Оюутолгойн хөрөнгө оруулагчид Улаанбаатарт ирж, ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ

  • 0
  • 112
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто”, "Туркойз Хилл”-ийн төлөөллүүд энэ сарын дундуур Улаанбаатар хотод ирж, Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсэгтэй хэлэлцээ хийх аж.

"Оюутолгой” ХХК  татварын актаар ногдуулсан 649.4 тэрбум төгрөгийг төлөөд байгаа. Гэхдээ хөрөнгө оруулагч тал татварын асуудлаарх нэхэмжлэлээ  Арбитраас татаагүй. Арбитрын маргаан шийдвэрлэгдэх хугацаа   2022 оны намар байх магадлалтай байна.

Тэгэхээр өнөөдрийн байдлаар Монгол Улсын Төрийн санд шилжин орж ирээд буй 649.4 тэрбум төгрөг манайд үлдэх эсэх нь маргаан хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарах юм.

Сануулахад, тус компанийн 2016-2018 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар уг 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг Татварын албанаас ногдуулсан байдаг.

Сангийн сайд Б.Жавхлан "Оюутолгойн гэрээнд зайлшгүй өөрчлөх ёстой зүйлс байгаа. Дубайн төлөвлөгөөг өөрчлөх ёстой гэдэг дээр нэгдмэл байр суурьтай байгаа” гэсэн мэдээллийг өгч байна.

Nikkei Asia     энэ сарын 1-ний өдөр Оюутолгой төслийн талаар мэдээлэхдээ Монголын Засгийн газар төслийн хөрөнгө оруулагч талууд, "Рио Тинто”-той хэлэлцсэний үр дүнд Дубайн төлөвлөгөө буюу Далд уурхайн санхүүжилтийн зохицуулалтад өөрчлөлт оруулахаар тохиролцжээ гэж мэдээлсэн. Монголын тал Далд уурхайн санхүүжилт ихээхэн нэмэгдэж, 34 хувьд ногдох ногдол ашгаа авах боломж алдагдаж буйд эсэргүүцсэн байр суурьтай байгааг мэдээлэлд онцолсон байсан.

Мөн дэлхийн хамгийн том зэсийн төслүүдийн нэг болох Оюутолгой Монгол Улсын Ерөнхий сайд болон "Рио Тинто”-гийн удирдлагыг суудлаас  нь унагасныг онцолжээ.

"Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан Дубайн төлөвлөгөөнд  гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал цаашид нэмэгдвэл яах вэ гэдгийг зохицуулсан зохицуулалт байхгүй. Тиймээс бид 2015 оны  төлөвлөгөөнд нэмэлт,  өөрчлөлт оруулах бус шинэ гэрээ байгуулахыг хүсэж  байна гэснийг Nikkei Asia уламжиллаа.

Харин "Reuters” агентлаг  хоёрдугаар сарын сүүлээр мэдээлэхдээ Оюутолгой төслийн менежментийг хэрэгжүүлэгч "Рио Тинто” компани далд уурхайн төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газраас тавьсан саналын дагуу өөрчлөхөд бэлэн байна гэж мэдээлсэн. Энэ хүрээнд "Рио Тинто” менежментийн төлбөр болон төслийн санхүүжилтийг бүрдүүлж буй зээлийн хүүгийн асуудлаар хэлэлцэхэд бэлэн байгаа талаар мэдээлсэн юм.

https://news.zindaa.mn/3mb5
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх