"Дубайн гэрээ" дуусаагүй, гэхдээ...

  • 0
  • 107
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх өчигдөр /2019.11.19/ эсрэг тэсрэгийн парадокс ч байж болохоор шийдвэр гаргав. Ерөнхий агуулга нь бидний товчлон нэрлэдэг “Дубайн гэрээ”-г хууль зөрчсөн гэж үзсэн. “Дубайн гэрээ” буюу “Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөө”-г л хууль зөрчсөн гэж үзсэн юм. Гэхдээ Захиргааны хэргийн шүүхийн тайлбарт анхаарал хандуулах хэрэгтэй. “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв гэсэн байгаа. Энэ төрийн бус байгууллага тухайн үеийн Ерөнхий сайдын гурван захирамжийг хууль зөрчсөн эсэхийг шийдвэрлэхийг нэхэмжилсэн юм. Үүнийг бүхэлд нь  хангасан гэж тайлбарласан. Түүнээс бус гэрээг хууль зөрчсөн, хууль зөрчсөнтэй холбогдуулан ингэх ёстой гэсэн хатуу шийдвэр бус хуулийн нөхцөлөөр хэрхэн ч тайлбарлаж болох шийдвэр гаргасан гэсэн үг.

Хожмоо хууль зөрчсөн, улам дордуулсан, Монголд орж ирэх ашгийг улам цааш нь түлхсэн, улсаас том компанийн хавханд өөрөө орсон гэж шүүмжлүүлэх хувь заяатай “Дубайн гэрээ” 2015 онд байгуулагджээ.

Түүхийн хуудсыг одоогоос дөрвөн жилийн өмнөх рүү буцаая.

Арабын нэгдсэн эмирт улсын нийслэл Дубай хотноо 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр “Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд хөрөнгө оруулагч тал, Монгол Улсын төлөөлөл оролцоон гарын үсэг зурсан байдаг. Нийтдээ найман зүйл бүхий 21 хуудас энэхүү гэрээгээр Далд уурхайн бүтээн байгуулалтад Монгол Улс, “Эрдэнэс Оюу Толгой” компани, хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс”, “Рио Тинто” хэрхэн оролцох харилцааг л зохицуулах гэрээ байсан юм. Энэ гэрээний гуравдугаар зүйлд “Дотоодын эдийн засагт үзүүлэх нөлөө” гэж Монгол Улсын хэтийн ирээдүйг тольдсон том утгатай зүйл заалт бий.

Үүнээс нэг зүйлийг бид ойлгох хэрэгтэй. Олон улсын шинж чанартай гэрээ контракт дээр Монгол Улсын шүүх ямар нэгэн тайлбар хийх, шийдвэр гаргах эрх байхгүй. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх зөвхөн институц болон хуулийн этгээдийн гаргасан шийдвэр Захиргааны ерөнхий хууль зөрчсөн үү, үгүй юу гэдгийг л тайлбарласан шийдвэр байсан.

Энэ заалтад нэг том тодорхойлолт бий. “Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөө”-ний гуравдугаар зүйлийн 3.1-д “Далд уурхайн үе шатны бүтээн байгуулалт, үйл ажиллагааны зардал, Монгол Улсын Засгийн газарт төлөх төлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор Монгол улсын нутаг дэвсгэрт зарцуулагдах зардлын тооцоо, бүтээн байгуулалтын ажлын болон зардлын төлөвлөгөөг дараах хүснэгтэд тойм байдлаар үзүүлэв. Энэхүү хүснэгтэд танилцуулсан тоо баримтууд нь төслийн цар хүрээ, зардал, график төлөвлөгөө, техникийн үзүүлэлтүүд, зах зээлийн нөхцөл байдал зэрэг Далд уурхайн ТЭЗҮ-д тусгагдсан өгөгдлүүд дээр үндэслэн тооцоологдсон болно. Монгол Улсын дотоодод зарцуулах зардлыг Оюу Толгой компанийн хуримтлуулсан туршлага, бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөө зэрэгт тулгуурлан тооцож энд үзүүлсэн байгаа ба зохих чанарын шаардлагыг хангах, зардлын хувьд хэмнэлттэй дотоодын ханган нийлүүлэгчдээс хамаарна гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Бүх тоог цаг хугацааны энэ мөчлөг дэх нөхцөл байдал дээр үндэслэж тооцсон бөгөөд тэдгээрт баталгаа гаргахгүй тул бодит гүйцэтгэлээр эдгээр тооцооллоос зөрүүтэй дүн гарч болно” гэж заасан нь бий.

Эндээс эрхэм уншигч та бүхэн сүүлийн өгүүлбэрт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ хэсэгт “Энэ мөчлөг дэх нөхцөл байдал дээр үндэслэж тооцсон бөгөөд тэдгээрт баталгаа гаргахгүй тул бодит гүйцэтгэлээр эдгээр тооцооллоос зөрүүтэй дүн гарч болно” гэж заасан байгаа. Далд уурхайн зардал нэмэгдэж, хугацаа хойшилсон утгатай маргаан дэгдээсэн тохиолдолд хөрөнгө оруулагч тал ч, Рио Тинто ч гэрээнийхээ энэ заалтыг бариад заргалдана гэсэн үг. Зөвхөн далд уурхайн бүтээн байгуулалтад хоёр тал, хөрөнгө оруулагч талыг оролцуулаад гурван тал хэрхэн харилцах вэ гэдгийг тодорхойлсон гэдгийг энд мартаж болохгүй.

Тухайн үед “Дубайн гэрээ”-г байгуулахтай холбоотойгоор УИХ-ын гурван тогтоол, Ерөнхий сайдын дөрвөн захирамж гарсан байдаг. Ерөнхий сайдын дөрвөн захирамжийн хоёр захирамжаар гэрээ байгуулах эрх олгосон гэдгийг санах хэрэгтэй. Харин үлдсэн хоёр захиамж нь гэрээтэй холбоотой ажлын хэсэг байгуулж, түүний удирдамжийг баталсан процедурын шинж чанартай байсан юм.

Эсрэг тэсрэгийн парадокс гаргасан Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр бол захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа хууль зөрчсөн үү, эс зөрчсөн үү гэдгийг шийдвэр маргаан байсан гэдгийг санах хэрэгтэй. Энэ утгаар нь харвал “Дубайн гэрээ” гэж нэрлэсэн энэ гэрээтэй огт холбоогүй маргаан гэдэг хуулийн тайлбар гарч байгаа юм.

Энэ талаар “Эрдэнэс-Монгол” компанийн хуульч С.Арсланбек өөрийн фэйсбүүк хуудастаа “Захиргааны акт буюу нэр бүхий захирамж илт хууль бус боллоо гээд гэрээ хүчингүй болохгүй. Илт хууль бус захиргааны акт, Гэрээ хүчингүй болох хоёр ялгаатай, тэс өөр ойлголт” гэж тодорхойлжээ.

Үүнээс нэг зүйлийг бид ойлгоно. Олон улсын шинж чанартай гэрээ контракт дээр Монгол Улсын шүүх ямар нэгэн тайлбар хийх, шийдвэр гаргах эрх байхгүй.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх зөвхөн институц болон хуулийн этгээдийн гаргасан шийдвэр Захиргааны ерөнхий хууль зөрчсөн үү, үгүй юу гэдгийг л тайлбарласан шийдвэр байсан. Энд гэрээг хүчин төгөлдөр эсэх дээр ямар нэгэн маргаан байхгүй гэсэн үг. Нэр бүхий төрийн бус байгууллага ч энэ л агуулгаар шүүхэд хандсан. Харин шүүх энэ агуулгыг нь дэмжиж, шийдвэр гаргасан. Процессын хувьд алдаа байсан гэдэг дүгнэлтэд хүрлээ гэсэн үг.

“Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэдэг шиг монголчууд өөрсдөө хуулиа сахидаггүй юм байна гэсэн айдас хөрөнгө оруулагч талд ч, цаашид орж ирэх хөрөнгө оруулагчид ч үлдлээ. Одоо процессын алдаагаа засах арга байхгүй. Процессын хувьд алдаатай байсан гарын үсгээ зурсан. Рио Тинто ч, “Оюу толгой” ч “Дубайн гэрээ”-г өөрчлөхгүй гэсэн байр суурьтай байгаа. Процессоо алдсан бид энд бантангаа зуураад үлдлээ...

Б.Болорсүх

Эх сурвалж: Zindaa.mn

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх