“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаатай иргэн 96480 төгрөгийн ногдол ашиг авна

  • 0
  • 127
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчиддээ анх удаа ногдол ашиг  өгөх шийдвэр гаргалаа. Ногдол ашгийг хэзээ өгөх вэ?

-Компанийн тухай хуулиар ногдол ашиг олгох шийдвэрийг тухайн оны аудитлагдсан тайланг үндэслэн санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор буюу хоёр дугаар сарын 20-ны дотор Төлөөлөн удирдах зөвлөл гаргах ёстой.  Энэ дагуу бид ногдол ашиг өгөх шийдвэрээ гаргалаа.

Уг шийдвэрийг тухайн оны 5-р сарын 01-ний дотор хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж хэлэлцүүлэх бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан энэ ондоо багтан олгоно. Иргэд маань ногдол ашгаа авахын тулд хувьцааны дансаа нээлгэх ёстой. Одоогоор дансаа нээлгээгүй 600 гаруй мянган иргэн бий.

 -Ногдол ашгийн хэмжээ хэдэн төгрөг вэ?

 -Төлөөлөн удирдах зөвлөл нэгж хувьцаанд 90 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Тодруулбал, 1072 ширхэг хувьцаатай иргэн 96480 төгрөг авна гэсэн үг. 750 ширхэг хувьцаатай иргэн 67500 төгрөг авна. Өөрөөр хэлбэл өөрт байгаа хувьааныхаа тоог 90 төгрөгөөр үржүүлэхэд тухайн иргэний ногдол ашгийн хэмжээ гарч ирэх юм.Хувьцаагаа төрд зарсах, сургалтын төлбөр бусад зүйлд зарцуулсан иргэд цөөнгүй бий. Гэхдээ нийт хувьцаа эзэмшигч иргэдийн 90 хувь орчим нь 741-ээс дээш тооны хувьцаатай. Тэгэхээр иргэдийн гар дээр боломжийн хэмжээний ногдол ашиг очно гэсэн үг. Иргэдийн эзэмшилд байгаа 14.75 хувь буюу 2.2 тэрбум ширхэг хувьцаанд ашиг хуваарилагдана.

-Иргэд ногдол ашгаа яаж авахын тулд ЭТТ аппликейшнийг татаж авч суулгах, хэрэглэх ёстой гэж та сая хэллээ. Энэ ямар учиртай вэ?

 -Бид хувьцаа эзэмшигчиддээ мэдээ, мэдээлэл хүргэх, хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах, санал хүсэлтээ өгөх боломжтой  нэгдсэн бүртгэлийн цогц системийг нэвтрүүлсэн. Энэ аппликейшн болон компанийн вэб сайтаар дамжуулан иргэд ногдол ашигтай холбоотой албан ёсны мэдээллийг авах боломжтой. “Эрдэнэс-Тавантолгой” гэсэн нэртэй аппликэйшнийг Апп стори, Плэй стороос татаж аваад регистерийн дугаараа оруулан нууц кодоо өөрөө зохиож нэвтэрч ороод бүртгүүлж, дэлгэрэнгүй мэдээллээ бөглөөрэй. Энэ аппликейшнийг татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах, мэдээ мэдээлэл авах, санал өгөх зэргээр ашиглаж цаашдаа ЭТТ компанитай хувьцаа эзэмшигчийн зүгээс холбогдох, хөрөнгийн зах зээлд оролцох бүрэн боломжтой болох юм.

Мөн Эрдэнэс-тавантолгой ХК, 1072 хувьцаа мэдээллийн төв пэйж хуудсууд, 1800-1072 дугаараар холбогдож, мэдээлэл авч болно.

/

-Энэ жилийн экспортын төлөвлөгөө ямар байгаа вэ. Олборлолт хэвийн явагдаж байгаа юу?

-Өнөөдрийн байдлаар бид 1.1 сая тонн нүүрс борлуулаад байна. Төлөвлөсөн борлуулалт 1.3 сая тонн байсан нь 80 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Нүүрс тээврийн хилийн хоригтой холбоотойгоор  урьдчилан сэргийлэх эрсдэлийн төлөвлөгөө гарган ажиллаж байна. Хэдийгээр нүүрсний экспортыг зогсоосон ч манай уурхайн үйл ажиллагаа явагдаж байгаа. Гэрээт газрууд маань нүүрсээ тодорхой хэмжээнд татан авч, Цагаан хад дахь гаалийн бүсэд буулгах ажил хэвийн явж байна. Мэдээж короновирустэй холбоотой хоёр улсад тогтоосон хорио цээр хорио худалдан авагч, худалдагч аль аль талдаа нөлөөлж байна.

-Эрдэнэс-Тавантолгой энэ онд улсын төсөвт хэдэн төгрөгийн орлого төвлөрүүлэх вэ?

-2020 онд улсын төсөвт 540 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр баталсан. Энэ төлөвлөгөө өнөөдрийн гүйцэтгэлээр 80 хувьтай байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх