Өчигдөр машинтай жагсагчид автозамын хөдөлгөөнийг хааж, НИТХ-аар хэлэлцэн баталсан Авто зам ашигласны төлбөрийг автомашины хөдөлгүүрийн багтаамж, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэргээс нь хамааран ялгамжтайгаар тогтоож, сардаа 8300 төгрөг байхаар төлөвлөсөн шийдвэрийг эсэргүүцсэн. Мэргэжлийн байгууллагын ажилтны хэлж байгаагаар нийслэлд 1000 орчим км урт зам байдаг бөгөөд эдгээрийн засвар арчлалтын ажлыг бүрэн гүйцэтгэхийн тулд жилдээ 50-70 тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай байдаг хэдий ч өдгөө зам ашигласны төлбөрт жилдээ нэг авдаг 20-40 мянган төгрөг нь нийт 12 гаруй тэрбум төгрөгийг Нийслэлийн авто замын санд төвлөрдөг, энэ нь дээр дурьдсан нийт замын 10-20 хувийн засвар үйлчилгээний ажлыг л дөнгөн данган хэрэгжүүлэх төдийд хүрдэг гэдгийг дурьдсан байдаг. Ийм нөхцөлд авто замын засвар үйлчилгээг сайжруулах тухай яриад ч хэрэггүй гэдгийг иргэн та ойлгох биш.
Дэлхийн хэмжээний том хотуудын тоонд орж байгаа Улаанбаатар хот авто замаа энхэл донхол, эвдрэл гэмдэлгүй болгохын тулд жолооч бүр өөрийн авто замын ашигласны төлбөрөөр дамжуулж өөрсдийн хувь нэмрээ оруулах боломжтой байсан хэдий энэ асуудал элдэв нам, улс төрчдийн гар хөл болсон, нөхдүүдийн жагсаал нэртэй “шантааж”, улс төрийн нэр нөлөөгөө өргөх гэсэн оролдлогын үр дүнд замхарах нь болтой. Тэгвэл иргэдийн нэр барьж, улс төрийн оноо авах гэсэн явуургүй нам, улс төрчдийн гар хөл бологсод хэн вэ?
Машинтай жагсагчдын гэдэг ч үнэндээ “тоон дотор үсэг цохиж явна” гэгчийн үлгэрээр АН-ын залуучуудын холбооны тэргүүлэгч, Машинтай жагсагчдын удирдагч Б.Цэгмэд, НИТХ дах АН-ын бүлгийн ажилтан Ж.Энхбат, МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Оюунбаатар, “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар, Монголд үйлдвэрлэсэн цахилгаан автобус гэдэгч үнэндээ 100 хувийн цэнэгээрээ 60 км яваад өдөрт 3-5 цаг цэнэглэх нэрээр сул зогсолт хийх шаардлагатай болдог нэг бүр нь 494 сая төгрөгийн өртөгтэй “МОН-30 автобус” үйлдвэрлэгч компанийн төлөөлөл зэрэг ихэнх нь нам, улс төрчдийн гар хөл бологсод, хувийн ашиг хонжоо хөөгсөд, олон нийтэд нэр нүүрээ таниулахыг хүсэгчдээс бүрдсэн “жагсагчид” байх юм.
“Авто замын татвараа нэмэхээ зогсоо” /татвар, төлбөрөө ч ялгахгүй/ хэмээн хамаг чангаараа баорилж бархирч яваа тэдний улс төрийн зорилготой үйлдэл нь хотын иргэдийн дуу хоолойг бүрэн төлөөлөх үү гэдэг асуудал урган гарна. Хэрвээ үнэхээр иргэд олон нийтийг эвдрэлгүй замаар зорчуулах гэсэн НИТХ-ын шийдвэрийг эсэргүүцсэн бол сошиал болон бусад олон хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлэх бөгөөд энэ мэтийн нам, улс төрчдийн гар хөл бологсодод итгэхгүй байсан биз.
Эх сурвалж: www.zaluu.com