайн бичлэгүүдээс олж аван өөрийн "Next Eva Innovations" цахим хуудсаа нээжээ. Мөн Виммер "Reflect Social" хэмээх олон нийтийн сүлжээг юмсын интернеттэй хослуулсан стартап компаниа байгуулжээ.
Майк Виммер "CNN" агентлагт өгсөн ярилцлагадаа "Олон хүн намайг хүүхэд насаа бусад хүүхдүүд шиг өнгөрүүлж чадсангүй, алдлаа гэдэг. Гэхдээ би тэдэнд өөрийнхөөрөө амьдарч байна гэж хэлдэг” хэмээжээ. Тэр бусад хүүхдийн адилаар чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглож, лего эвлүүлэх дуртай гэнэ.