Н.Энхбаяр: Ирэх оны төсвийн төсөлд чухал хөрөнгө оруулалтын төслүүдийг оновчтой эрэмбэлж чадалгүй тойрог, яамдын ашиг сонирхлыг тэргүүнд тавьсан байна

  • 0
  • 1717
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.

УЛСЫН ТӨСВӨӨР ХИЙГДЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛҮҮДИЙН ТОДОРХОЙЛОЛТЫГ ХУУЛЬД ТУСГАХ ШААРДЛАГАТАЙ

-Ирэх 10 дугаар сарын 01-нд эхлэх УИХ-ын намрын чуулганаар нэн түрүүнд хэлэлцэж батлах хуулийн төслүүдийн нэг нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл ирэх оны төсвийн төсөлд хэрхэн анализ хийж ажиллаж байна вэ?

-Төсвийн тогтвортой байдлын зөвлөл Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн төсвийн төсөл, мөн өмнөх онуудын төслийн гүйцэтгэлийн тайланд дүн шинжилгээ хийгээд зогсохгүй тухайн жилийн төсвийн төсөлд иж бүрэн дүн шинжилгээ хийж, дүгнэлт, зөвлөмжөө боловсруулахдаа ҮАГ, ҮСХ, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн дүн мэдээ зэрэг төсвийн гүйцэтгэл, санхүүтэй уялдах олон талын мэдээллүүдийг цуглуулж суурь судалгаагаа явуулдаг. Энэ утгаараа ирэх оны төсвийн төсөлд бид анализ хийж ажиллаж байна. Улсын төсвөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн эрэмбэ дараалал, эдийн засгийн агуулга, үр өгөөж, шаардлагагүй зардлын эрсдэл зэргийг шинжилсэн хэд хэдэн саналуудаа хүргүүлэхээр ажиллаж байна.

-Ирэх оны төсвийн төсөлд орлогыг 33.9 их наяд, зардлыг 35.8 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн байсан. Эдийн засагчид төсвийн хэт тэлэлт нь ирэх онд эдийн засгийн том сорилтыг бий болгоно гэж анхааруулж буй. Төсвийн алдагдлаа нөхөж чадах уу?

-Монгол улсын төсвийн төслийг боловсруулахдаа хэрэгжүүлэх төслүүдийнхээ эрэмбэ дарааллыг зөв тооцоолж тогтоох асуудал чухлаар хөндөгдөх ёстой. Жишээ нь 2025 оны улсын төсвийн төсөл дотор 10-аад жилийн өмнө хөрөнгө оруулалтын жагсаалт гэж 5 хуудас зүйл байдаг байсан бол одоо энэ төсөл 30-аад хуудас болж томорсон байна. Үүн дотор хамгийн чухал улсын хэмжээний холбогдолтой цахилгаан станц, үйлдвэрийн төслүүдийг оруулснаас гадна бүр орон нутагт сумын хэмжээнд хэрэгжүүлж болох төслийг Улсын төсөвт чухал гээд оруулчихсан байгаа юм.

Тодруулж хэлбэл, сумын захиргааны урдуур тавигдах 2 км авто замыг хатуу хучилттай болгох тохижилтын ажил 2025 оны төсвийн төсөлд явж байна. Угтаа тухайн төслийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийчих ёстой зүйл. Бид улсын төсвөөр хийгддэг хөрөнгө оруулалтын төслүүд гэж юуг хэлэх вэ гэдгээ хуулиар зохицуулж өгөөгүйгээс болж сумын аж ахуйн жижиг ажлыг парламентаараа хэлэлцээд сууж байна шүү дээ. Маш харамсалтай.

Мөнгө байгаа л бол хамгийн эхэнд том төслөө зогсоохгүйгээр хийх ёстой гэдгээ чухалчлах ёстой. Цаг алдалгүй дуусгах ёстой 10 гаруй том төслүүд байна шүү дээ. Нефть боловсруулах үйлдвэр, цахилгаан дамжуулах шугам, УЦС гэх мэт. Гэтэл улстөрчдийн тойргийн ашиг сонирхол, салбар яамдын сонирхол гэж шуурсаар байгаад нөгөө улс, үндэсний хөгжлийн том төслүүдээ хоёрт тавьж байна. Хэчнээн мундаг хүчтэй Сангийн яам байгаад төслийн эрэмбэ дарааллыг тогтоож чадахгүй. Салбар яам болгон өөрийн гэсэн амбицтай. Өөрийн салбарын ажлаа л түлхүү явуулах сонирхолтой байж таарна. Тиймээс хуулиар л зохицуулахгүй бол үзэмжээр шийдэгддэг асуудал биш. Өнөөдөр ганцхан журмаар зохицуулж байна.

Энэ алдаа хэвээр байгаа нөхцөлд жилдээ 3 их наяд төгрөг байсан улсын хөрөнгө оруулалтыг 2025 оны төсөв дээр 9 их наяд болгох гэж байна. Өнгөрсөн 2023 оныхтой харьцуулахад 3 дахин өссөн үзүүлэлт гарна. Товчоор хэлэхэд цоорхой хувингаа бөглөөгүй байж усаа нэмж урсгасаар байгаатай адил.

Хамгийн гол асуудал бол төсвийн төслийг батлахаас өмнө хууль эрх зүйн орчин, дүрэм журам нь хэр оновчтой, хангалттай байгаа эсэхийг парламент анхаарч харах ёстой.

Жишээ нь сая 2024 оны төсвийн тодотголд 3 их наяд төгрөгийг яаралтайгаар оруулж ирээд л батлуулсан. Гэтэл Аудитаас жил бүр ЗГ-т алдаагаа засах талаарх дүгнэлт, зөвлөмжүүдийг хүргүүлдэг атал огтхон ч хэрэгждэггүй.

2025 ОНД НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 83.3 САЯ ТОННД ХҮРЭХ БАТАЛГАА БАЙХГҮЙ. ЭДИЙН ЗАСГИЙН ГАДААД ОРЧИН ХҮНД БАЙГАА

-Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьж танилцуулахдаа манай улсын гол экспортын түүхий эд болох нүүрсний экспортыг 83.3 сая тоннд хүргэнэ гэж мэдэгдсэн. Уул уурхайн салбараас олох орлого, тэр дундаа нүүрсний экспортоос олох орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж байна гэж зарим судлаачид шүүмжилж байна. Та эдийн засагч хүний хувьд үүнийг юу гэж харж байгаа вэ?

-Нүүрсний экспортын биет хэмжээнд мэргэжлийн байгууллагаас судалгаа яаж ч хийсэн Засгийн газарт хүлээж авах сонирхол төдийлөн байдаггүй юм шиг байгаа юм. Учир нь төсвийн орлогоо тооцож байгаа нь Сангийн яам учраас. Тэд бол экспортын хэмжээг нэмэгдүүлнэ, орлогоо төлөвлөсөндөө хүргэнэ л гэдэг. Яагаад ингэж итгэлтэй хэлж ирсэн бэ гэвэл ковидын дараа Хятадын эдийн засаг сэргэж, сэргэлтээ дагаад гангын үйлдвэрлэл нь идэвхэжсэн учраас коксожсон нүүрсний эрэлт нэмэгдсэн явдал.

Нөгөө талаар Хятад улс дулааны эрчим хүч, УЦС, нар, салхины сэргээгдэх эрчим хүч, атомын эрчим хүч гэсэн дөрвөн төрлийн эрчим хүчний үйлдвэрлэл явуулж байна. Эдгээрээс УЦС-ийн хувийн жин нь маш өндөр. Хүчин чадал нь маш өндөр мөртлөө байгаль цаг уураас хамаарч бороотой жил сайн ажиллаад гантай жил хүчин чадал нь буурдаг. Энэ савлагаанаас хамаарч дулааны эрчим хүчний нүүрсний хэрэглээ нь хэлбэлздэг. УЦС-ийн хүчин чадал буурахад нүүрсний хэрэглээ нь нэмэгддэг.

Коксожсон нүүрсний хувьд сүүлийн хоёр жил гангын үйлдвэрлэл нэлээд идэвхтэй байсан учраас манай экспорт дагаад өссөн үзүүлэлттэй явж байгаа. 2023 оны байдлаар БНХАУ-ын импортоор авсан коксжих нүүрсний 78 хувийг ОХУ, Монгол Улс хангасан байна. 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар тус улсад нийлүүлж байгаа нүүрсний экспортоороо Индонези улс тэргүүлж, ОХУ удаалж, манай улс гуравдугаарт байна. Австрали улс манай улсын араас бичигдэж байгаа. Гэхдээ Австрали улс нүүрсний нийлүүлэлтээрээ манай улстай тун ойрхон хэмжээнд дөхөж байна. Магадгүй энэ оны эцэст гэхэд нийт дүнгээрээ зэрэгцэх байх. Тиймээс ЗГ ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа нүүрсний экспортыг тогтвортой өсгөнө гэж хэт өөдрөгөөр хэлж байгаа нь маш хүнд амлалт. Хоёр жилийн өмнө нүүрсний экспорт өссөн үзүүлэлтийг бид үгүйсгэхгүй. Гэхдээ энэ тоонд тулгуурлаж цаашаа өснө гэж тооцоолж байгаа нь аюултай.

Ялангуяа Хятадын гангын үйлдвэрлэлийг өрнөдийн орнууд харахдаа маш хямд өртөгтэй гангаар зах зээлийг нь эзлэх гэж байгаа учраас түүнээс болгоомжилж Европын холбоо, АНУ-ын зүгээс хориг тавьж эхэлж байна. Саяхны нэг жишээ нь Хятадын цахилгаан автомашин дээр Европын холбоо нэмэлт татвар тогтоочихлоо. Хэт хямд үнэтэй ган дэлхийн худалдааны байгууллагын дүрэм, журмаараа хориотой байдаг.

Өөрөөр хэлбэл хэт хямд үнэтэй бүтээгдэхүүнээр нөгөө зах зээлээ эзэлж болохгүй гэсэн дүрэмтэй. Хэрэв нийлүүлбэл хүлээж авч байгаа улс орон нь нэмэлт татвар төлнө гэсэн журам мөрдөгддөг. Тиймээс АНУ болон Европын холбооны зүгээс хятадын ган дээр нэмэлт татвар ноогдуулах магадлал тун ойрхон байна. Тэд юуг хүлээгээд байгаа вэ гэхээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх 11 дүгээр сард болно. Тэр хүртэл цочмог шийдвэр гаргахгүй нь мэдээж. Харин шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Хятадын худалдааны бодлогын эсрэг шийдэмгий арга хэмжээ авах болов уу гэсэн таамаглалыг олон улсын судлаачид гаргаж байна. Тиймээс энэ үйл явдал ирэх 2025 оны эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үзэж болно.

Үүнээс гадна Орос-Украины дайнтай холбогдолтойгоор АНУ-ын зүгээс Хятадын талд байнга шүүмжлэлтэй байр сууриа илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл ОХУ-д янз бүрийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээ зогсоох тухай асуудал яригддаг. Энэ агуулгаар харсан ч АНУ-д шинээр сонгогдох Ерөнхийлөгчийн байр суурь ямар байх нь тодорхой.

Манай гол худалдан авагч зах зээл геополитикийн эрсдэлтэй нөхцөлд байгаа гэдгээ бид анзаарах ёстой. Энэ бүгдийг тооцоолж ирэх оны төсвийг хэт өөдрөгөөр төсөөлж болохгүй гэдгийг дахин сануулмаар байна.

Нөгөөтэйгүүр том төслүүдийн сөрөг үр дагавар нь хавар тендер зарлахад дагаад импорт нэмэгдэнэ. Энэ оны эхний 8 сарын байдлаар манай улсын импорт 26 хувиар өссөн. Өнгөрсөн 2023 онд 5 тэрбум ам.долларын ашигтай ажилласан гадаад худалдааны тэнцэл энэ онд багасчихсан, импорт өссөн учраас 2-3 тэрбум ам.доллар болж буурсан байна. Үүн дээр нэмж бүтээн байгуулалт зарлахаар нөгөө 2-3 тэрбум ам.долларын гадаад худалдааны тэнцлийн ашиг алга болно гэсэн үг.

Импорт 30-40 хувь өсөхөд гадаад валютын нөөц багасна. Импортын төлбөрөө эсрэгээрээ их хийнэ. Монголбанкнаас мэдээлдэг урсгал тэнцлийн алдагдал улам л их болно. Төв банканд байгаа валютын нөөц багасах тусам ханш тогтворгүй болох эрсдэлтэй. Тэгэхээр энэ бүх эрсдэлийг аудит ч Монголбанк ч хэлж байна. Парламентын гишүүд аль аль талаас нь харж, судалж төсөв дээр шийдвэрээ гаргах ёстой.

Ер нь манайх шиг сар, 14 хоногийн дотор төсөв хэлэлцээд баталдаг улс орон өөр хаана ч байхгүй. Улсын төсөв бол онцгой, маш чухал ач холбогдолтой зүйл.

Тиймээс Хууль, тогтоомжийн тухай хуульд байгаа яаралтай горимоор хэлэлцэх гэдэг асуудлаас төсвийн тухай хуулиудыг бүгдийг нь хасах ёстой. Ердийн горимоороо, олон талын байр суурийг сонсож, нухацтай хэлэлцдэг байх нь чухал. Эцсийн шийдвэрийг парламентын гишүүд л гаргана.

УИХ-ын тухай хуулиараа шийдвэр гаргах эрх нь УИХ дахь Байнгын хороодод бий. Тэгэх тусмаа төсвийн асуудал дээр Төсвийн байнгын хороо л шийдвэр гаргах эрхтэй. Мэргэжлийн байнгын хорооны зүгээс олон талын санал дүгнэлтийг сонсоод шийдэх нь зөв юм байна гэдэг саналаа УИХ-д гаргана. Яг энэ горимоороо явахгүй байгаа нэг том алдаа бол намын бүлгийг амбиц гэх зүйлд чирэгдэж байгаа юм. Угтаа УИХ-ын тухай хуульд зааснаар намын бүлэг бол тухайн парламентад суудалтай намуудын бодлогод байр сууриа илэрхийлэх үүрэгтэй гэж зааснаас биш шийдвэр гаргана гэж заагаагүй.

Гэтэл намын бүлгүүд шийдвэр гаргаад гаргасан шийдвэрээ байнгын хороонд хүргүүлэхдээ манай намын бүлэг ийм шийдвэр гаргалаа та нар ингэж шийдээрэй гэж бараг тулгаж байгаа. Зүй нь Төсвийн байнгын хороо төсвийн асуудлаа хэлэлцэж байхад намын бүлгүүд хуралдаанд зөвхөн саналаа л хэлэх ёстой. Харамсалтай нь энэ дэглэм алдагдаж байгаа тал ажиглагдсаар байгаа. Байнгын хороогоор дэмжихгүй байгаа асуудлыг намын бүлэг нь завсарлага авч байгаад дэмжиж шийдэж байгаа тохиолдолд ч байна. Парламентын тогтолцоо ийм байдлаар гажуудаж болохгүй юм л даа. Чуулганд тухайн асуудал эрхэлж байгаа Байнгын хороо саналаа оруулж хэлэлцүүлэх нь өөрөө эрүүл зарчим юм.

Засгийн газрын оруулж ирсэн төслийг батлах эрх нь парламентад байна. Гэхдээ ЗГ-ын төсөл бүрийг заавал батлах ёстой гэсэн агуулга биш шүү дээ. Үүнийгээ манай гишүүд маш сайн ойлгоосой гэж хүсэж байна.

​​​​ЭРХ БАРИГЧ НАМ СОНГУУЛИАР АМЛАСАН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙНХӨӨ ЯГ ЭСРЭГ АЖИЛЛАХ ГЭЭД БАЙНА

-2025 оны төсвийн төслийг хэр устай, тооцоолол муу төсөл болсон гэж та болоод танай зөвлөл дүгнэж байна вэ?

-Гол асуудал нь нэмээд байгаа хөрөнгө оруулалтын зардлууд байна. Жишээ нь сая 2024 оны төсвийн тодотголоор яригдсан НДС, ЭМДС-ийн зардлууд байна. Иргэд хүртэл үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа. Чанартай эрүүл мэндийн үйлчилгээ даатгалаараа авч чаддаггүй. Зарим хувийн эмнэлгийн даатгалаар үзүүлэх үйлчилгээг хүртэл зогсоочихлоо шүү дээ. ЭМДС зөв голдирлоороо явж чадахгүй байгаагийн илрэл илт байна.

Нэг жишээ дурдахад, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өндөр зардалтай эмчилгээний зардлыг ЭМДС-аас даана гээд санхүүгийн нөөц боломжоо тооцоогүй шийдвэр гаргаснаас болж санд байсан хэдхэн төгрөгөө цөөхөн өвчтөний эмчилгээний зардалд өгчхөж байгаа юм. Гэтэл ЭМД бүх хүнд ижил тэгш үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл, сайхан сэтгэлээр асуудалд хандахаас гадна түүний үр дагаварт гарах санхүүгийн зардлыг нөхөж чадах уу гэдэг тооцооллыг хийх нь маш чухал. Энэ мэт урсгал зардлууд төсөл дээр ч их харагдаж байна.

Хоёрдугаарт хөрөнгө оруулалтын чиглэлд 14 том төсөл гаргаж ирээд санхүүжүүлнэ гэж яриад байгаа. Тэгвэл үүн дээр сонгуулийн амлалтуудын нь бид эргэж харах ёстой. Сонгуулийн үеэр улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа “Алсын хараа-2050”-д нийцүүлсэн гэдэг. Түүнийг нь Аудит үзээд нийцсэн байна гээд дүгнэлтээ гаргачихсан. Тэр мөрийн хөтөлбөрүүдийг иргэд, сонгогчид буцааж харах хэрэгтэй.

Тухайлбал, парламентад олонх суудал авсан МАН-ын мөрийн хөтөлбөрт төсвийн зарлагыг ДНБ-ны 25 хувиас доош байлгана гэж амласан. Тэр зорилт нь гэтэл өнөөдрийн хамтарсан ЗГ-ын мөрийн хөтөлбөрт байхгүй. Олон нийтэд амлахдаа бид цомхон төртэй байна. Төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлээ дэмжинэ гэх мэт амлалтуудыг сонгуулийн үеэр өгч байсан. Гэтэл одоо хийж байгаа ажил нь түүнийхээ эсрэг явах гээд байгаа юм. Хувийн ААН-үүдийн хийж болох том төслүүдийг төр хийнэ гэчихсэн. Ган, зэс хайлуулах үйлдвэрийг төр барина. Газрын тос боловсруулах үйлдвэрийг төр хийнэ гэх мэтээр. Энэ бол зах зээлийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлаад хувийн хэвшил хийх ёстой төслүүд шүү дээ. Төсвийн зарлагыг ДНБ-д эзлэх хэмжээг бүр 40 хувьд хүргэнэ гээд ирэх оны төсөв дээр явж байна.

Төр хувийн хэвшилд тулгуурласан олон тулгуурт өмчтэй эдийн засаг байна гээд Үндсэн хуульд бичээстэй байгаа. Үндсэн хуулиа дагаж мөрдөх ёстой атал мөнгө нь байгаа учраас бид төсвийн хөрөнгөөр том төслүүдээ баръя гэдэг популист төсөл боловсруулж болохгүй.

Гагцхүү төр зайлшгүй хийх ёстой ажил бол эрчим хүчний бүтээн байгуулалт, магадгүй улсын чанартай авто зам. Тиймээс төсвөөр санхүүжүүлэх төслүүдээ ач холбогдлоор нь эрэмбэлээд түүндээ хүч, хөрөнгөө төвлөрүүлэх талаар л манай зөвлөл санал оруулж байгаа юм.

Сая ЗГ-ын гүйцэтгэлийн тайланг парламентаар хэлэлцсэн. Түүн дээр байгаа төрийн өмчийн хөрөнгийн дүнг авч үзэхэд улсын хөрөнгө ДНБ-ны 80 хувьтай тэнцэж байна. Хангалттай их байна. Тэгтэл үүнийг дахиад нэмэх тухай ярьж байна. Гэтэл эсрэгээрээ өнгөрсөн онд төрийн өмчийн газруудын оролцоог багасгая гэж удаа дараа ярьсан. Төрийн өмчит үйлдвэрийн газрууд дээр хөрөнгө мөнгө их үрэгдэж, үр ашиггүй зардлууд их гарч байгаа асуудлыг олон хэлэлцүүлгүүдээр яригдаж ирсэн. Гэтэл өнөөдөр түүнийгээ мартаад дахиад л төрийн өмчийн газруудаар бүх ажлаа хийлгэх гэж байна. Тиймээс энэ бол зөвхөн төсвийн тухай асуудал биш улс орны хөгжлийн бодлогын асуудал гэдэг утгаар УИХ-ын гишүүд сайн бодох ёстой.

ИРЭХ ОНД ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 8 ХУВЬД ХҮРЧ ЧАДАХГҮЙ. 5-6 ХУВЬ БАЙХ УРЬДЧИЛСАН ТООЦООЛОЛ БИЙ

-Ерөнхий сайд 2025 оны төсвийн төслийг УИХ-д танилцуулахдаа ирэх онд эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэнэ гэж хэлж байсан. Боломжийг та юу гэж харж байна?

-Эдийн засгийн төсөөллийг хуулиар хүлээсэн чиг үүргээрээ гурван байгууллага хийж байна. Түүний нэг нь Монголбанк. Мөнгөний бодлогоо боловсруулж байна. ЗГ-ын тухай хуульд зааснаар ЭЗХЯ макро эдийн засгийн асуудал хариуцаж байгаа. Хуучин Сангийн яаманд байсан институци ЭЗХЯ руу шилжиж очсон.Тэд эдийн засгийн суурь тооцооллыг хийж байна. Гуравт манай Төсвийн тогтвортой байдлын зөвлөл багтаж байгаа. Төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулахад шаардлагатай эдийн засгийн тусгай тооцооллыг хийдэг. Яг энэ чиглэлийн эрдэмтэд, профессорууд манай зөвлөлд ажиллаж байна.

Бид ирэх оны эдийн засгийн өсөлтийг 8 хувь гэж тооцоолоогүй. Сангийн яаманд манайх шиг институц байхгүй. Тэгэхээр тэр тооцооллыг хэн тооцож гаргав гэдгийг УИХ-ын гишүүд ЗГ-аас лавлаж асуух ёстой. Үндэслэлтэй тооцооллоор гаргаж ирсэн юм уу, эсвэл бодож байгаад хэлчихсэн таамаг уу гэдгийг анхаарах л хэрэгтэй.

Яг мэргэжлийн тооцоолол хийж байгаа дээрх гурван институц бол 8 хувьд хүрнэ гэж үзэхгүй байгаа. Харин бид 5-6 хувьд байх болов уу гэсэн тооцооллыг хийгээд буй.

 

Ярилцсанд баярлалаа

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх