Бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 10% болгох шийдвэр гаргажээ

  • 0
  • 1643
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гуравдугаар улирлын ээлжит есдүгээр сарын 10, 13-нд хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд

  • Бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэх,
  • Хүүгийн коридорыг бодлогын хүүнээс нэмэх хасах хоёр нэгж хувь болгож өргөтгөх,
  • Банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хэмжээг хоёр хувь нэгж хувиар нэмэгдүүлж 10 хувьд хүргэх,
  • Банкны заавал байлгах нөөцийг тооцох сууриас хасаж тооцож байсан зарим төрлийн эх үүсвэрүүдтэй холбогдох шийдвэрүүдийг хүчингүй болгох шийдвэр гарчээ.

Үүнтэй холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Эдийн засаг, банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв эрсдэлийг харгалзан үзсэн болно. Геополитикийн нөхцөл байдал, улс орнуудын мөргөлдөөн үргэлжилсээр байна. 

Томоохон Төв банкуудын хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлого энэ оноос эхэлж зөөлөрч байгаа нь цаашдаа глобал өсөлтөд эергээр нөлөөлөхөөр байна. Гэхдээ геополитикийн тогтворгүй байдал БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн хүлээлтээс доогуурх гүйцэтгэл нь тодорхой бүс байдлын эрсдэлийг тодорхойлж байна.

Инфляц сүүлийн таван сарын турш өөрийн зорилтын интервалын голчийн орчимд тогтвортой хадгалагдаж, энэ оны наймдугаар сард улсын хэмжээнд 6.5%, Улаанбаатар хотод 6.2%-тай гарчээ.

Инфляц өмнөх сараас нэмэгдэхэд импортын бараа, боловсролын үйлчилгээний үнэ өссөн нь голлох нөлөө үзүүлсэн. Нийлүүлэлт гаднаас шалтгаантай үнийн дарамт хүлээлтээс бага байгааг харгалзан инфляцын энэ оны төсөөллийг бууруулсан. 

Төсвийн тодотголоор ирэх онд дотоод эрэлт тэлж, инфляц өсөх дарамт нэмэгдэх хэдий ч мөнгөний бодлогын хатуу төлөв үргэлжилж, гадаад инфляц бага валютын ханш харьцангуй тогтвортой хадгалагдахаар байгаа тул инфляц зорилтот дээд интервалын орчимд тогтворжих хүлээлттэй байна. 

УИХ-д төсвийн төсөл батлагдаж, томоохон төсөл бүтээн байгуулалтын санхүүжилтийг гадаадын эх үүсвэрээр шийдвэрлэх боломжгүй болох нөхцөлд төлбөрийн тэнцэл муудах, валютын ханш дээрх дарамт нэмэгдэх, инфляц хүлээлтээс давж өсөх эрсдэл байгааг онцлохыг хүсэж байна" гэв. 

"Ирэх онд төсвийн төлөв сулрах, Оюутолгойн зэсийн үйлдвэрлэл эрчимжих, зудын нөлөөлөл арилах зэргээс шалтгаалан эдийн засгийн өсөлт 7-8 орчим хувьтай байна"

Тэрбээр үргэлжлүүлэн "Эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж, энэ оны эхний хагаст 5.6 хувиар өссөн дүн гарсан. Хөдөө аж ахуйгаас бусад бүх салбарт эдийн засгийн үйл ажиллагаа идэвхжиж, өсөлтийг дэмжсэн. 

Өрхийн хэрэглээ сүүлийн таван улирал дараалан 10 хувийг давж өсөж, төрийн байгууллагын хэрэглээ нэмэгдсэн нь өсөлтийг голлон тэтгэсэн. Эдийн засгийн гол салбарууд тэр дундаа худалдаа үйлчилгээ, бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлт хүлээлтээс сайн байгааг харгалзан энэ оны эдийн засгийн төсөөллийг шинэчилж, 5.5 хувь байхаар нэмэгдүүллээ. 

Ирэх онд төсвийн төлөв сулрах, Оюутолгойн зэсийн үйлдвэрлэл эрчимжих, зудын нөлөөлөл арилах зэргээс шалтгаалан эдийн засгийн өсөлт 7-8 орчим хувьтай байна гэж төсөөлсөн. 

Гадаад эрэлт таатай хэвээр байгаа нь валютын цэвэр орох урсгалыг дэмжиж байна. Үүний дүнд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байна. Гэхдээ эдийн засгийн идэвхжил болон төсвийн тэлэлттэй уялдан импортын өсөлт эрчимжиж байгаа нь валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлж буйг онцлох нь зүйтэй. 

Цаашид дэлхийн зах зээл дээр эрдэс түүхий эдийн үнэ, худалдааны түнш орнуудын нөхцөл байдлаас гадна төсвийн төлөв нь төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөцөд голлон нөлөөлнө. 

Инфляц ирэх улирлуудад зорилтот интервалд хадгалагдах, гадаад хүү буурах хүлээлттэй. Үүний мөнгөн хөрөнгийн урсгал, валютын ханш дээрх нөлөө зэргийг харгалзан Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулах шийдвэр гаргасан. 

Банкны салбарын нийт зээлийн өсөлт эрчимжиж, хэрэглээний импортыг урамшуулах, дотоод эрэлтийг өдөөх, цаашлаад санхүүгийн салбарт эрсдэл хуримтлах нөхцөл байдлыг үүсгэж байна. Иймээс Мөнгөний бодлогын хороо зээлийн хэт өсөлтөөс сэргийлж, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, 10 хувьд гаргахаар шийдвэрлэсэн. 

Эдийн засаг сэргэж, зээлийн нийлүүлэлт нэмэгдсэн үед хүүгийн коридор бодлогын хүүнээс нэмэх хасах нэг нэгж хувьд буюу нарийн коридортой байгаа нь мөнгөний захын идэвхжилийг  бууруулж, бодлогын зардлыг өсгөж байгаа тул хүүгийн коридорыг өргөтгөх шийдвэрийг гаргасан. 

Хүүгийн коридорыг өргөсгөж байгаа нь Төв банкны санхүүжилтийг өмнөх түвшинд хэвээр хадгалах нөлөөг үзүүлэх болно" хэмээн ярилаа.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх