Автобусны камераар нэгдүгээр эгнээгээр зорчсон, буудал дээр зогссон 100 гаруй тээврийн хэрэгслийг илрүүлж, торгожээ

  • 0
  • 1495
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1,100 автобусанд теле камер байршуулсан. Теле камерын тусламжтай 06:00-22:00 цагийн хооронд авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж буй автомашин болон автобусны буудал дээр түр буюу удаан хугацаагаар зогсож хөдөлгөөнд саад болж буй жолооч нарын зөрчлийг баримтжуулж буй.

Зөрчлийг Замын хөдөлгөөний Удирдлагын Төвөөс Тээврийн цагдаагийн албанд илгээж баталгаажуулснаас зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцохоор болсон билээ. Өнөөдрийн байдлаар зөрчил гаргасан 100 гаруй тээврийн хэрэгсэлд торгууль ногдуулжээ.

Энэ талаар Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвийн Зөрчил бүртгэлийн хэлтсийн дарга Ш.Гантөмөр “Авто замын нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчуулах зорилгоор автобусанд теле камер байршуулж нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгсэлд торгууль ногдуулж байгаа.

Есдүгээр сарын 1-ний өдрөөс теле камераар зураг дарж торгууль ногдуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нотлох баримт, зургийн шаардлага хангасан 100 гаруй зөрчилд торгуулийн арга хэмжээ аваад байна” гэв.

Автобусны буудал дээр түр болон удаан зогсох, авто замын нэгдүгээр эгнээгээр зорчсон зөрчилд тус тус 20 нэгж буюу 20,000 төгрөгөөр торгохоор хуульд заажээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх