Саяхан манай хойд хөрш Оросын Холбооны Улсын нийслэл Москва хотод болсон нацизмыг ялсны 80 жилийн ойн баярын жагсаал сүрлэг боллоо. Улаан талбайд Азербайджан, Вьетнам, Белорусс, Египет, Казахстан, Хятад, Киргиз, Лаос, Монгол, Мьянмар, Таджикистан, Туркменистан, Узбекистаны цэргүүдийн жагсаал явж өнгөрөв. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч ноён Владимир Путины ялалтын баярын үг ядруухан боллоо.
Путин хэлсэн үгэндээ: “Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагааг дэлхийн бүх улсууд дэмжиж байгаа” гэлээ. Үгүй шүү. Энэ дайныг дэлхийд Беларусь, Хойд Солонгос, Иран гурав л дэмжиж байгаа. Хятад далдуур дэмжиж байгаа. Путин мөн хэлсэн үгэндээ “Манай тэмцэлд Холбоотны армиудын цэргүүд, Эсэргүүцлийн хүчнүүд болон болон Хятадын баатарлаг ард түмний оруулсан хувь нэмэрийг бид ихэд үнэлдэг” гэв. Холбоотны армиуд болон Эсэргүүцлийн хүчнүүд чухал хувь нэмэр оруулсан нь үнэн. Харин Хятадын хувьд яг ч тийм биш л дээ.
Дайны тэрхүү жилүүдэд Хятад улс Зөвлөлт улсад туслах бүү хэл, өөрсдөө Япон улсад зүүн хойд хятадын нутгаа алдаад Чан Кайши, Мао хоёр хоорондоо байлдаж иргэний дайн дэгдэж дээр нь Японтой дайтаад сэхэл авах завгүй байсан юм. Харин тэр үед Зөвлөлтийн удирдагч Сталин эхлээд Чан Кайшид тусалж байснаа болиод сүүлдээ коммунист удирдагч Маод цэргийн тусламж үзүүлж иргэний дайнд ялуулж байсан юм.
1945 оны 8 дугаар сард Хятадыг Японоос Зөвлөлт, Монголын арми чөлөөлсөн гэдгийг дэлхий нийт бүгд мэдэж байгаа л даа. Тэр үед АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт Хятад улсад Японтой байлдахад нь зориулж 1 тэрбум долларын зээл тусламж олгож байсан юм шүү. Путины хамгийн том хүндтэй зочин бол Хятадын удирдагч Ши Жипин байлаа. Харин Путин Хятадын удирдагч Ши Жипинтэй уулзаж байхдаа “Бид Украинтай ямар ч урьдчилсан болзолгүйгээр дайныг зогсоох хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэж мэдэгдсэн нь их анхаарал татлаа. Путин өөрийн эхлүүлсэн дайнаа зогсоож чадвал дэлхий нийтэд их л сайн хэрэг болохсон доо.
Путин хэлсэн үгэндээ АНУ тэргүүтэй Холбоотнууд дайны хүнд бэрх жилүүдэд Зөвлөлт Холбоот Улсад хэрхэн тусалсан талаар ганц үг ч ган хийсэнгүй. Дайны үед хамгийн их тусламж үзүүлсэн АНУ болон Их Британи улсын нэрийг ч дурьдсангүй.
Их Британий ард өчнөөн олон колони улсууд нь байсан. Зөвлөлт Холбоот улс дайны эхний жилд тун хүнд байдалд орж зөвлөлтийн 5 сая цэрэгтэй арми нь германий армид бүслэгдээд 4 сая цэрэг нь олзлогдож, хамаг нисэх онгоц, их буу, зэвсгийн агуулахаа устгуулаад байхад нь АНУ, Их Британи хоёр цаг алдалгүй 1941 оноос эхэлж цэргийн хамгийн орчин үеийн техник зэвсэг, буу, сум, дарь тэсрэх бодисоор хангаж тусалж аварсан байдаг юм л даа. Путины илтгэлд дайны жилүүдэд Зөвлөлт Холбоот Улсад ази тивээс хамгийн их тусламж үзүүлсэн Монголын тусламжийн талаар ганц үг ч дурдсангүй нь тун харамсалтай.
