20 жилийн өмнөх хийн хоолойн ТЭЗҮ В.Путины ширээн дээр эргэн ирэх нь

  • 0
  • 142
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Байгалийн хийн хоолойг Монголын газар нутгаар дайруулах тухай сэдэв шинэ зууны эхээр буюу 2000 онд бүр Техник эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/  боловсруулах түвшинд яригдаж байсныг сануулахад илүүц болохгүй биз ээ. Тодруулбал, 19 жилийн өмнө Ковыктагийн ордын лицензийг эзэмшиж байсан “Русиа Петролеум” компани байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулан Хятадын хил рүү хүргэх хийн хоолойн урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулахдаа, яг одоогийн яригдаж буй хувилбар болох Трансмонголын төмөр зам болон авто замын дагуух тал нутгаар дайруулан байгуулах тухай яригдаж байсан юм. Тиймээс ч хийн хоолойн тухай сэдвийг “хуучин” гэж  тодотгоод байгаа хэрэг л дээ. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдлыг харахад хийн хоолойн тухай хуучин сэдэв Монголын нийгэм, эдийн засагт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломж бүхий гарц гэдэг утгаараа нэн шинээр дахин “эргэлтэд” орж байгаа дүр зурагтай. Сошиалаар сэвээд л, саваад л байдаг бусад сэдвүүд шиг урагшлахгүй ч ухрахгүй ч он оныг дамнасан хэвээр байх уу, эсвэл Монголын маргааш хийгээд нөгөөдрийг тэтгэх боломжит төсөл болж, биежих үү гэдэгт хэн хүнгүй анхаарал хандуулж байна. Эхэнд хэлсэнчлэн бараг 20 шахам жилийн өмнө ТЭЗҮ боловсруулагдах хүртэлх түвшинд хүрч байсан уг асуудал өнөөдрийн тухайд судалгааны шатанд байгаа гэдгийг тодотгоё.

2000-аад оны ОХУ-ын улс төрийн нөхцөлийг харахад өнөөдрийн В.Путины л эрх мэдлийн үе шүү дээ. Тэгэхээр асуудал ОХУ талаас бол эхнээсээ саад тээггүй байсныг үүнээс эрхбиш ойлгож болно. Байгалийн хийн хоолой дамжуулах асуудлыг цэвэр эдийн засгийн агуулга талаас шийдвэрлэх боломжгүй тул улс төрийн нөхцөл байдлыг анзаарч харах нь зүйтэй л дээ. Эргэн санахад,  2000 онд ТЭЗҮ мэндэлснээс хойш олон жилийн дараа  Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Санкт-Петербургийн Эдийн засгийн форумд оролцох үеэрээ мөнөөх л байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах тухай санал тавьж байв. Нэг талаас энэ нь төр засгийн түвшний ээлжит санал мэт боловч нөгөө талаас байгалийн хийн хоолойн тухай сэдэв улс төрийн талбарт үргэлж шинээрээ, үргэлж анхан шатны түвшинд байсныг илтгэж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр аль түвшинд байна вэ гэж үү? Мөн л шинээрээ байна. В.Путин, Х.Баттулга нар Улаанбаатарт, бас Владивостокийн форум дээр уулзсаны дараа байгалийн хийн хоолойн сэдэв дахин баяжигдлаа. Хоёр орны эрчим хүчний сайд нар уг асуудлыг судлах ажлын хэсгийг байгуулахаар боллоо. Тэгэхээр нөгөөх ТЭЗҮ боловсруулж байсан үетэйгээ харьцуулвал асуудал хэлбэр талаасаа бол эргээд л  эхний шатнаасаа урагшилж байгаа харагдана. Агуулга талаасаа бол дорвитой урагшилж байж болох юм. ОХУ-ын холбогдох албаны хүмүүсийн байр суурийг харахад ингэж үзэх өнцгүүд байна.

ОХУ-ын Үндэсний эрчим хүчний институтийн захирал Сергей Правосудоваас сэтгүүлчид энэ асуудлаар лавлаж тодруулахад анхаарал татсан хариулт өгсөн байна. Тэрбээр “ОХУ-аас БНХАУ руу байгалийн хийн дамжуулах хоолойг Монголоор дайруулах тухай асуудал эхнээсээ л боломжтой гэж яригдаж байсан. Анх энэ тухай яригдахад Хятадууд эсрэг хандсан. Улаанбаатар дамжуулах эрх авах нь Бээжинд ямар нэг байдлаар дарамт үзүүлж магад гэсэн болгоомжлол байсан байх. Харин одоо Хятадууд Монголоос болгоомжлохоо больсонд асуудлын гол байх шиг байна” хэмээсэн байна. Сэтгүүлчид түүнээс БНХАУ яагаад болгоомжлохоо больсон юм бол хэмээн тодотгон асуухад “Хятадууд өөрсдийгөө хүчтэй тоглогч гэдгээ мэдсэн биз ээ. Тэгээд ч Монгол Улс Хятадын эсрэг юу л хийгээ аж. Ийм хоёр том орны дунд байгаа улс яаж ч чадахгүй шүү дээ” хэмээн байр сууриа илэрхийлсэн байх юм. Мөн тэрбээр “Сибирийн хүч-2”  хоолойг Алтайгаар дамжуулах боломж хэцүү байгаа талаар тодотгохдоо “Казахстан, Монгол хоёрын дундуур, өндөр уул бүхий нутгаар дайрах замд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд хамаарах газар байгаа нь нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулж байгаа. Уг газар нутагт байгаль орчинд хохиролгүйгээр хийн хоолой тавьж болно. Гэвч энэ яриа дэлхий даяар тархана. Тэртээ тэргүй барууныхан ОХУ-ын эсрэг байхад энэ нь нэмж асуудал үүсгэсэн хэрэг болно. Монголын нутгаар хийн хоолой дамжих нь Монголчуудад ашигтай. Төлбөр авахаас гадна өөрсдөө хийн хэрэглээгээ хангаж болно. “Сибирийн хүч-2” хоолойн асуудлыг Хятадын талтай 15 жил хэлэлцэж байна. Хятадын баруун нутаг Туркменистанаас хий авдаг. Өөрсдөө хоолойгоо бариад, хямд үнээр хий авч байгаа. Гэтэл Газпром Ямал-Ненецийн автономит тойргоос Европ руу хий нийлүүлдэг үнээрээ Хятадын баруун нутаг тийш хий нийлүүлье гэх юм бол Оросууд та нар яасан үнэтэй хий аваад ирэв ээ гэнэ шүү дээ. Хямд үнээр өгчихөөр Европ барьцана. Тэгэхээр хийн хоолойг Монголын нутгаар дайруулаад Хятадын зүүн хойд болон төвд хий хүргэх нь Туркменистантай ч өрсөлдөхгүй, давуу талуудтай” гэжээ.

/

Мөн ОХУ-ын Эрчим хүчний аюулгүй байдлын сангийн орлогч захирал Алексей Гривач хийн хоолойн асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ Монголын талаас 2018 онд Дорнын эдийн засгийн форум дээр энэ саналыг  тавихад Хятадын талаас судалж үзэхийг мэдэгдсэн. Гэхдээ нэг жилийн хугацаанд ахицтай зүйлс байгаагүй. Харин сая Ерөнхийлөгч В.Путин өөр маршрут судалж үзэх чиглэл даалгавар өглөө. Орос, Монгол хоёр орны харилцаа стратегийн түвшинд шат ахисны дараа ийм үйл явц болж байна. Ер нь эрчим хүчний ийм том асуудлууд, төслүүд улс төрийн элемент заавал агуулж байдаг” гэсэн байна. 

Байгалийн хийг БНХАУ руу нийлүүлэх ОХУ-ын  холбогдох албаны хүмүүсийн хандлага, байр суурийг харахад ийм. 

Тэгвэл байгалийн хий авах  БНХАУ-д бодит эрэлт бий юу гэдэг асуудал анхаарал мөн татаж байгаа. Тус улс байгалийн хийн жилийн хэрэглээнийхээ 60 орчим хувийг дотоодоосоо хангаж буй, дээр нь “Сибирийн хүч-1” хийн хоолой энэ онд ашиглалтад орох гэж байхад нэмж хоолой барих асуудал нэлээд цаг хугацааны дараа л яригдах болов уу гэсэн байр суурийг доктор А.Даваасүрэн илэрхийлж байсан. Мөн эсрэгээрээ БНХАУ шүдний өвчин болсон агаарын бохирдлоо бууруулахын тулд байгалийн хийн хэрэглээгээ улам бүр нэмэгдүүлнэ. Тэгэхдээ БНХАУ-ын одоогийн нөөц ирээдүйн хэрэглээг нь хангаж дийлэхгүй. Тиймээс  ОХУ-аас авах хийн импортоо улам нэмэгдүүлнэ   гэж үзэх судлаачид ч байгаа юм.

Э.Болорхажид   

Эх сурвалж: Zindaa.mn  

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх