Дөрвөн жилийн өмнө Ч.Сайханбилэгийг засаг удирдаж байх үед Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчлахдаа нэг тэрбум ам.долларын зээл олгохоо амлаад буцаж байв. Тэгэхдээ данс руу шууд шилжүүлчихгүй, дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх замаар л өгнө гэсэн юм. Харин Модигийн амлалтыг сонссоноос нэг жил хагасын дараа засгийн дараагийн кабинет нэг тэрбум ам.доллароор “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэх болсноо зарласан билээ. Яг өнөөдрийн тухайд Монгол Улс амлалтын нэг тэрбум ам.долларыг аваагүй. Тэр мөнгө газрын тосны үйлдвэрийн барилгын ажилд зарцуулагдах тооцоололтой. Өдгөө Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж дууссан гэгдэх автозам, төмөр замын санхүүжилт 250 тэрбум төгрөгийг Монголын Засгийн газар Хөгжлийн Банкнаасаа зээлсэн байр байдалтай байгаа.
Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Нарендра Модитой уулзах үеэр мөнөөх нэг тэрбум дээр нэмээд 236 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг Энэтхэгийн тал гаргасан нь тодорхой боллоо. Ер нь бол энэ мөнгийг олгох тал дээр Энэтхэгийн тал нааштай байр суурь илэрхийлсэн гэдгийг албаны хүмүүс өнгөрсөн тавдугаар сард хэлж ярьж байсныг сануулъя. Нэмж зээлэхээр болоод буй 236 сая ам.доллар нь газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцэд зарцуулагдах санхүүжилтийн зардал гэдгийг хэлэх хэрэгтэй байх.
Нэмж шаардагдаж байгаа 200 гаруй сая ам.долларыг шийдвэрлэх ямар боломж байгааг УУХҮЯ-ны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаяраас тавдугаар сарын эхээр тодруулахад “Газрын тос боловсруулах үйлдвэрт 236 сая орчим ам.долларын нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа. Гэхдээ энэ бол яг одоогоор тулгамдчихаад байгаа асуудал биш. Ажил графикийн дагуу явагдахад тухайн цаг үедээ шаардагдах юм. Бид нэмэлт 236 сая ам.долларын хөрөнгийг одооноос хөөцөлдөж эхэлж байна. Энэтхэгийн Засгийн газарт хүсэлт тавьсан, нааштай хариу авсан. Цаг хугацаа нь болоод үнэхээр шаардлагатай гэвэл Засгийн газраас гаргахад ч гэсэн нэг их буруу зүйл байхгүй болов уу гэж харж байгаа. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн яг одоо тулгамдаад байгаа асуудал биш” гэж байсан юм. Мөн түүнээс Энэтхэг, Италийн компаниудын оролцоотой ТЭЗҮ эцэслэгдээгүй байхад үйлдвэрийн шавыг тавьсан гэх асуудлыг тодруулахад “ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2018 оны арваннэгдүгээр сарын 15-нд хүлээгээд авчихсан. ТЭЗҮ дээр Италийн “KT-Kinetics technology” компани хөндлөнгийн хяналт тавьсан. Нэлээн боловсронгуй ТЭЗҮ болсон гэж ойлгоход болно. ТЭЗҮ дээр одоогийн байдлаар ямар нэгэн асуудал гараагүй, хэвийн байгаа. Энэтхэгийн компаниас байнга ирж, нөхцөл байдалтай танилцаж байгаа. Бид Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн менежментийн зөвлөхөөр шалгарсан “Engineers India limited” компанийн гэрээн дээр ажиллаж, нөхцөлүүдийг тодорхойлж байгаа. Манай болон тэдний талаас тавьж буй нөхцөл дээр бага зэрэг саналын зөрүүнүүд байгаа учраас нэг талдаа гарахын тулд жаахан цаг хугацаа орж байна” гэсэн мэдээллийг өгч байв. Тэгэхээр өнгөрсөн саруудад анхаарал татаж байсан 236 сая ам.долларын асуудал ямар ч байсан шийдэлд хүрчээ.
Цаасан дээр нэмэгдэж буй ч бодитоор хараахан орж ирээгүй байгаа уг зээлийн мөнгөнөөс гадна анхаарал хандуулах ёстой өөр асуудлууд бий. Тухайлбал, газрын тос боловсруулах үйлдвэрт түүхий эдээ хэрхэн яаж, өртөг багатайгаар хүргэх вэ гэдэг асуудал гол нь. Дорнодын сав газраас Сүхбаатар аймгийн газар нутгийг дамжуулан Дорноговь аймагт байрлах үйлдвэрт түүхий тос хүргэхийн тулд 650 километр дамжуулах хоолой татах асуудал яригдаж өдийг хүрсэн. Шугам хоолой татах асуудал амар биш. Гэхдээ нэг бариад байгуулчихвал дараа дараагийн өртөг зардал буурна гэдгийг хэлэх мэргэжилтнүүд бий. Урьдчилсан тооцооллоор дамжуулах шугамын бүтээн байгуулалтад 400 орчим сая ам.доллар зарцуулах тооцоолол гарч байсан. Тэгвэл энэ тоо өөрчлөгдөж 600 сая ам.доллар болсныг Ерөнхийлөгчийн айлчлалын багт багтан Энэтхэгт яваа Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хэлж байх юм.
Үйлдвэрийн барилгыг нэг тэрбумын зээлээр барьчихлаа гэхэд түүхий эдээ дөхүүлэх дэд бүтцээ шийдээгүй тохиолдолд зүгээр “балгас”-наас ялгаагүй болно. 650 километр замыг туулах дэд бүтэц нь дамжуулах хоолой байх уу, эсвэл төмөр зам байх уу гэдгээс хамаарч олон асуудал үүсэх янзтай
Түүнийг энэ мэдээллийг өгөхийн өмнөхөн Х.Баттулга Нарендра Модитой уулзахдаа шугам хоолойн оронд төмөр зам байгуулах тухай санаа оноогоо хэлээд авсан л даа. Тэрбээр үйлдвэрийн дэд бүтцийн ажлууд буюу төмөр зам, автозамын ажил хийгдэж дууссантай өөрийн биеэр очиж танилцсан тухайгаа Модид дуулгасан байна лээ. Мөн Дорнод аймгаас дамжуулах хоолой татах гэхээс илүүтэй тээвэрлэлтийн өөр хувилбар буюу төмөр замаар тээвэрлэх Монголын талын саналыг хүлээн авч, хамтран судалж, дэмжиж ажиллахаар санал нэгдсэн гэх мэдээллийг албаныхан өгч байна. Өмнөх алдагдсан боломж гэхэд болохоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замд 280 сая ам.доллар буюу 720 гаруй тэрбум төгрөг зарцуулахад жинтэй оролцсон манай Ерөнхийлөгч дахин нэг шинэ төмөр замын түүхийг бичилцэх нь бололтой. Дарааллаараа бол үүний өмнө Зүүнбаянгийн төмөр замын “автор”-оор бас тодорсон л доо.
За тэдгээрийг нь ярихаа болиод Дорнодоос Дорноговийн Алтанширээ дэх үйлдвэрт хүрэх төмөр замын талаарх санаачилгыг нь харахад үнэхээр хөрсөн дээр буух боломж бий гэдэгт итгэл дүүрэн байж чадахгүй байна. Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хэлэхдээ “Төмөр зам барьчихвал зөвхөн түүхий тос зөөгөөд байхгүй. Зорчигч тээвэрлэнэ. Зүүн чиглэлийн хөгжилд хэрэгтэй” гэсэн. Тийм байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ төмөр зам бол их зардалтай дэд бүтэц. Энэ дэд бүтцийг эдийн засгийн хувьд ашигтай байлгах маршрут чиглэл мөн үү гэхчлэн дагаж яригдах асуудлууд байж л байна. Өмнө нь 267 километр төмөр замын овоолгод 280 сая ам.доллар зарцуулагдаж байсан бол өнөөдөр яригдаж буй 650 километрийг туулах төмөр замд хэчнээн сая ам.доллар зарцуулагдах вэ? Манай Ерөнхийлөгч Модид төмөр зам санал болгохдоо ямар нэгэн тооцоо судалгаанд тулгуурласан уу? Эсвэл хэзээд төмөр замд үнэнч тэр хандлагаараа ярилцаад ирэв үү? Сонирхолтой л юм. Уг нь тэр газрын тосны үйлдвэр 2023 оны эхний улирал гэхэд үйлдвэрлэлийн шатандаа орчихсон байх хүлээлттэй. Үйлдвэрийн барилгыг нэг тэрбумын зээлээр барьчихлаа гэхэд түүхий эдээ дөхүүлэх дэд бүтцээ шийдээгүй тохиолдолд зүгээр “балгас”-наас ялгаагүй болно. 650 километр замыг туулах дэд бүтэц нь дамжуулах хоолой байх уу, эсвэл төмөр зам байх уу гэдгээс хамаарч олон асуудал үүсэх янзтай.
Эх сурвалж: Өглөөний сонин