Путин харин үг хэлэхдээ: “Дайны жилүүдэд АНУ Зөвлөлт Холбоот улсад 148 тэрбум долларын нефть ба хүнсний бүтээгдэхүүн, цэргийн техникийн 13.0 тэрбум долларын тусламж үзүүлсэн, Их Британи улс дайны жилүүдэд нийтдээ 1 тэрбум 600 сая долларын үнэ төлбөргүй тусламж үзүүлж, Польш, Югослав зэрэг зүүн европын улсуудын хагас сая гаруй байлдагчид Зөвлөлтийн нутагт Германы армийн эсрэг бидэнтэй хамт тулалдаж Зөвлөлт Холбоот улс дайнд ялах гол нөхцлүүдийн нэг болсон юм” гэсэн бол маш шударга, оновчтой, үнэн зөв үг болох байлаа. Путин “Ази тивээс Монгол улс дайны жилүүдэд Зөвлөлт Холбоот улсад 500 000 тонн бэлчээрийн малын сайн чанарын мах, 64 000 тонн сайн чанарын ноос, 500 000 хурдан агт морь, 4.0 сая хонь, хамгийн сүүлийн үеийн байлдааны танк, нисэх онгоц нийлүүлж үлэмж их тусламж үзүүлсэн юм” гээд хэлчихсэн бол шударга зөв үнэлгээ болж манай Монголчуудын магнай тэнийх байв. Ийм шударга үгийг сүүлийн 70 жилийн турш Зөвлөлтийн удирдагчдаас нэг ч хүн Ялалтын баярын үгэндээ эсхүл баярын хурал дээр ганц удаа ч хэлээгүй өнгөрсөн нь их гүрний дээрэнгүй үзэлтэй нь холбоотой биз.
Энэ үгийг хэлэх юм бол “агуу их ялагдашгүй” Зөвлөлт улс доошоо орчих гээд байсан байх л даа. Эдүгээ Орос улс 2022 онд Украины эсрэг дайн өдөөж Оросын цэрэг Украиныг түрэмгийлэн дайтаж хоёр талаас 1.5 сая цэрэг амь үрэгдэж өчнөөн олон сая украйн хүн гадаадад дүрвэж олон мянган украин иргэн, хүүхэд амь насаа алдаад байна.
Эдүгээ дайныг зогсоож энх тайвны хэлэлцээр хийе гэхлээр Орос улс Украины 4 мужийг Орост өг, энэ тэр гээд баахан зүйл шаардаж, бүр сүүлдээ эзлээгүй нутгийг хүртэл Орост өг хэмээн шаардах нь бас л нөгөө их гүрний “ялагчийн өвчин” байх л даа. Орос Украины дайны асуудлыг зохицуулж дайныг зогсоох гэж хэрэндээ чармайсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп одоо Оросын элдэв шаардлагаас залхаж аргаа бараад байна. Орос улс одоо юм бүхэнд агуу их гүрний “ялалт”-ын үзэл суртлаар хандаж байхаа больчих хэрэгтэй л дээ. Гадаадын бүх улстай зүгээр л эрх тэгш харилцах хэрэгтэй. Дэлхий дээр тэр улс дайсны тал, энэ улс манай тал гэдэг үзэл суртал алга болоод удаж байна Одоо цаг бол хорин нэгдүгээр зуун. Техник технологи, оюун ухаан, хөгжил дэвшил, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, итгэл, амар амгалан, энх тайвны зуун гэдгийг одоо болтол оросууд ойлгоогүй гэж үү. Эдүгээ АНУ болон Өрнө дахин Орос улсад гурван жилийн турш эдийн засгийн хориг тавьсан боловч том нөлөө үзүүлж чадсангүй. Учир нь дэлхийн эдийн засгийн хоёр дахь том гүрэн Хятад улс Орос улсыг бүх талаар дэмжиж байгаа, Энэтхэг улс Орос улстай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлж байгаа тул өрнөдийн хориг хоосон цаас болж байгаа юм. Москвад болсон цэргийн жагсаал сүрлэг боллоо. Алтан соёмбот тугаа мандуулсан Монгол улсын цэргийн жагсаал сайхан харагдаж байна лээ.
Манай Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх монгол цэргийн жагсаалдаа хүндлэл үзүүлж ёслож байгаа нь сайхан харагдаж байна лээ. Энэ баярт урилгаар Москвад очсон Монголын малчин ард эмэгтэй, эдүгээ 103 настай “фронт” Цэгмид эмээ тун ануухан бөгөөд ухаан санаа нь саруулхан эрүүл энх тунх байгаа нь гайхамшигтай юм даа.
Оросын ТВ-ээр сэтгүүлч бүсгүй оросын нэгэн ахмад иргэнээс “Та Ялалтын баярт гадаадын ямар улс орнууд ирнэ гэж бодож байна вэ?” хэмээн асуухад тэр ахмад: “Монголчуудаас өөр хэнийг ч хүлээгээгүй.” гэв. “Яагаад хэнийг ч хүлээхгүй гэж? дахин асуухад “Монголчууд бидэнд эсгий гутал, нэхий дээлээр тусалсан...” хэмээн ярьсан нь надад ихэд таалагдав. Оросын ард түмэн монголчууд бидний тусламжийг мартаагүй ажээ. Энэхүү ялалтын баярт Серби улсын ерөнхийлөгч Александр Вучич, Словак улсын Ерөнхийлөгч Роберт Фицо нар ирсэн байлаа. Европын Холбооны улсаас ганц төрийн тэргүүн ирсэн нь Фицо байлаа. Харин ялалтын энэхүү баяр дээр Хойд Солонгосын төлөөлөгчид харагдсангүй. Орос Украины дайнд хошуу дүрж цэргээ алдсан хойд солонгосчууд дэлхий нийтээс нуугдаж байгаа бололтой. Алс холын латин америкаас Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадура ирсэн нь содон харагдаж байв.
Харин дэлхийн хоёр дугаар дайнд орж байгаагүй, Зөвлөлт улсад дайны үед тусалж байгааагүй Вьетнам, Лаос, Мьянмар, Египет гэх мэтийн улсуудын цэргийн жагсаал Улаан талбайд болж байгааг хараад огт ойлгосонгүй. Хэрэв Сталин амьд байгаад энэ бүхнийг харсан бол яах байсан бол?.
Энэхүү ялалтын баярт АНУ , Их Британи, Франц улсын удирдагчдыг урьж цэргүүд нь жагссан бол бүр их утга учиртай шударга явдал болох байлаа. Украиныг ч гэсэн уриад оролцуулсан бол шударга явал болох байлаа. Эх орны энэ дайнд Зөвлөлтийн 15 бүгд найрамдах улс бүгд л их зүтгэл гаргаж оролцсон доо. Азербайжан, Грузины удирдагч нар энэ баяр дээр харагдсангүй. Азербайжаны удирдагч Ильхам Алиев ирээгүй нь оросууд Азербайжаны иргэний нисэх онгоцыг пуужиндан устгаж олон иргэнийг нь хөнөөсөнтэй холбоотой биз. Энэ баярт Абхаз, Өмнөд Осети, Палестин зэрэг тусгаар улсын статусгүй нөхдүүд энд иржээ. Хачирхалтай л юм. “Эсгийг хийх газар нохой хэрэггүй” гэгчээр Эквадорийн Гвиней, Замбабве, Конго, Буркино Фасо, Лаос, Мьянмарын төлөөлөгчид Улаан талбайд ялалтын баярт оччихсон явж байх юм. Алс холын латин америкаас Венесуэл, Бразил, Куба улсаас ерөнхийлөгчийн түвшинд төлөөлөгчид иржээ. Эдгээр улс бол дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлт улсад ганц зоос ч өгөөгүй улсууд. Энэ баярын үед Путин Кубын Ерөнхийлөгчтэй уулзаж Орос улс Куба улсад 1 тэрбум долларын хөрөнгө оруулахаар амлажээ. Дэлхийн энэхүү хоёрдугаар дайнд дэлхийн хүн амын 80.0 хувийг эзэлж байсан 62 улс оролцож, дэлхийн 71 сая 100 000 хүн амь үрэгджээ.
Энэ дайнд хамгийн их санхүү эдийн засгийн хохирол үзсэн улсыг дурдвал, Зөвлөлт Холбоот Улс 610 тэрбум доллар, Герман улс 300 тэрбум доллар, Япон улс 157 тэрбум доллар, Их Британи улс 150 тэрбум доллар, АНУ 137 тэрбум долларын хохирол үзжээ. Дэлхийн улсууд энэ дайнд нийтдээ 1 802 тэрбум долларын хохирол үзжээ.
Энэхүү дайнд хамгийн их хохирол үзсэн орнуудыг дурдвал, Зөвлөлт Холбоот Улс тэр үед буюу 1940 онд хүн ам нь 196.7 сая байсан бөгөөд дайны үед 34.4 сая эрчүүдийг цэрэгт татаж нийтдээ зөвлөлтийн цэрэг, энгийн иргэд нийлээд 26.6 сая хүн энэ дайнд амь үрэгджээ. Германий хүн ам 1940 онд 69.6 сая байсан бөгөөд 17.8 сая эрчүүдийг цэрэгт татаж нийтдээ германий цэрэг, иргэд нийлээд 8.4 сая хүн амь үрэгджээ. Хятад улс тэр үед 517.5 сая хүн амтай байсан бөгөөд 17.2 сая эрчүүдийг цэрэгт татаж, цэрэг, иргэд нийлээд 15.5 сая хүн амь үрэгджээ. Япон улс тэр үед 71.3 сая хүн амтай байсан бөгөөд 9.0 сая эрчүүдийг цэрэгт татаж, цэрэг иргэд нийлээд 2.5 сая хүн амь үрэгджээ. Польш улс тэр үед 34.7 сая хүн амтай байсан бөгөөд энэ дайнд 6.1 сая польш хүн амь үрэгджээ. Их Британи улс тэр үед 47.7 сая хүн амтай байсан бөгөөд энэ дайнд 5.8 сая эрчүүдийг цэрэгт татаж, цэрэг иргэд нийлээд 380 000 хүн амь үрэгджээ. АНУ тэр үед 131 сая хүн амтай байсан бөгөөд цэрэгт 16.1 сая эрчүүдийг татаж, 417 000 хүн амь үрэгджээ. Энэхүү дайнд Монгол улсын 75 цэрэг амь үрэгдсэн гэсэн тоо НҮБ-ын мэдээнд байж байна лээ. Тэр үед Монгол улс дэлхийн энэхүү дайнд 75 хүнээ алдсан бол улаантны аллагын үед 35 000 гэм зэмгүй монгол хүнээ алдсан байдаг юм. Монголчууд дайсны суманд бус, өөрийн суманд олон мянгуулаа үрэгдэж байжээ. Энэ дайнд зөвлөлтийн 26 сая 600 000 хүн амь үрэгдсэн нь зөвхөн дайн тулаанаас гадна зөвлөлтийн харгис дарангуйллын дэглэм өөрийн ард түмнээ харгислан устгаж байснаас болсон бөгөөд дайны явцад зөвлөлтийн цэргийн удирдлага заримдаа буруу шийдвэр гаргаж өөрийн цэргээ хайр найргүйгээр германий цэргийн галын өмнө ямар ч хамгаалалтгүй давшуулж, их бууны зууш болгож цэргээ хэдэн зуун мянгаар нь алдаж байлаа.
Зөвлөлтийн жирийн цэргүүд үнэндээ хоёр талын галын дунд амь насаа олноороо алдаж байсан юм. Урд талаасаа германий хамгийн сүүлийн үеийн их буу, автомат, пулемёт, минометийн галанд өртөнө, ар талаасаа жаахан ухархад л ухарсан цэргийг буудах үүрэгтэй НКВД-ын тусгай цэргийн бууны суманд үхдэг байлаа.
Зөвлөлтийн “Штрафной батальон” гэдэг кино байдаг даа. Яг л тийм байдлаар цэргүүд өөрийн талын суманд үхэж үрэгддэг байлаа. Зөвлөлтийн Цэргийн удирдпагын зарим буруу шийдвэрээс болж дайны сүүлийн саруудад зөвлөлтийн арми АНУ-гаас урьтан Берлин хотыг эзлэн авахаар хэт яарч германий цэргийн сайтар хориглосон намагтай бартаат газраар сохроор давшиж германий армийн нягт ширүүн галд өртөж зөвлөлтийн цэргийг хэдэн зуун мянгаар нь алдаж байлаа. Хүний олноор дайрдаг оросын тактик нь эцэстээ олон сая хүнээ алдахад хүргэсэн юм. Харин АНУ тэргүүтэй холбоотны цэргүүд Франц, Норманд, Италиас Герман руу давшихдаа цэргээ дэмий алдахаас урьдчилан хамгаалж германий сайтар хориглосон бэхлэлтүүдийг оросууд шиг халз дайрахгүй тойрч гараад Германий нутаг руу хохирол багатай давшиж ялсан байдаг юм. Энэ дайнд зөвлөлтийн ард түмэн баатарлаг тулалдаж ялалт байгуулсан. Холбоотнууд ч гэсэн байлдааны техник зэвсгийг бүтээж олноор нь үйлдвэрлэж Зөвлөлт Холбоот улсад хүргэж, хоёрдугаар фронт нээж, баатарлаг тулалдаж бүгдээрээ хамтарч нацизмыг булшилсан юм. Энэ бол үнэн түүх. Ялалтын баярын концерт сайхан боллоо. “Вставай, огромная страна, Хотят ли русские войны, Катюша, Смуглянка, Синий платочек, Эх, дороги, Прощаете скалистые горы, Вечер на рейде, В землянке, Жди меня, Темная ночь, Случайный вальс, Дорога на Берлин” дуу, “Любэ” хамтлагийн Расторгуевын дуунууд, Олег Газмановын дуунууд гээд миний сайн мэддэг орос дуунуудыг сонсоход сайхан л байлаа. Учир нь соцын үеийн монгол залуус бид тэр үед Зөвлөлт Холбоот улсад их, дээд сургуулиудад хэдэн мянгаараа сурч зөвлөлтийн дуу, кино, номуудыг арван хуруу шигээ мэддэг байлаа. Намайг Зөвлөлт улсад оюутан байх үед ТВ-ээр Лев Лещенко “День Победы” хэмээх дууг дуулдаг байлаа.
Эдүгээ 45 жилийн дараа Лев Лещенко яг хэвээрээ тэрхүү дууг дуулахыг үзээд цаг хугацаа зогсчихсон юм шиг санагдав. Казахстан болон Монголд баярын концерт сайхан боллоо. Казахууд цэргийн орос дууг хөрвүүлээд казах хэл дээр сайхан дуулж байна лээ.
Манай Монголд баярын үеэр орос цэргийн дуунуудыг манай залуу дуучид онцгой сайн дуулж байна лээ шүү. Баярын өдрүүдэд Орост бяцхан хүүхдүүдэд цэргийн форм өмсгөж, бяцхан хүүхдийн түрдэг тэргийг хүртэл танк хэлбэртэй болгож, хүүхдүүд буу, танк, нисэх онгоцны олон дүрсийг гартаа барьж яваа нь эвгүй санагдав. Хүүхдийг багаас нь буу зэвсэгт сургах нь буруу. Хүүхдүүд багаасаа ном эрдэм сурч компьютер, үзэг, бөмбөг барьж сурдаг болохоос буу зэвсэг барьж сурах ёсгүй. Цэрэг эх оронч үзэл хэрэгтэй л дээ. Гэхдээ хүүхдийг хүүхэд хэвээр нь үлдээх нь зүйтэй. Эдүгээ Оросын ТВ-ээр бараг гурван жилийн турш өдөр шөнөгүй тасралтгүй дайны кинонуудаа гаргаж өнөөх германийг дайнд ялсан түүхээ улиг болтол нь сурталдах юм даа. Дайн дуусаад нацизм мөхөөд 80 жил болжээ. Одоо тэр үеийн дайныг сурталдаад хэрэггүй шүү. Эдүгээ дайнд ялагдсан Герман, Япон улс хөгжлөөрөө ялж, ард түмнийх нь амьдрал элбэг хангалуун болж, энх тайваныг эрхэмлэдэг баталгаатай улс болчихоод байна. Эдгээр улсын ТВ-ээр дайны тухай суртал ухуулга явдаггүй юм. Дэлхий өөрчлөгдөөд байна. Хүмүүс өөрчлөгдөөд байна. Энх тайван, Эрүүл амьдрал, Баяр баясгалан, Баталгаатай ажил орлого. Энэ бүхэн энэ зуунд хэрэгтэй байна. Хамаг амьтан өвчин зовлонгүй, амар амгалан, аз жаргалтай болтугай.