Хүүхдийг эрсдэлд хүргэх траншейны нүх, золбин нохойтой зэрэг орчныг орон нутгийн байгууллагуудтай хамтран засаж, сайжруулахыг зөвлөжээ

  • 0
  • 64
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Суралцагчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, цэцэрлэг болон сургуулийн орчинд аливаа хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх чиглэлээр дараах зөвлөмжүүдийг Боловсролын яамнаас Боловсролын ерөнхий газарт хүргүүлсэн байна.

Үүнд:

1. Хичээл, сургалтын үйл ажиллагааны эхний долоо хоногт суралцагчдад дасан зохицох, сургууль, анги хамт олонтойгоо нэгдэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, суралцагчийг бие, сэтгэл санааны хямралд өртөх, айдас түгшүүрт автахаас сэргийлэх;
2.Хичээлийн жилийн турш хүүхэд эрсдэлт нөхцөлд байгаа эсэхийг үнэлэх, зөвлөгөө өгөх, хүүхэд бүрийн нийгэм, сэтгэл зүйн асуудлыг илрүүлэх, тандан судлах арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэх;
3. Суралцагч хоорондын болон суралцагч, багш, ажилтан, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хоорондын харилцаанаас үүссэн зөрчил, хүүхдэд тулгарсан бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
4. Суралцагч тодорхойгүй шалтгаанаар хичээлдээ ирээгүй тохиолдолд гэр бүл, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нэн даруй мэдэгдэж, холбогдох арга хэмжээ авах;
5. Энэ хичээлийн жилийн зорилтод тусгагдсан "Цэцэрлэг, сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал, эрүүл, аюулгүй байдал-Нэгдүгээрт" арга хэмжээг талуудын оролцоотой үр дүнтэй зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
6. Суралцагчийн сэтгэцийн эрүүл мэндэд анхаарч, амиа хорлох, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор, хөнөөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг мэргэжлийн байгууллагын удирдлага дор тогтмол зохион байгуулах;
7. Цэцэрлэг, сургууль дээр зохион байгуулж буй аливаа үйл ажиллагааг хүүхдийн насны мэдрэмжтэй төлөвлөж, суралцагч бүрийг үе тэнгийнхний дарамт, ялгаварлан гадуурхалд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй суралцах орчин, нөхцөлийг бүрдүүлэх;
8. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрогт хамаарах орчны "Аюулгүйн зураглал"-ыг гаргаж байршуулах, хүүхэд бэртэх, гэмтэж болзошгүй (хогийн цэг, траншейны нүх, золбин нохойтой хэсэг гэх мэт) хэсэг, гэрэлтүүлэг, камергүй хороо, гудамж, булан тохой, газрыг зураглалд тэмдэглэж, анхааруулга сэрэмжлүүлэг өгөх, хүүхдийг эрсдэлд хүргэж болзошгүй орчныг засаж, сайжруулах ажлыг орон нутгийн байгууллагуудтай хамтарч зохион байгуулах;
9. Хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагааг суралцагчийн сайн дурын үндсэн дээр хувийн онцлог, сонирхол, хэрэгцээнд суурилан, хүний нөөц, багшийн ур чадвар, орон нутгийн онцлог зэргийг харгалзан сургууль, нутгийн захиргааны болон мэргэжлийн байгууллагыг түшиглэн суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн оролцоотой зохион байгуулах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх;
10. Сургууль дахь үе тэнгийнхний дарамт, ялгаварлан гадуурхалтын нөхцөл байдлыг тогтмол үнэлэх, "эрсдэлтэй газрууд"-ад насанд хүрэгчийн хараа, хяналтыг сайжруулж, олон нийтийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх;
11. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүүхдэдээ тавих анхаарал халамж, хараа хяналтыг сайжруулах, "гараас гарт" хөдөлгөөнийг өрнүүлэх;
12. Сургуулийн эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг хүүхдийн аюулгүй байдлыг хангахад нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, хүүхдэд үзүүлэх хөгжлийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлж, удирдлагаар хангах.
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх