Хятадын эдийн засгийн удаашрал Монголын өсөлтийг хязгаарлана

  • 0
  • 124
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
  • /

    ОУВС: БНХАУ-ын эдийн засгийн өсөлт үргэлжлэн удааширч, 2020 онд 5.8 хувьд хүрэхээр байна
  • Монгол улсын хувьд энэ онд хятадын зах зээлд 42 сая тонн нүүрс борлуулж, үүнээс 1.3 их наяд төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн

Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өнгө төрхийг тодорхойлдог Хятад улс өрхийн хэрэглээг урамшуулах, үйлчилгээний салбараа дэмжих, хөрөнгө оруулалт татах чиглэлд онцгой анхаарч байна. Жилээс жилд удааширч буй эдийн засгийн өсөлтөө тогтворжуулах үүднээс ийнхүү олон талт арга хэмжээ авч эхэллээ.

Хятадын төв банк арилжааны банкуудын заавал байлгах нөөцийн харьцааг 50 нэгжээр бууруулж, өнөөдрөөс эхлэн үүнийг мөрдүүлэхээр болов. Энэхүү арга хэмжээний үр дүнд 800 тэрбум юань суларч, эдийн засгийн эргэлтэд орно гэж тооцжээ. Ойролцоогоор 110 гаруй тэрбум ам.доллар бизнесийн орчныг дэмжих нь. Хэдий тийм боловч ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк тэргүүтэй олон улсын санхүүгийн донор байгууллагууд БНХАУ-ын эдийн засаг хумигдах эрсдэл өндөр хэвээр байгааг анхааруулж буй.

Тухайлбал, ОУВС-гийн шинжээчдийн боловсруулсан таамаглалаар Хятадын эдийн засгийн өсөлт 2020 онд үргэлжлэн саарч, 5.8 хувьд хүрэх магадлалтай гэж үзжээ. Жилд зургаа орчим хувиар өсөж байсан дэлхийн хоёр дахь том эдийн засаг энэ онд 5.8 хувиар өсөх тухай ОУВС-гийн байр суурь Ази, Номхон далайн хөгжиж байгаа орнуудад төдийгүй дэлхийн эдийн засагт ч сөрөг мэдээлэл болж хүрэв.

Энэ дэлхийн бүхий л улс орон өнөөдөр Хятадгүйгээр эдийн засгийн өсөлтөө хадгалж үлдэхэд улам амаргүй нөхцөл байдалд хүрсэн. Тэр тусмаа уул уурхайн бараа, бүтээгдэхүүн, техник технологит аварга том эдийн засгийн үзүүлэх нөлөө тэр хэрээр жин дарах болсон билээ. Энэтхэг, Австрали, АНУ, ОХУ, Индонез, Монгол гээд уул уурхайн бараа, бүтээгдэхүүнээ Хятад руу тасралтгүй нийлүүлж буй эдгээр орны хувьд тус улсын эдийн засгийн өсөлт саарах нь экспортын орлого багасна гэсэн үг.  

АНУ, Хятадын хооронд үргэлжилж буй худалдааны хэлэлцээр эхний үе шатанд хүрсэн боловч Америкийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль, түүнийг угтсан дотоод улс төр, тус улсын Ойрх Дорнодод эхлүүлсэн дайн үүсгэж мэдэх хурцадмал байдал дээрх хэлэлцээр удаашрахад хүргэж болзошгүй.

БНХАУ гадаадын хөрөнгө оруулалтын хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, энэ оноос шинэ эрх зүйн орчноо мөрдөж эхэлсэн. Олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах, тэдэнтэй хамтрах, одоогийн хөрөнгө оруулалтын орчноо сайжруулахаар урьдын хатуу чанга нөхцөл, болзол тулгасан байдлаа харилцан ашигтай байхаар засаж, залруулах болсон.

Мөн Үнэт цаасны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болж, хуулийн төслийг нь хэлэлцэж эхэллээ. Энэхүү бодлогын өөрчлөлт нь сүүлийн жилүүдэд аажим удааширч буй эдийн засгийн уналтын хурдыг сааруулахад чиглэж байна. Хятад энэ оноос зарим төрлийн хүнсний импортын бараа, бүтээгдэхүүний татварыг бууруулахаар болж буй. Үүнд  нийт 850 орчим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн орж байгаа юм.

Монгол Улсын хувьд энэ онд Хятадын зах зээлд 42 сая тонн нүүрс борлуулж, үүнээс 1.3 их наяд төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн. Мөн зэсийн баяжмалын экспортын орлого нэг их наядаас давж буй. 2020 онд манай улс Хятадтай хийж буй гадаад худалдааны эргэлтийн хэмжээгээ 10 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж буй.

Монгол Улсын нийт экспортын 96 хувийг өмнөд хөрш дангаараа эзэлж байна. Харамсалтай нь, Хятадын эдийн засгийн өсөлт удаашрахаар байгаа нь манай улсын төсөвт тооцоолоогүй шинэ эрсдэл боллоо. 2020 оны төсөвт гадаад орчны эрсдэлийг өнгөц харгалзан үзсэн төдийгүй уул уурхайн таваарын үнийг байж болох хамгийн дээд үнийн дүнгээр төсөөлсөн билээ. Энэ нь төлөвлөгөө тасрах, улмаар эдийн засгийн өсөлт саарах нэг бодит шалтгаан болж мэдэхээр байна. Хэрэв өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт дээрх байдлаар агшсаар байвал 2020 оны төсөвт тодотгол хийхэд хүрнэ гэсэн үг.

Дэлхийн хэмжээнд уул уурхайн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдсэн боловч үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах хэмжээний эрэлт байхгүй тул хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт мөн адил энэ онд саарах дүр зурагтай байна. Азийн хөгжлийн банк Хятадын эдийн засгийн өсөлтийг 2020 онд 6.1 хувь болж удааширна хэмээн мэдэгдсэн. Энэ нь сүүлийн гурван жилийн хамгийн доогуур үзүүлэлт юм.

Аж үйлдвэрээс үйлчилгээний салбарт шилжих бүтцийн өөрчлөлт өрнүүлж буй Хятадын эдийн засаг боловсронгуй болох тусам өсөлт нь удаашрахаар байна. Хятадын 2019 оны эдийн засгийн өсөлтийн мэдээлэл ирэх сард албан ёсоор нийтэд тодорхой болно. Дэлхийн банкны таамгаар, өнгөрсөн онд БНХАУ-ын эдийн засаг 6.1 хувиар өсөх хүлээлттэй байна. 

Б.БАЯРТОГТОХ

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх