Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тус зөвлөгөөнд зэвсэгт хүчний салбарын удирдлагууд оролцож, салбарынхаа өнөөгийн нөхцөл байдал, цаашдаа анхаарах асуудлын талаар хэлэлцэж байгаа юм.
Энэ үеэр хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан "Батлан хамгаалахын сэргэлт" бодлогын хүрээнд "Эх орны дуудлага эр цэргийн алба" зорилтыг хэрэгжүүлэх талаар Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт танилцуулж, мэдээлэл өглөө.
Тэрбээр "Манай улсад цэргийн алба хаах насны 240 мянга орчим хүн бий. Үүнээс 4-5 орчим хувь нь цэргийн албыг биеэр хаадаг. Энэ хүмүүс шахалт дарамт, айдас хүйдэс дор цэргийн албыг хааж байгаа.
Хугацаат цэргийн алба хаах хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудад эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх үүднээс "Эх орны дуудлага эр цэргийн алба" зорилтыг дэвшүүлсэн.
Энэ зорилтыг хэрэгжүүлэхээр хугацаат цэргийн алба хаагчдын сургалтын хөтөлбөрийг шинэчилнэ. Тиймээс англи хэл, жолооны, мэдээллийн технологи, эрэлттэй мэргэжлийн сургалтыг нэмэх юм.
Ингэснээр хугацаат цэргийн алба хаагч мэдлэг боловсролтой болж, цэргийн эрдмээс гадна амьдралын ухаанд сургаж, ажлын дөр суулгаад буцаадаг болгоно. Удахгүй сургалтын хөтөлбөр батлагдана. Ийм байдлаар хугацаат цэргийн албаны нэр хүндийг өсгөж, залуучууд өөрийн хүсэлтээр явах бололцоотой болно.
Соён гэгээрүүлэх, сурталчлах, таниулах ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Өнгөрсөн жилүүдэд цэргийн алба хаагчдаас болж зэвсэгт хүчний салбарын нэр хүнд ихээхэн унасан. Судалгаа аваад үзэхэд асуудалтай болсон байсан.
Тусгай салаа гэх кино гарч эхлэх үед зэвсэгт хүчний анги салбар, алба хаагчдын нэр хүнд өссөн. Тиймээс алдаан дээрээ суралцаад цэргийн алба хаагчдын нэр хүндийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт онцгой анхаарч ажиллах ёстой.
Оюутан хөтөлбөр цэрэг ихээхэн нэр хүндтэй байгаа. Нэг жилд 10,000 орчим хүн хүсэлт ирүүлдгээс 1,000 гаруй нь оюутан цэрэгт явдаг.
Зэвсэгт хүчний нэр хүндийг нийгэм, ард иргэдэд өндөр болгох, цэргийн алба хаагчид энэ салбарт ажиллаж байгаагаараа бахархдаг байх шаардлагатай. Хугацаат цэргийн алба хаахын төлөө залуучууд өрсөлддөг болохын төлөө бүгдээрээ анхаарцгаая" гэв.