Идэрхэн “Эрдэнэт” гялалзаж байна

  • 0
  • 126
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Идэрхэн “Эрдэнэт” гялалзаж байна

 

Анхны бүтээгдэхүүнээ 1978 оны арванхоёрдугаар сарын 14-нд галт тэргэнд ачуулж, үйлдвэрийг хүлээж авах ёслолын ажиллагаанд Ю.Цэдэнбал дарга оролцон, сайд Ч.Хурцад түлхүүрийг нь гардуулснаар дэлхийд эхний аравт багтаж, тивдээ тэргүүлдэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн он тоолол эхэлсэн түүхтэй. Зэсийн баяжмалаа экспортод гаргаж эхэлсэн арванхоёрдугаар сарын 14-нийг эрдэнэтчүүд буянт үйлдвэрийнхээ төрсөн өдөр хэмээн үзэж, амжилт, бүтээлээрээ бэлэг барин тэмдэглэдэг уламжлалтай. Монголын эдийн засгийн ачааны хүндийг нуруундаа үүрч, Орхон аймгийн төсвийн 90 орчим, улсын төсвийн 10 шахам хувийг дангаараа бүрдүүлдэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 41 насны төрсөн өдөр өнгөрсөн бямба гарагт тохиов. Энэ оны хувьд уурхайчид ойрын жилүүдэд тохио­гоогүй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийсэн, түүхэн дээд амжилтуудаа шинэчлэн тогтоосон сайхан мэдээтэйгээр үйлдвэрийнхээ ойг угтлаа. Тоног төхөөрөмжөө шинэчлэх, техник технологио боловсронгуй болгох зорилгоор энэ оныг үйлдвэрийн удирдлага бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, өнгөрсөн тавдугаар сараас ажлаа эхлүүлсэн юм.
 Амаргүй хүнд, аятай тайван ямар ч үед өгсөн үүрэг даалгаврыг ямагт биелүүлж, Монгол Улсын, монголчуудын хүлээлгэсэн итгэлийг нэр төртэйгөөр дааж ирсэн уурхайчин хамт олон энэ удаа ч богино хугацаанд ихийг амжуулж, төрөлх үйлдвэрийнхээ түүхэн бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлыг төрсөн өдрөөр нь ашиглалтад хүлээлгэн өгөв.
Уурхайчид өөрсдөө “Их бүтээн байгуулалтын хоёр дахь үеийг эхлүүллээ” хэмээн дүгнэж буй энэ онд “Эрдэнэт үйлдвэр” 420 орчим тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад төсөвлөжээ. Үүнээс хамгийн том хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн зүрх болсон Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсэгт зэс, молибдены баяжмал салгах, молибден баяжуулах шинэ нөөц шугам суурилуулж, бутлан тээвэрлэх хэсгийн 13 дугаар бутлуурыг “МР-800” маркийнхаар сольсон явдал байв. АНУ-д үйлдвэрлэсэн “Inert gas-144” маркийн хөвүүлэн баяжуулах машин бүхий нөөц шугам нь бүрэн автомат, орчин үеийн дэвшилт технологи аж. Нөөц шугамыг суурилуулснаар баяжуулалтын фронтыг  нэмэгдүүлж, молибдены металл авалтыг нэг хувиар өсгөн, жилд 1.8 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олох боломж бүрдэж байна. Мөн ашиглалтын зардал буурах, ажлын байрны нөхцөл сайжрах, хөдөлмөрийн аюулгүй, эрүүл ахуйн таатай орчин бий болгох зэрэг олон давуу талыг бий болгох юм байна.


Харин “МР-800” бутлуур нь Финлянд улсын  “METSO” фирмийн нэрийн бүтээгдэхүүн. Цагт 650 тонн хүдэр бутлах хүчин чадалтай,  хасах 10мм-ийн ангийн агуулгыг 60 хувьд хүртэл бутлах техникийн өндөр үзүүлэлттэй.Эл бутлуурыг ашиглалтад хүлээн авснаар нэгдүгээр шатны хүдэр нунтаглалтын бөөрөнцөгт тээрмүүдийн цагийн ачааллыг нэмэгдүүлж, жилд 95.5 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломж бүрджээ. Баяжуулах үйлдвэрт хийсэн дараагийн ажил нь хүдэр нунтаглалтын долдугаар тээрмийн шинэчлэл аж. Украины “НКМЗ” үйлдвэрийн “МШЦ 5.5*6.5” маркийн шинэ тээрэм нь 140 шоо метрийн багтаамжтай, цагт 280 тонн хүдэр нунтаглах хүчин чадалтай. Жилд 1.2 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр ашгийг үйлдвэрлэлд авчрах юм байна.
Ийнхүү манай эдийн засгийн барометр болдог зэсийн баяжмалыг үйлдвэрлэдэг Баяжуулах үйлдвэрт техник, технологийн томоохон шинэчлэл хийснээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаа тасралтгүй, найдвартай, үр өгөөжтэй байх баталгаа хангагдаж буй юм.
Тус үйлдвэр дэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил Баяжуулах үйлдвэрээр хязгаарлагдахгүй. Үйлдвэрийн удирдлага техник, технологийн талаар баримтлах бодлоготой ажиллаж буйн хувьд ил уурхай, зам, овоолгын авто техникийг шинэчлэхэд 32.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Ингэснээр уулын хэсэгтээ ОХУ-д үйлдвэрлэсэн, сүүлийн үеийн “ЭКГ-12К” маркийн экскаватор хоёр ширхэг, Зам овоолгын хэсэгт “Катерпиллер 16М” маркийн шинэ загварын автогрейдер, “Комацу”-гийн “Д-275А” гинжит бульдозер, 1.2 кубын шанагатай “ПС-220” жижиг оврын экскаватор зэрэг Монгол орны цаг уур, байгаль экологийн нөхцөлд зохицон ажилладгаараа шалгарсан техникүүдээр паркаа шинэчилжээ. 12.5 шоо метрийн багтаамжтай аварга шанага бүхий, цахилгаан зарцуулалтыг 30 хувиар хэмнэх “ЭКГ-12” экскаваторыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн хамт олон 41 жил хуримтлуулсан туршлагаараа өөрсдөө угсарсан талаар ерөнхий захирал Х.Бадамсүрэн бахархалтайгаар зарлаж байсан.
“ЭКГ-12”-ыг жолоодох залуухан экскаваторч шинэ байранд орсон мэт баярлаж “Бүтээмж өндөртэй, цахилгааны хэмнэлттэй, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх шинэхэн техникийг жолоодох болсондоо баяртай байна. Хамгийн гол нь ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг бодолцсон, бүхээг нь битүүмж сайтай, доргио чичиргээ багатай, бүрэн автомат, камертай, цахилгаан мэдрэгчтэй юм байна. Ажилчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг бодолцож, сайхан техниктэй болгосон “Эрдэнэт үйлдвэр”-ийнхээ удирдлагад баярлалаа” хэмээгээд жолоодлогын бүхээг рүүгээ яарсан. Орчин үеийн, хүнд ээлтэй техникээр паркаа шинэчилж буйд уурхайчид баяртай байх нь аргагүй.


“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг ашиглалтад хүлээн авах ёслолын үеэр “2019 он уурхайчид бидний хувьд тод мөр үлдээсэн сайхан жил болж байна. Энэ онд бид техник технологио шинэчлэх, боловсронгуй болгох, уурхайчдынхаа ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийнхээ цар хүрээг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг төлөвлөснөө ажил хэрэг болгож, өнөөдөр ашиглалтад хүлээн авч байна. Техник технологио ийнхүү шинэчилснээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйлдвэрлэл тасралтгүй, найдвартай явах боломж бүрдлээ. Энэ онд хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил үйлдвэрлэлийн зардал хэмнэж, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдүүлэх, эцсийн дүнд үйлдвэрийнхээ үр ашгийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн. Бүтээмж өндөр болбол уурхайчдын цалин хөлс нэмэгдэх нөхцөл бүрдэнэ. Мөн хүний төлөө, уурхайчдад ээлтэй байх талаас их анхаарлаа. Бүтээн байгуулалтын ажлыг нугалж, техник, тоног төхөөрөмжийг богино хугацаанд угсран, ашиглалтад оруулсан уурхайчид, механикжуулагчдадаа талархал илэрхийлье” гэв.
Үйлдвэрлэлд хийсэн бүтээн байгуулалтын ажлын үр өгөөжийн талаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер Т.Батмөнх “Энэ шинэчлэлийн үр дүнд үйлдвэрлэлийн бүтээмж өснө. Хүдэр дэх металлын агуулга буурч буй энэ үед эцсийн бүтээгдэхүүнийхээ хэвийн хэмжээг хадгалж, борлуулалтын орлогоо бууруулахгүй барихын тулд боловсруулалтаа нэмэх шаардлага байгаа. Энэ шинэчлэлийн үр дүнд боловсруулалт нэмэгдүүлэх  хүчин чадалтай болж байна. Нөгөө талаар, техникийн болон технологийн үзүүлэлтүүд сайжирна. Хамгийн гол өгөөж гэвэл, тоног төхөөрөмжийн хувийн зардал багасаж, нэг тонн хүдэр боловсруулах өөрийн өртөг буурна. Ингэснээр үйлдвэрлэлийн үр ашиг дээшилж, тэр хэрээр  ажиллагсдын бодит орлого нэмэгдэнэ. Техникийн шинэчлэлийн хүрээнд хийсэн бүтээн байгуулалтууд дээрх үр өгөөжөө тун удахгүй өгч эхэлнэ. Нэг тодорхой жишээ хэлэхэд, Дөрөвдүгээр сард манай уурхайчид өөрсдийн хүчээр угсарч ашиглалтад оруулсан “ЭКГ-12К” экскаватор өнөөг хүртэл долоон сарын хугацаанд 755 сая төгрөгийн цахилгааны хэмнэлттэй ажилласан. Мөн бүтээмж 20 гаруй хувиар өссөн. Зөвхөн нэг техникийн өгч буй үр ашгийг харахад ийм тооцоо гарч байгаа. Тэгэхээр бидний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийсэн шинэчлэл, техник тоног төхөөрөмж бүхэн үр ашгаа өгнө гэдгийг баттай хэлье” гэсэн юм.

У.БЯМБАСҮРЭН: ҮЙЛДВЭРИЙН УДИРДЛАГА ТАВЬСАН ЗОРИЛТОО САЙН БИЕЛҮҮЛЖЭЭ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн төрсөн өдрийн баяр, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг хүлээн авах ёслолд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн оролцсон. Тэрбээр “Би өдгөөгөөс гурван жилийн өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Тэр үед үйлдвэрийн уул, геологийн нөхцөл хүндэрсэн, хүдрийн агууламж багассан, техникийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгарсан, ажилчдын нийгмийн асуудалд ч анхаарал хандуулах хэрэгтэй болсон гэх мэтийн олон асуудал тулгамдсан ээдрээтэй цаг үе байлаа. Тэгэхэд бид 100 хувь Монголын үндэсний компани болсон “Эрдэнэт үйлдвэр”-ийнхээ удирдлагад уул уурхайн салбарын өмнөө барьдаг мэргэжилтнүүдийн нэг Х.Бадамсүрэн гуайг томилсон. Үүнээс хойш гурван жилийн хугацаа өнгөрчээ.
Үйлдвэрийн удирдлага энэ хугацаанд өмнөө тавьсан зорилтыг үнэхээр сайн биелүүлж ажилласан байна. Техник, технологийн шинэчлэл хийж, ил уурхайдаа олон сайхан шинэ техник авсныг нь харлаа. Баяжуулах үйлдвэртээ шинэ шугам ашиглалтад оруулсныг нь хүлээн авах ёслолд оролцлоо. Энэ хугацаанд геологи хайгуулын ажлаа эрчимжүүлж, “Эрдэнэт үйлдвэр” Монголын эдийн засагт голлох үүрэг гүйцэтгээд явах хугацааг уртасгасан байна. Энэ бүхнийг хийж бүтээж чадсан үйлдвэрийн удирдлага болон уурхайчид, нийт хамт олонд баяр хүргэе. “Эрдэнэт үйлдвэр” бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаа маш сайн төлөвлөж, цаг уур, улирлаа ч тооцон, богино хугацаанд бүх ажлаа амжуулсан байна. Энэ бол төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд сайн жишиг тогтоож, бизнесийн байгууллагуудыг манлайлж буй хэрэг гэдгийг зориуд тэмдэглэе” хэмээн, зууны манлай үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТҮҮХЭН ДЭЭД АМЖИЛТЫН БУУХИАГАА ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР

Дөч хүрсэн эр, дөрөө дарсан ат гэж монголчууд зүгээр ч нэг хэлчихээгүй болов уу. 40 эргэм насанд оюуны болон биеийн хүч чадал бүрэн жагсаж, тэгширдэг учраас ид нас гэдэг биз. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон хувьд нэмэр оруулдаг “Эрдэнэт үйлдвэр” хүнээр бол ид насандаа гялалзаж явна. Уг байгууллага 41 насны төрсөн өдрөө түүхэн дээд амжилтуудаа шинэчилсэн амжилттай угтсан юм.
“Эрдэнэт үйлдвэр” энэ онд 32 сая тонн хүдэр боловсруулжээ. Энэ нь тус үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт аж. “Эрдэнэт үйлдвэр”-ийн түүхэн дээд үзүүлэлт гэдэг Монгол Улсын хувьд ч түүхэн дээд үзүүлэлт байдаг билээ.
Ил уурхайгаас олборлож, боловсруулах хүдрийн хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрснээс гадна улс, орон нутгийн төсөвт оруулж буй орлого буюу уурхайчдын бүтээж буй үндэсний баялгийн хэмжээ ч түүхэн дээд амжилт тогтоогоод байна. Энэ онд “Эрдэнэт үйлдвэр” улсын төсөвт 900 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлж буй. Улсын төсөвт нэг байгууллага их наяд руу дөхсөн орлого оруулсан тохиолдол одоогоор анхных. Төрийн өмчит үйлдвэрийн газар муу ажилладаг гэсэн тогтсон ойлголтыг энэ үзүүлэлтүүд эвдэнэ биз ээ.

БАХАРХАЛТ ОН ЖИЛҮҮД ҮРГЭЛЖИЛНЭ

Сүүлийн гурван жилд “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага геологи хайгуулын ажилд ихээхэн анхаарал хандуулж, 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ хөрөнгөөр сансрын зураглалаас эхлээд өрөмдлөг хүртэлх хийж болох бүх төрлийн аргаар геологи хайгуулын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийсэн байна. Зөвхөн өрөмдлөгийн ажил л гэхэд 110 орчим мянган тууш метр болсон гэнэ. Үүний үр дүнд Эрдэнэтийн овооныхоо эргэн тойронд наанадаж 60 жил ажиллах нөөц тогтоогоод буй аж. Өөрөөр хэлбэл, өмнө нь 40 жил ажиллаад уурхайн нөөц дуусна гэж ярьдаг байсныг сүүлийн жилүүдийн геологи хайгуулын ажлын үр дүнд 20 жилээр сунгасан байна. Энэ нөөцөө нэмэгдүүлэх их итгэлтэйгээр хайгуулын ажлыг цаашид үргэлжлүүлэхээ “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн хэлж байна.
Засгийн газар ч тэднийг дэмжиж, Геологи хайгуулын ангийг нь экспедиц болгон, цар хүрээ, статусыг нь нэмэгдүүлэх шийдвэр гаргаад буй билээ. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд геологи, хайгуулын чиглэлээр хамтарч ажиллах тухай баримт бичигт “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн гарын үсэг зурсан нь геологи хайгуулын ажил илүү далайцтай, үр дүнтэй үргэлжилнэ гэсэн хүлээлт үүсгээд байна.
Ямар ч байсан буурал уулаа түшсэн буянт үйлдвэрийн нүргээн ойрын 60 жил тасрахгүй. Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжлийг түүчээлэх бахархалт он жилүүд нь үргэлжилсээр байх нь.
Эрдэнэтийн овоо өнгөтэй байна
Энэ зууны царай байна

Үндэсний шуудан

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх