ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг Монгол орны баруун бүсэд байрлах Зэвсэгт хүчний анги, салбарууд, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабуудад ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад ажилласан бол энэ долоо хоногт Ховд, Баян-Өлгий аймгуудад ажиллалаа.
Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч, хурандаа Х.Энхболд угтан авч, ангийн түүхэн замнал, ололт амжилт, үүрэг гүйцэтгэх боломжийг дээшлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулав.
Тус анги нь 1922 онд байгуулагдсан, Зэвсэгт хүчний ууган ангиудын нэг. Ангийн штабын болон цэргийн байр, сургалтын төв, зэвсэг, техникийн агуулах зэрэг байгууламжууд нь 1966 онд баригдаж, зарим объектууд нь 1996 онд байгуулагдсан учир ашиглалтын хугацаа хэдийн дууссан, зайлшгүй шинээр баригдах ёстой гэдгийг ангийн захирагч, хурандаа Х.Энхболд онцолж байв. Мөн тэрээр Манай анги өргөн бүрэлдэхүүнээр үүрэг гүйцэтгэдэг. Үүнийгээ дагаад тэдний зүгээс тав тухтай орчин, нөхцөлд алба хаах шаардлага тулгарч байна. Өнөөдөр Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч, хурандаа Ц.Жавхланбаатар нараар ахлуулсан ажлын хэсэг манай ангид ажиллаж байгаа нь нүдээ олсон чухал үйл явдал болж байна. Дэд сайдын ахалсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ангийн бодит байдал, алба хаагчдынхаа нийгмийн асуудалд тулгамдаж буй бэрхшээлүүдийн талаар багагүй зүйлсийг танилцууллаа. Цаашлаад анги, салбарууд цэргийн хотхоны стандартын дагуу бүтээн байгуулалт хийж өнгө төрхөө сэргээн засаж, барьж байгуулна гэдэгт итгэж байна. 2022 онд манай ангийн 100 жилийн ой тохионо. Энэхүү түүхэн ойг угтсан олон төсөл, хөтөлбөр, бүтээлч ажлыг зохион байгуулах болно” хэмээв.
Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг тус ангийн зэвсэглэл, техник, хүнс, хувцасны агуулах болон цэргийн байр, сууцтай танилцсаны дараа цэргийн гал тогоо, сургалтын төв зэрэг томоохон байгууламжуудтай танилцан бие бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгууллаа. Энэхүү уулзалтад Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хувьд барилга, байгууламжуудын ашиглалтын хугацаа дууссанаас үүдэн зориулалтын бус орчин, нөхцөлд зэвсэг, техник хадгалж, халаалт тааруу, чийгнээс үүдэлтэйгээр хагарч, гэмтсэн дүр зураг харагдаж байна. Бидний баруун бүсийн айлчлалын гол зорилго бол алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн сацуу актлагдаж, ашиглах боломжгүй барилгуудаа шинэчлэх явдал юм. Тийм ч учраас баруун бүсийн аймгуудад томилогдсон ажлын хэсэгт Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын Үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн Зураг төслийн албаны мэргэжилтнүүд барилгын зураг гаргахаар ажиллаж байна. Алба хаагчдын нийгмийн асуудал, тав тухтай байдлыг хангах үүднээс 63 айлын албан тушаалын орон сууц, хичээлийн болон штабын байр барих зайлшгүй шаардлагатай гэсэн та бүхний санаачилгатай санал нийлж байна. Яг одоо Монгол Улсын эдийн засаг коронавирусийн цар тахлаас үүдэлтэйгээр хүндхэн нөхцөл байдалд байгаа боловч ирэх жилүүдээс эргээд сэргэнэ гэдэгт итгэж байна. Тиймээс дараа жилээс бүтээн байгуулалтын ажлууд эхлүүлэхээр төлөвлөсөн хэмээн хэлээд зарим офицер, ахлагч нарт салбарын шагнал, медалиудыг Батлан хамгаалахын сайдын нэрийн өмнөөс гардуулсан.
Дэд хурандаа У.Буянжаргал захирагчтай Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн хувьд бие бүрэлдэхүүн сургалт бэлтгэлд туйлын идэвхтэй хамрагдаж байна. Ангийн захирагчийн хувьд ихэнх бие бүрэлдэхүүний хамтаар Дорноговь аймгийн Зүүнбаянгаас Өмнөгөвь аймгийн Тавантолгойн нүүрсний орд газар хүртэлх төмөр замын бүтээн байгуулалтын ажилд томилогдон ажиллаж байгаа тул тус ангийн штабын дарга, дэд хурандаа Ц.Гантулга энэхүү ажлын хэсгийг угтан авч ангийнхаа үйл ажиллагааг танилцуулав. Үүний дараагаар тус ангийн штабын байр, цэргийн гал тогоо, зэвсэг, техникийн агуулах болон соёл, урлагийн төвтэй танилцсан юм.
Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн хувьд байгуулагдсан цагаасаа хойш 10 жилийн түүхийг бүтээж байгаа отгон ангиудын нэг. Тиймээс ашиглах хугацаа нь дууссан, актлагдсан барилга байгууламжийн талаар ямар нэгэн асуудалгүй гэдгийг тус ангийн штабын дарга, дэд хурандаа Ц.Гантулга уламжилж байсан юм. Мөн тэрээр Зэвсэгт хүчний 340, 331 дүгээр ангиудын алба хаагчдын үр хүүхдүүдэд зориулан 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг байгуулах санал гарган шийдвэрлүүлэхээр болсон. Энэ бол алслагдсан анги, салбарт ажиллаж буй цэргийн алба хаагчдын хувьд баярт үйл явдал боллоо гэв.
Ажлын хэсэг тус ангийн үйл ажиллагаа, барилга, байгууламжуудтай танилцсаны дараа нийт бие бүрэлдэхүүнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсов. Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагуудын төлөөлөл баруун бүсийн Зэвсэгт хүчний ангиудын алба хаагчдад тулгамдаж буй асуудлыг нь шийдэх зорилгоор ажиллаж байна. Цэргийн алба хаагчид маань маш их хөдөлмөрч нь илт мэдрэгдэж байна. Цаашид бид алба хаагчдынхаа нийгмийн асуудалд хандсан багагүй ажлыг төлөвлөж байна. Ирэх дөрвөн жил Батлан хамгаалах салбар хэрхэн өргөжих вэ гэдгийг бүгдээрээ харцгаая. Сайхан ирээдүй, сайхан төсөөллөөр бид ирэх жилүүдийг төлөвлөж байна гэв.
Дараа нь Зэвсэгт хүчний 331 дүгээр ангид ажиллалаа. Ажлын хэсгийг тус ангийн захирагч, хурандаа Ц.Буянтогтох хүлээн авч ангийн үйл ажиллагаа, бэлэн байдал, сургалт, бэлтгэлжилт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсны дараагаар хийхээр төлөвлөсөн бүтээлч ажлуудаа танилцуулсан юм.
Энэ үеэр Соёл, спортын төв болон эмнэлэг зэрэг цэргийн байгууллагад чухал шаардлагатай байгууламжууд дутагдалтай байгааг тус ангийн удирдлагууд уламжилсан юм. Тус ангийн захирагч, хурандаа Ц.Буянтогтох Зэвсэгт хүчний 331 дүгээр анги нь Монгол Улсын хамгийн баруун цэгт үүрэг гүйцэтгэж байгаагаараа онцлог. Бие бүрэлдэхүүн уулархаг районд үүрэг гүйцэтгэх сургалтад хамрагдан үйл ажиллагаагаа жигдрүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт ангийн зарим бие бүрэлдэхүүн ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан Уулын явган цэргийн сургалт”-д хамрагдсан. Ангийн хувьд хугацаа нь дуусаж, актлагдсан барилга, байгууламжууд бусад ангийг бодоход бага. Харин алба хаагчдын албан тушаалын орон сууцны асуудал хамгийн чухал тулгамдаж буй асуудал болж байна. Бие бүрэлдэхүүний дийлэнх нь аймгийн төвөөс ажилдаа ирж байна. Хэдий тийм боловч тэрхүү алба хаагчдынхаа нийгмийн асуудалд чиглэсэн ажлуудыг зохион байгуулж байна. Жишээ нь, сургуулиа төгсөөд ирсэн цэргийн алба хаагчдыг орон сууцаар хангах, офицер, ахлагч нарын гэр бүлийг ажилтай болгох, цэцэрлэг байгуулж алба хаагчдынхаа хүүхдүүдийг хамруулах талаар багагүй ажлыг хийж байна. Мөн энэ жил шинээр жагсаалын талбай байгуулсан. Цаашлаад дараа дараагийн бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөсөн. Үүний нэгэн адилаар анги, байгууллагад бүх асуудлыг цогцоор нь шийдэж ажиллах нь зүйтэй хэмээн бодож байна” гэв. Ер нь тус ангийн байрлал дахь цэргийн гал тогоо, зэвсэг, хувцас, хэрэгллийн болон хүнсний агуулах, тавиулан зэрэг байгууламжуудтай танилцсаны дараа нийт бие бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгуулав. Уулзалтын үеэр дэд сайд Б.Баярмагнай Өнгөрсөн хугацаанд Батлан хамгаалах салбарын үе үеийн удирдлагууд тодорхой ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлсний бодит үр дүнд Зэвсэгт хүчний 331 дүгээр анги байгуулагдсан. Бид бүхэн олон зүйлийг шийдэх ёстой. Түүнийгээ ч үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бидний зорилго нь анги, салбаруудаар биечлэн ажиллаж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдэж байна. Анги, салбаруудад тулгамдаж буй асуудал бол албан тушаалын орон сууцны асуудал. Энэ ангийн хувьд ч мөн адил байгааг харж байна. Тэгэхдээ нэгдмэл зохион байгуулалтаар, үе шат, дэс дараалалтайгаар удирдлагын түвшинд шийдвэрлэхэд болохгүй, бүтэхгүй зүйл байхгүй” гэв.
Ажлын хэсэг дараа долоо хоногт Зэвсэгт хүчний 110, 186, 234, 330 дугаар ангиуд болон зарим салбаруудад ажиллана.
Дэд ахлагч Т.ИДЭР