УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр дараах хуулийн төсөл болон үйл ажиллагааны хөтөлбөрийг өргөн мэдүүлсэн. Үүнд:
- Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай,
- 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
- Нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл,
- 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
- 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
- Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа “Алсын хараа-2050”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” зэрэг Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж, 2024 оны УИХ-ын сонгуулиар парламентад суудал авсан Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, ХҮН намын сонгуулийн мөрийн хөтөлбөр дэх нийтлэг зорилтуудыг тусгасан талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон аж.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон хууль тогтоомжийн төсөл өргөн барьсантай холбогдуулан Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар болжээ.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар