БНХАУ-аас Засгийн газрын баталгаатай 173.6 тэрбум төгрөгийг дамжуулан зээлсэн “Бэрэн” группийн өр найдваргүй авлагад оржээ

  • 0
  • 147
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Эрүүл мэндийн даатгалын сангаас хэдэн хувь нь эрүүл мэндэд, хэдэн хувь нь амралт, сувилалд зарцуулагдсан бэ.

Тендергүй зарцуулсан төсөл, хөтөлбөр байгаа юу.

Хоёрдугаарт, Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангаас 100 гаруй тэрбум төгрөгийг Чингис хаан банканд байршуулсан байгаа. Үүнийг яаж олж авах вэ. Найдваргүй зээл болгоод бүртгэчихсэн байна.

Боловсролын сангаас хэдэн хүн зээл авсан бэ. Найдваргүй авлага байгаа юу.

Нэг гайхшируулж байгаа зүйл нь гаднын зээл, тусламжийг дамжуулаад хувийн хэвшил, төрийн өмчит компанид олгосон нэлээн өндөр дүнтэй зүйл харагдаж байна. “Бэрэн” группэд нийт 239 тэрбум төгрөг олгосон байна. Үүний эргэн төлөгдөх асуудал ямар шатандаа байгаа вэ гэдгийг тодруулъя.

Үндэсний Аудитын Газрын дарга Д.Загджав: Эрүүл мэндийн даатгалтай холбоотой аудитын дүнг харьяалах байнгын хороон дээр дэлгэрэнгүй хариулна. Эндээс тодруулж асууна гэвэл манай гүйцэтгэлийн аудитор хариулна. Аудитаар илэрсэн зөрчил, дутагдлыг хуулийн хүрээнд арга хэмжээ аваад явж байгаа. Бид бүх ажлаа хийгээд л явж байгаа.

Эрүүл мэндийн даатгалын сан болон Боловсролын зээлийн санд 2023 онд хийсэн аудитаар “хязгаарлалттай” гэдэг дүгнэлт өгсөн.

Гүйцэтгэлийн аудитор: ЭМДС нь эрүүл мэндийн байгууллагад өгдөг тусламж, үйлчилгээний санхүүжилтэд 1.4 их наяд төгрөг, эмийн хөнгөлөлтөд 80 тэрбум, үйл ажиллагааны зардал 10.3 тэрбум төгрөг, шимтгэлийн илүү төлөлтөд 0.3 тэрбум төгрөг зарцуулсан. Нийт 1.6 их наяд төгрөгийн төсөв зарцуулсан. Нийт төсвийн 85-87 хувь нь эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний чиглэлд зарцуулагдсан.

Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга н.Цогбадрах: 2023 онд ЭМДС-гаас 111 улсын эмнэлэгт 860.7 тэрбум төгрөг 231 эмнэлэгт 217.2 тэрбум төгрөг, 328 сумын эрүүл мэндийн төвд 175.8 тэрбум төгрөг, 216 өрхийн эмнэлэгт 171.8 тэрбум төгрөг, 1,656 эмийн санд 89.9 тэрбум төгрөг, 50 лабораторид эрт илрүүлгийн 36.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Сангийн яамны хэлтсийн дарга н.Тулга: “Бэрэн” групптэй холбоотой асуултад хариулъя.

Энэ төслийг 2012 онд БНХАУ-ын 239.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сангийн яам болон Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулсан. Зам тэвээр, барилга хот байгуулалтын яам нь цаашаа “Бэрэн” групптэй 173.6 тэрбум төгрөг, “Цагаан хуаран консалтинг” ХХК-тай 65.6 тэрбум төгрөгийг дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулаад “Өр, авлагын аливаа асуудал үүссэн тохиолдол арбитрын шүүхээр шийдвэрлэнэ” гэж тухайн хувийн хэвшилтэй гэрээ байгуулсан байсан. Одоо хэр арбитрын маргаан үүсгээгүй байгаа. Хугацаа хэтэрсэн авлагад бүртгэсэн байгаа.

Гаднаас авсан энэхүү зээлийг УИХ-аар батлуулсан. Арилжааны шинж чанартай, эдийн засгийн үр ашигтай зээл учраас Өрийн удирдлагын хуулиар дамжуулан зээлдүүлэх үүрэгтэй байдаг.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Сувилалтай холбоотой зардал дээр тодорхой хариулт авъя. Олон улс төрч иргэдийг сувилалд явуулдаг. Тэгсэн хэр нь эмчилгээн дээр мөнгөгүй болсон гээд байх юм.  

“Бэрэн” группэд Засгийн газрын баталгаа гаргаад өгчихсөн байна. Энэ зөрчлүүд дээр ямар арга хэмжээ авсан бэ.

Үндэсний Аудитын Газрын дарга Д.Загджав: Тендергүй төслийн тухайд 2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 7 их наяд 376.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 1,139 төсөл арга хэмжээг төлөвлөсөн. Үүнд гүйцэтгэлийн аудит хийж үзэхэд тендергүй зарласан төсөл, хөтөлбөр байхгүй байсан.

Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга н.Цогбадрах: ЭМДЕГ Чингис хаан банканд 30.8 тэрбум төгрөг ийн үлдэгдэлтэй, Капитал банканд 78.5 тэрбум буюу нийт 109.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх