Оюутолгой компани өнгөрсөн улиралд ₮26.3 тэрбумыг орон нутгийн хөгжлийн төслүүдэд зарцуулжээ

  • 0
  • 121
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

“Оюу толгой” ХХК 2024 оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа өнөөдөр танилцууллаа. 

Өнгөрсөн II улиралд Оюу толгой ХХК "Говийн оюу хөгжлийг дэмжих сан" болон "Ханбогд сумын хөгжлийн хурдасгуур" сангаар дамжуулан 26.3 тэрбум төгрөгийг орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрүүдэд зарцуулсан байна. 

Үүний 80 хувь нь орон нутгийн дэд бүтэц, 20 хувь нь орон нутгийн хүүхэд залуус иргэдийн боловсрол эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн ажилд зарцуулагджээ. 

"Ханбогд сумын айл өрхийн тал хувь нь цэвэр, бохир усны сүлжээнд бүрэн холбогдлоо"

Тухайлбал: 

  • Ханбогд сумын гэр хорооллын бүсэд цэвэр усны 20 км, бохир усны 18 км шугам сүлжээг барьж байгуулан сумын 1,000 гаруй айл өрх, 60 гаруй аж ахуйн нэгжийг холбосон. Тус сумын нийт айл өрхүүдийн тал хувь нь цэвэр, бохир усны сүлжээнд бүрэн холбогдлоо.
  • Өмнөговь аймгийн үйлдвэрлэлийн бүсийг цэвэрлэх байгууламжид холбох бохир усны шугамын ажлыг барьж байгуулан хүлээлгэн өгсөн.
  • Аймгийн төвийн үйлдвэрлэлийн бүсэд хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг барьж байна. 
  • Оюу толгой ХХК-н санхүүжилтээр баригдсан зургаа дахь цэцэрлэг болох 200 хүүхдийн багтаамж бүхий шинэ цэцэрлэгийн барилгын ажлыг дуусгаж хүлээлгэн өгсөн. 
  • Ханбогд сумын боловсролын хөгжил 2030 бодлогын баримт бичгийг боловсруулж дууслаа гэдгийг тус компанийн Бүсийн эдийн засгийн хөгжлийн мэргэжилтэн онцоллоо. 

Оюу толгой компани боловсрол сургалтын хүрээнд хийсэн ажлуудаасаа дараах зүйлсийг онцлов. 

  • Олон улсад өрсөлдөхүйц монгол ажилтныг бэлтгэх зорилгын хүрээнд ажилтнууддаа мэдлэгийг нь сэргээх, аюулгүй ажиллагаа, манлайлал, харилцаа зэрэг чиглэлээр энэ улиралд 345,000 цагийн төрөл бүрийн сургалт орсон байна. 
  • 2024 онд 29 шинэ төгсөгчийг шалгаруулж авсан. 19 чиглэлд Оюу толгой ХХК-д ажиллана. 
  • ШУТИС-тай хамтарч хэрэгжүүлсэн геотехникийн хөтөлбөрийг 16 оюутан амжилттай дуусгаж эхнээсээ Оюу толгой ХХК-д ажиллаж байна. 
  • Олон улсын тэтгэлэгт геотехник болон гүний уурхайн чиглэлд гурван оюутанд олон улсын тэтгэлэг өгсөн. 
  • Монгол-Германы технологийн их сургуультай хамтраад орон нутгийн ахлах ангийн сурагч нарт зориулсан STEAM хөтөлбөрийг хэрэгжүүлж амжилттай дууссан байна. 

Түүнчлэн дундаж цалин хөлсийг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа бөгөөд наймдугаар сарын 1-нээс хамтын хэлэлцээгээ хоёр үйлдвэрчний эвлэлийн холбоотойгоо хамтран эхлүүлээд байгаа аж. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх