Засгийн газарт одоо уул уурхайн экспортоо л хамгаалах гарц үлдлээ

  • 0
  • 114
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

-Өмнөговьд тархалт алдвал дэлхийн эдийн засаг сэргэсэн ч Монголд сэргэлт ирэхгүй-

Монгол Улс цар тахлын тархалтыг хумьж чадахгүй бол ирэх сарын 5-наас орон даяар хатуу хөл хорио тогтоох нь ойлгомжтой болж ирлээ. Үйлчилгээ, барилга, зам тээвэр гэх мэт бүх салбар сул зогсож, эдийн засаг үндсэндээ тэг зогсоно гэсэн үг. Гэтэл энэ сарын 10-нд Оюутолгойн уурхайд КОВИД-19 халдварын тохиолдол гарснаар зэсийн баяжмалын экспорт бүрэн зогссон. Хятадын талаас хэзээнээс худалдан авалтаа сэргээх нь тодорхойгүй байна. Мөн Тавантолгойн нүүрсний экспорт энгийн үеийнхээс 10 дахин буурав. Гашуунсухайт-Ганц модны боомтоор энгийн үед өдөрт 400-500 машин нүүрс гарч байсан бол Өмнөговь аймагт өвчлөл гарснаас хойш 40-50 болжээ. Энэ нь уул уурхайн экспортод муугаар нөлөөлнө. Цаашлаад эдийн засагт бүр муу үр дүн авчирна гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хэлсэн байна. Ийнхүү Өмнөговь аймагт КОВИД-19 цар тахлын тохиолдол илэрснээр Монголын эдийн засгийн гол хөдөлгүүр уул уурхайн салбар гацаанд ороод байна. Монголд орох валютын орлого төдий чинээ буурч таарна.

Засгийн газраас мэдээлснээр энэ сарын 20-ноос Өмнөговь аймаг дахь Тавантолгой, Нарийнсухайтын ордод үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компанийн ажилчид болон тээврийн жолооч нарыг вакцинжуулж эхэлсэн. Монголын нүүрсний экспортын 95 хувийг дээрх хоёр орд бүрдүүлдэг. Ялангуяа энэ он гарсаар дэлхийн зах зээл дээр түүхий эдийн ханш өссөнтэй холбоотойгоор орлого талаасаа өндөр хүлээлт үүсээд байгаа. Монгол Улс энэ онд нийт 42 сая тонн нүүрс экспортолж, 1.3 их наяд төгрөгийн орлого олох төсөөллийн хүрээнд төсвөө баталсан. Мөн зэсийн экспортоос 1.5 их наяд төгрөг зэргээр нийт уул уурхайн салбар 3.4 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Зэс, нүүрснээс улсын төсвийн орлогын 21.4 хувийг бүрдүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн таван төгрөг тутмын нэгийг зэс, нүүрснээс олно гэсэн үг. Олон улсын байгууллагуудаас гаргасан түүхий эдийн үнийн таамаглал, Тавантолгой, Оюутолгойн ордод үйл ажиллагаа явуулж компаниудын олборлолтын төлөвлөгөөнд үндэслэн ийн тооцсон. Тэгвэл олон улсын бирж дэх зах зээлийн дундаж үнийг нүүрсийг тонн тутамд нь 73 ам.доллар, зэсийг 6500 ам.доллар, алтны үнийг унц тутам 1950 ам.доллар байхаар төсөөлжээ. Ингэснээр Төсвийн тогтворжуулалтын санд 156 тэрбум төгрөг, Ирээдүйн өв санд 1.2 их наяд төгрөг хуримтлуулна. Гэтэл цар тахлын нөлөөллөөр энэ орлого тасраад эхэлчихлээ. Эргэн сануулахад, Засгийн газраас энэ онд уул уурхайн салбараас 3.2 их наяд төгрөгт хүрэхээр тооцсон байдаг. Үүнээс төсвийн нийт орлогын 24.8 хувийг бүрдүүлэхээр төлөвлөсөн боловч гаалийн шинэчлэл бүрэн хэрэгжээгүй, КОВИД-19 цар тахлын нөлөөллөөр зэс, нүүрсний экспорт буурсан юм.

Уг нь дэлхийн хэмжээний банк санхүүгийн байгууллагууд эдийн засагт сэргэлт гарч буйг онцолж эхлээд байгаа. Тухайлбал, Хятадын эдийн засгийн өсөлт энэ онд зургаан хувийг давах эерэг хүлээлттэй болж ирсэн. Ийнхүү цар тахлын дараах улс орнуудын сэргэлт, төв банкуудын хэт зөөлөн мөнгөний бодлогын хэрэгжилт зэрэг нь уул уурхайн түүхий эдийн ханшид өсөлт авчирсан үе одоо л тохиож байна. Улмаар 10 жилийн давтамжтай эргэдэг уул уурхайн түүхий эдийн оргил үе супер цикль эргэн ирж буй аж. Ерөнхийдөө цар тахлаас үүдэлтэй хямарсан дэлхийн эдийн засагт сэргэлт гарч байгаа ч бүрэн сэргэх хүртэл өдий байгааг АНУ-ын төв банкны ерөнхийлөгч хэлжээ. Гэвч анхны тархалтаас арван сарын дараа КОВИД-19 цар тахалтай нүүр тулсан Монгол Улсын хувьд энэ сараас эхлэн байдал бүр хүнд болж ирлээ. Хоногт илрэх халдварын тоо 200 давсан нь эрх баригчдад хатуу хөл хорио тавихаас өөр сонголт үлдээсэнгүй. Дээр нь нийт экспортын орлогын 90 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбар гацаанд орчихлоо. Тиймээс Засгийн газарт одоо бүхий л боломжоороо уул уурхайн экспортоо хамгаалах гарц үлдээд байна. Өвчний тархалтыг эдийн засгийн гол бүс Өмнөговьд алдчихвал дэлхийн эдийн засаг сэргэсэн ч Монголд сэргэлт ирэхгүй. Харин ч гадаад хөрөнгө оруулалт саарч, түүхий эдийн орлого буурах нөхцөл бүрдчихлээ. Дээр нь уул уурхай дагасан олон хүн орлогогүй болж, ажилгүйчүүдийн эгнээнд нэгдэх дарамт бий болчихлоо. Монголбанкны тооцооллоор энэ онд 1.4 орчим тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирэх бөгөөд үүний дийлэнхийг "Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалт эзлэхээр байгаа юм.

Өчигдөр энэ асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрестэй цахим уулзалт хийсэн байна. Энэ үеэр Оюутолгойн уурхайд коронавирусний хоёр тохиолдол гарсантай холбоотойгоор хөдөлгөөнийг бүрэн зогсоож, баяжмал тээвэрлэгч 200 гаруй тээврийн жолооч нарыг вакцинжуулалтад хамруулж байгааг мэдээлжээ. Түүнчлэн БНХАУ руу тээвэрлэх баяжмалын тээврийг эхлүүлэх асуудлаар Баяннуур аймгийн удирдлагуудтай уулзаж, тэдний зүгээс тавьсан шаардлага, болзлын дагуу арга хэмжээ авч байгаа аж.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх