Одоогоос хорь гаруй жилийн өмнө1997 оны зун би Архангай аймагт ядуурлыг бууруулах ФАО-гийн төсөл дээр ажиллаж байлаа. Өлзийт суманд явах зуураа Орхоны хуучин модон гүүрний хажууд усанд орж байтал гэнэт нэг нисдэг тэрэг дээгүүр эргэлдэж байснаа хажуухан дэнж дээр буучихдаг юм байна. Нутгийн ардууд ч түргэн авсан мэт дорхиноо цуглачихлаа. Нисдэг тэргэнээс гадаадын голдуу хэсэг хүмүүс буусны дунд Монголд өрнөж буй ардчиллыг дэмжихээр ирсэн АНУ-ын төрийн нарийн бичгийн танил дүр нүдэнд тусав.
Хамгаалалтын албаныхан бужигнаад хэнийг ч ойртуулсангүй, тэд ч тун удалгүй буцаад нисчихлээ. Сургийг сонсвоос эрхэм зочин ганцхан шидээд метр хэрийн тул барьсан гэнэ. Наадмын өмнөхөн 7 сарын 4-нд би АНУ-ын тусгаар тогтнолын өдрийн хүлээн авалтанд ЭСЯ-нд нь уригдан очвол өнөөх тулыг бүхлээр нь шараад зоогийн ширээн дээр тавьсан байлаа. Том тулыг тэнд ирсэн бүх зочид хангалттай хүртэцгээсэн дээ.
Энэ явдал тэртээ оюутан цагт надад тохиосон нэгэн үйл явдлыг санагдуулсан юм. Би МГУ төгсөх жилээ хэдэн найзуудтайгаа хамт Москвагаас Ленинград орохоор аялж яваад Валдай гэдэг гайхалтай үзэсгэлэнтэй гоё нуурын дэргэд хоноглохоор болж майхан саваа засан зогслоо. Найзууд нууранд сэлэхээр явцгааж би нутгийн нэг өвгөнөөс 60 рублиэр төлөг худалдаж аваад монгол маягаар төхөөрч суух зуураа төлөгний эзэн өвгөнтэй зуу татан дотносож, халуун яриа өрнүүлэх завшаан тохиосон. Яг нөгөө Шолоховын “Хүний хувь заяа” кинон дээр гардаг шиг юм болсон.
Өвгөн залуудаа тэр үеийн КГБ-ийхний даалгавраар онц чухал үүрэг гүйцэтгэдэг нууц ажилтан байжээ. Нуурын эрэг дээр тусгайлан бэлдсэн отогт төр засгийн удирдлагууд ирж амардаг, мань энэ тэдний хоол ундыг нь бэлдэлцдэг байсан гэж ярилаа. Сталин, дараа нь Хрущев, Брежнев гээд бүдүүн бүдүүн дарга нар ирж наргицгаадаг тэр үедээ загасчлахад нь мань эр жинхэнээсээ “тусалдаг” байжээ.
Яаж? Томчууд ууж идээд нилээд халамцуухан загасчлахаар тусгайлан бэлдсэн модон тавцан дээр ширээ засан тухлацгаадаг, тэр үед мань эр усны хувцастай шумбан алсаас ирж дэгээнд нь загас сэмхэн өлгөчихөөд буцдаг түүнийг нь дарга нар татаж гаргачихаад магнай хагартал баярлацгаадаг байсан юм байх.
Яг л ийм явдал тэр жил Орхон гол дээр болсон болов уу гэж би харддаг.
Мөн иймэрхүү явдал 80-аад оны үед тэр үеийн Найрамдлын САА-д болсон тухай надтай хамт ХААЯаманд ажиллаж байсан гавьяат агрономч Аюур гуай бас ярьж байсан юм.
Сансрын нисэгч Жанибеков, Гүррагчаа, Ляхов, Ганзориг нарыг Монголд айлчлах үеэр анд явуулах болсон тул амьд чоно барьж бэлдэх тушаал дээрээс ирсэний дагуу САА-нхан хэдэн өдөр хөөцөлдөж байж хоёр чоно арайчүү барьж аргамжиж гэнэ. Товлосон өдрийн үүрээр тусгайлан зассан задгай УАЗ-469 дээр зочид хоёр хоёроо босоогоороо бэхлүүлж аваад нүд алдам тариан талбай дундуур туучиж өгсөн юм байх.
Товлосон ёсоор эхний чоноо зочдыг угтуулан тавьтал Ляхов хөөж очоод нам буудчихаж. Хоёр дахь чоноо Жанибековоор буудуулах санаатай ойрхон тавьтал мань эр буудаж алдаад дахиад Ляхов хусчихаж. Өөр бэлдсэн чоно байгаагүй тул чонын ав дуусаж, тэр үед Сэлэнгэ аймгийн намын хорооны дарга байсан Хасбазар гуай чоно ахиухан бэлдээгүйд биднийг загнан хачин их ууртай үлдэж байсан гэж Аюур гуай ярьж байж билээ.
Мөн Брежнев даргыг 1974 онд Монголд айлчлах үеэр нь Богд ууланд буга буудуулж халамцуухан даргатай зэрэг гох даран өнөөхийг нь унагаж баярлуулж байсан тухай Бал даргын комиссар байсан хүн бичсэнийг бас уншсан юм байна.
Ш.Пүрэвсүрэн
Эх сурвалж. www.sonin.mn